Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

  2020        07          23                                   2020/ШЦТ/599

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч П.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн 2011 00000 0546 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 37-654 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,

-Урьд 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 330 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

-2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

-2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба түүний цагдан хоригдсон 389 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хорих ялыг бүрэн эдэлсэнд тооцож шүүх хурлын танхимаас суллаж шийдвэрлэсэн,

-2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр биечлэн эдэлж дууссан,

-2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шйитгүүлсэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдлэж байгаа/,

  П.Э, регистрийн дугаар //,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд хамт архи ууж байсан найз болох О.Амартүвшинтэй маргаж улмаар түүний эрүү, уруул орчимд төмөрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найзындаа хоноод гэртээ харих гээд явж байхдаа Амартүвшинтэй таарсан. Би Амартүвшинд утсаа алдсан талаар хэлэхэд Амартүвшин “Манайд очьё” гэсэн. Амартүвшин архи авсан байсан. Би Амартүвшинтэй хамт гэрт нь очиж авсан архийг нь уусан. Амартүвшин эхнэрээ байнга зоддог. Өмнө нь эхнэрээ хөрөөгөөр хөрөөдөж, алхаар толгойг нь хагалаад манайх руу хөөж явуулдаг байсан. Манай гэр 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шатсан. Миний эхнэр 70 хувийн түлэгдэлтэй учраас гэртээ ганцаараа байх хүндрэлтэй байдаг. Би өдрийн цагаар зах дээр гэр барьж, гэрийн мод тааруулдаг ажил хийдэг. Миний эхнэр бие нь таталдаад өвдөөд нуруундаа хүрч чаддаггүй. Амартүвшингийн эхнэр манай эхнэрт тусалж, түлэгдсэн хэсэгт нь тос түрхэж өгдөг. Би Амартүвшингийн эхнэрт “Чи Амартүвшингийн гарын шүүс болж байхаар манай гэрт очиж бай” гэж байнга хэлдэг байсан. Би багын найзтайгаа зодолдсон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Амартүвшингийн гэрээс гарч явсан. Амартүвшин миний араас гарч ирээд “Дариа хаана байна?” гэж асуусан. Би “Мэдэхгүй” гэж хэлсэн. Тэр үед намайг хавсарч унагаагаад намайг худаг, дэлгүүр хоёрийн хооронд маш удаан зодсон. Амартүвшин “Чамайг гараар зодож дийлэхгүй бол өөр юмаар зодъё” гээд гэр рүүгээ гүйж ороод төмөр турба барьсан гарч ирээд над руу чиглээд гүйсэн. Дэлгүүрийн хаалганы хажууд скүүтэр байсан. Би тэр скүүтрийн үрүүлээр дэлгүүрийн булангаас гарч ирээд цохисон. Намайг турбагаар цохихоос нь өмнө би өрсөөд скүүтрийн үрүүлээр цохисон. Намайг тэр турбагаар нэг л цохисон бол би ухаан алдах байсан байх. Би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч О.Амартүвшингийн “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Нарантуул 2 зах дээр очиж 6м яндан зарчихаад зах дээрээс тавилга зөөх ажил хийж дуусчихаад хамт ажил хийсэн Гүйдэггүй Сүхээтэй гэгчтэй хамт 0.75 граммын Их монгол нэртэй архи авч гудамжинд хувааж уусан юм. Ингээд би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Зам гүүрийн автобаазын орчимд явж байгаад багийн найз болох П.Этай тааралдсан бөгөөд П.Э бага зэрэг согтуу байх шиг байсан юм. Айлд хоночихоод явж байна, тэр айлдаа утсаа алдчихлаа гэхээр нь би гэртээ дагуулж очоод хоол идүүлээд байж байтал би эхнэртэйгээ маргалдсан чинь манай эхнэрийг П.Э “манайд очиж амьдар” гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд манай эхнэр Цагаандарь цүнхээ аваад гараад явсан бөгөөд удалгүй араас нь П.Э гараад явсан юм. Хашааны гадаа гарчихаад П.Э орилоод байх шиг байхаар нь би гараад очиход манай эхнэр байхгүй байсан ба П.Э ганцаараа зогсож байсан юм. Намайг янз бүрээр хараагаад “ална шүү" энэ тэр гээд байхаар нь араас нь очсон чинь П.Э гүйгээд хашааны булан руу ороод алга болсон. Би араас нь гүйгээд очиход нарийхан төмөрөөр миний эрүү, уруул орчимд нэг удаа цохиод авсан ба би арагшаа савж унасан юм. Ингээд би ухаан алдсан юм. Сэрэхэд П.Э болон манай бэр дүү Оюунбилэг байсан юм. Ингээд түргэн ирээд хамтдаа гэмтэл явсан. П.Э бид хоёр 61-р сургуульд 5 дугаар ангид байхдаа хамтдаа сурдаг байсан багийн найз юм. Үе үе уулздаг холбоотой байдаг найзууд байгаа юм. Тухайн үед би болон П.Э бид хоёр согтуу байсан бөгөөд манай эхнэрийг надтай хэрэлдэж байхаар П.Э манай гэрт очиж амьдар гээд, байхаар нь би уурласан бөгөөд түүнээс болж л намайг цохисон гэж бодож байна. Миний доод уруулын дотор гадар хэсэгт тус бүр 2 оёдол тавиулсан бөгөөд дагз хэсэгт 4 оёдол тавиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Г.Оюунбилэгийн “... 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай хадам ах 15 цагийн үед яндан зарна гээд гараад явсан бөгөөд өөрөө яндан хийдэг юм. Ингээд 16 цагийн орчимд хадам ах Амартүвшин найз П.Э-ы хамт хоёулаа согтуу ирсэн юм. Хадам ах Амартүвшингийн гэр нь манай хашаанд байдаг юм. Хадам ах найз П.Э-ы хамт гэртээ орсон бөгөөд 2 цаг орчмын дараа Амартүвшингийн эхнэр болох Цагаандарь уурлаад цүнхээ бариад гараад явж байгаа харагдсан юм. Удалгүй хашааны гадаа П.Э ах орилоод байгаа чимээ гарсан бөгөөд Амартүвшин ах гэрийнхээ үүдэнд сууж байгаад араас нь гүйгээд гарахаар нь би араас нь дагаад гарсан, тэгтэл П.Э Амартүвшин ахыг янз бүрээр доромжлоод цаашаа хашааны булан тойроод гүйгээд явсан ба ах Амартүвшин П.Э-ы араас гүйгээд явахаар нь би бас араас нь гүйсэн. Тэгтэл ах булан тойрох гэж байхад П.Э өөдөөс нь гарч ирээд цэнхэр өнгийн нарийнхан урт төмрөөр уруул хэсэгт нь нэг удаа цохиод авахад ах Амартүвшин хойшоо саваад унасан юм. Тэгээд ах ухаан орохгүй байсан энэ үед П.Э сандараад Амартүвшинг сэрээх гээд байсан юм. Нөгөө цохисон төмрөө тэр газартаа орхисон юм. Ингээд ахыг сэрээгээд П.Э ах үүрээд гэрт оруулаад түргэн дуудсан юм. Түргэн ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан юм. Тухайн цохисон гэх төмөр нь Скүүтэр гээд хүүхдийн тоглоомны төмөр байх шиг байсан ба цэнхэр өнгийн нарийн төмөр байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд- Очирын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5430 дугаартай “...О.Амартүвшингийн биед доод уруулд шарх, дагзны хуйханд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, шийтгэх тогтоолын хуурлбарууд зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд хамт архи ууж байсан найз болох О.Амартүвшинтэй маргаж улмаар түүний эрүү, уруул орчимд төмөрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Амартүвшингийн “...Намайг янз бүрээр хараагаад “ална шүү" энэ тэр гээд байхаар нь араас нь очсон чинь П.Э гүйгээд хашааны булан руу ороод алга болсон. Би араас нь гүйгээд очиход нарийхан төмөрөөр миний эрүү, уруул орчимд нэг удаа цохиод авсан ба би арагшаа савж унасан юм. Ингээд би ухаан алдсан юм. Сэрэхэд П.Э болон манай бэр дүү Оюунбилэг байсан юм. Ингээд түргэн ирээд хамтдаа гэмтэл явсан. П.Э бид хоёр 61-р сургуульд 5 дугаар ангид байхдаа хамтдаа сурдаг байсан багийн найз юм. Үе үе уулздаг холбоотой байдаг найзууд байгаа юм. Тухайн үед би болон П.Э бид хоёр согтуу байсан бөгөөд манай эхнэрийг надтай хэрэлдэж байхаар П.Э манай гэрт очиж амьдар гээд, байхаар нь би уурласан бөгөөд түүнээс болж л намайг цохисон гэж бодож байна. Миний доод уруулын дотор гадар хэсэгт тус бүр 2 оёдол тавиулсан бөгөөд дагз хэсэгт 4 оёдол тавиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Г.Оюунбилэгийн “...Удалгүй хашааны гадаа П.Э ах орилоод байгаа чимээ гарсан бөгөөд Амартүвшин ах гэрийнхээ үүдэнд сууж байгаад араас нь гүйгээд гарахаар нь би араас нь дагаад гарсан, тэгтэл П.Э Амартүвшин ахыг янз бүрээр доромжлоод цаашаа хашааны булан тойроод гүйгээд явсан ба ах Амартүвшин П.Эы араас гүйгээд явахаар нь би бас араас нь гүйсэн. Тэгтэл ах булан тойрох гэж байхад П.Э өөдөөс нь гарч ирээд цэнхэр өнгийн нарийнхан урт төмрөөр уруул хэсэгт нь нэг удаа цохиод авахад ах Амартүвшин хойшоо саваад унасан юм. Тэгээд ах ухаан орохгүй байсан энэ үед П.Э сандараад Амартүвшинг сэрээх гээд байсан юм. Нөгөө цохисон төмрөө тэр газартаа орхисон юм. Ингээд ахыг сэрээгээд П.Э ах үүрээд гэрт оруулаад түргэн дуудсан юм. Түргэн ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан юм. Тухайн цохисон гэх төмөр нь Скүүтэр гээд хүүхдийн тоглоомны төмөр байх шиг байсан ба цэнхэр өнгийн нарийн төмөр байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд- Очирын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5430 дугаартай “...О.Амартүвшингийн биед доод уруулд шарх, дагзны хуйханд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч П.Э-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож уг ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1231 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил, 2 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 599 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1231 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ