Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 247

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 94 дүгээр байрны 10 тоотод оршин суух, Бодонгууд овгийн Базаргүрийн Батбилэг/РД:ЖА77080878/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрны 30 тоотод оршин суух, Баягид овгийн Раднаабазарын Ганчулуун/РД:ЧВ60101116/-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

Нэхэмжлэгч Б.Батбилэг,

Хариуцагч Р.Ганчулуун нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  2016 оны 9 сард эхнэр Н.Анхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэрэгт өмгөөлөгчөөр Р.Ганчулууныг авч, өмгөөллийн хөлсөнд 500000 төгрөгийг бэлнээр төлсөн. Бид бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй боловч амаар тохиролцож, би түүнд мөнгө төлсөн. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байсан боловч хүүхдээ өөрөө авч, дундын эд хөрөнгөө хуваалгах хүсэлтэй байсан. Эхний шүүх хурал 2016 оны 9 сарын 20-нд болсон, гэвч нэхэмжлэгч Н.Анхцэцэг өөрөө шүүх хуралд ирээгүй учир манай өмгөөлөгч нэхэмжлэлийг буцаалгах хүсэлт гаргасан учир шүүх нэхэмжлэлийг буцаасан. Энэ шүүх хуралд миний бие өмгөөлөгч Р.Ганчулууны хамт байлцсан. 2016 оны 11 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Н.Анхцэцэг дахин нэхэмжлэл гаргаж, энэ хэрэгт бас

2017. 02. 21 №247

Хөтлөх хэрэгт 4-85 Г.Уртнасан                                                                                                                                  D/disk Шүүхийн шийдвэр 2017 

 

Р.Ганчулуун өмгөөлөгчөөр үргэлжлүүлэн оролцсон. Шүүх хурал болохын өмнө Анхцэцэг өмгөөлөгчтэйгөө хамт надтай уулзсан. Энэ уулзалтанд өмгөөлөгч Р.Ганчулууныг байлцуулах гээд утсаар ярихад “ах нь очиж чадахгүй, өвчтэй байна” гэж хэлэхээр нь “би тэгээд яах юм бэ, та гэртээ ч байхгүй, ажил дээрээ ч байхгүй, хүндрэлтэй байна” гэдэг талаар хэлэхэд миний өөдөөс “хохь чинь” гэж хүртэл хэлсэн. Гэтэл Ганчулуун тэр үед бие нь эрүүл байсан бөгөөд ажлын байр болон гэртээ байхгүй, утас нь холбогдохгүй хүндрэл учруулж байсан. Ингээд тэр уулзалтанд Ганчулуун өмгөөлөгч ирээгүй бөгөөд Анхцэцэг болон түүний өмгөөлөгчийн гаргаж байсан санал надад үнэхээр хүнд санагдаж байсан. Тэгээд би эхнэр болон түүний өмгөөлөгч Урансувд нарын ятгалга, дарамтанд орж эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ эвлэрлийн гэрээгээр бид гэрлэлтээ цуцлуулж, хүүг маань эхнэрийн асрамжинд үлдээснээс гадна дундын эд хөрөнгө болох газар байшингаа эхнэр хүүхдийнхээ өмчлөлд үлдээхээр болсон. Хэрвээ өмгөөлөгч маань ирсэн бол би эвлэрлийн гэрээ байгуулахгүй байсан. Шүүх хурал 2016 оны 12 сарын 19-ний өдөр болж зарлагдахад өмгөөлөгч маань надад олдохгүй байсан ба би шүүх хурлыг хойшлуулах эрхгүй байсан учир өмгөөлөгчөөсөө татгалзаж шүүх хуралдаа орсон. Шүүх бидний эвлэрлийн дагуу шийдсэн. Уг нь би хүүгээ өөрөө авах хүсэлтэй байсан. Иймд өмгөөлөгч Ганчулуун намайг өмгөөлөх үүргээ биелүүлээгүй учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 500000 төгрөгийг маань гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Ганчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батбилэг нь Н.Анхцэцэгийн нэхэмжлэлтэй гэр бүл цуцлуулах иргэний хэрэгт намайг өмгөөлөгчөөр авч, надад 500000 төгрөгийн хөлс төлсөн нь үнэн. Эхний иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхэлж намайг өмгөөлөгчөөр авсан. Эхний хэрэгт миний бие шүүхэд хүсэлтүүдээ гаргаж шийдвэрлүүлсэн ба шүүх хуралдаанд оролцсон боловч нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд ирээгүй, Мөн энэ шүүх хуралдаан болохоос өмнө миний гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх хангаагүй байсан учраас нэхэмжлэгч ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах хүсэлтийг тавьсаны дагуу шүүх эхний нэхэмжлэлийг 2016 оны 9 сарын 20-ны өдөр буцаасан. 2016 оны 11 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Н.Анхцэцэг шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэгт би үргэлжлүүлэн Батбилэгийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хариуцагчийн хариу тайлбар болон хүсэлтүүдийг бичиж өгсөн. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явж байсан бөгөөд миний төрсөн дүү Р.Ганболд эрүүгийн хэрэгт холбогдсон учир энэ ажлаар 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс 12 сарын 09-ний өдөр хүртэл Улаанбаатар хотод ажилтай байсныг Батбилэг өөрөө мэдэж байгаа. Ингээд Улаанбаатар хотоос ирээд миний бөөр өвдөж босож, сууж, явж чадахгүй байсан учраас өрхийн эмнэлэгт үзүүлж 2016 оны 12 сарын 13-ны өдрөөс 12 сарын 16-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан бөгөөд энэ үед болсон шүүх хурлуудыг хойшлуулж байсан.  Энэ үед Батбилэг надруу утсаар яриад Анхцэцэг болон өмгөөлөгч нартай нь уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн нь үнэн. Би тэр үед нь ах нь очиж чадахгүй, өвчтэй байна, түр хугацаагаар хойшлуулчих гэж хэлсэн. Тэгэхэд Батбилэг миний өөдөөс уурлаад байсан. Батбилэг намайг архи уугаад ажлаа хийхгүй алга болчихсон мэтээр яриад байна. Гэтэл би өвчтэй байсан, энэ тухайгаа ч хэлсэн. Батбилэг өмгөөлөгч маань өвчтэй байна гээд уулзалтыг хойшлуулж болох байсан, мөн өмгөөлөгчтэйгөө хамт шүүх хуралд орно гээд шүүх хуралдааныг ч хойшлуулах боломжтой байсан. Надад шүүхээс Батбилэгийн хурал болно гэсэн хурлын мэдэгдэл ирээгүй, би дараа нь шүүх дээр ирээд шүүгчийн туслахаас асууж хурал нь болсон тухай мэдсэн, Мөн нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж шүүх эвлэрлийн дагуу хэргийг шийдвэрлэсэн, мөн Батбилэг намайг татгалзсан тухай шүүхээс л мэдсэн. Батбилэг надад нэхэмжлэгчтэйгээ эвлэрсэн, мөн өмгөөлөгчөөсөө татгалзлаа  гэдгээ ч мэдэгдээгүй таг чиг алга болчихсон. Иймээс Батбилэг нь нэхэмжлэгч талтайгаа өөрийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, улмаар өмгөөлөгчөөсөө татгалзсан нь өөрийн сайн дурын үндсэн дээр хийсэн гэж үзэх бөгөөд өмгөөлөгч миний бие өмгөөлөх үүргээ биелүүлээгүй биш, харин ч 2 удаагийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож,тайлбар хүсэлтүүдээ гаргаж шийдвэрлүүлж өмгөөлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Мөн сүүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг өмгөөлөгчөөр авах тухай хүсэлт гаргаагүй байгаа. Иймд өмгөөлөгч миний бие өмгөөлөх үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Батбилэг нь хариуцагч Р.Ганчулуунд холбогдуулан өмгөөлөх үүргээ огт биелүүлээгүйн улмаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 500000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болон зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Батбилэг нь Н.Анхцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Батбилэгт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Р.Ганчулууныг өмгөөлөгчөөр оролцуулах, өмгөөллийн хөлсөнд 500000 төгрөг төлөхөөр харилцан амаар тохиролцож, түүнд 500000 төгрөгийг бэлнээр төлсөн байх бөгөөд зохигч талуудын дунд Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэхь хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсчээ.

Түүнчлэн талуудын тайлбараар дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2016 оны 9 сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шүүх нэхэмжлэлийг буцаасан байх ба 2016 оны 11 сарын 20-ны өдөр Н.Анхцэцэг нь Б.Батбилэгт холбогдуулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Р.Ганчулуун нь Б.Батбилэгийн өмгөөлөгчөөр оролцож, зохигч талуудын дунд 2016 оны 9 сард үүссэн дээрх хөлсөөр ажиллах гэрээний харилцаа дахин үргэлжилжээ. Гэвч Н.Анхцэцэг, Б.Батбилэг нар нь 2016 оны 12 сарын 13-ны өдөр өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан бах ба Б.Батбилэг нь өмгөөлөгчөөсөө татгалзсаны улмаас нэхэмжлэгч Б.Батбилэг, хариуцагч Р.Ганчулуун нарын дунд үүссэн хөлсөөр ажиллах гэрээ цуцлагджээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь талуудын дунд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, өмгөөллийн хөлсөнд 500000 төгрөг төлсөн, дээрх гэрээний харилцаа дахин үргэлжилсэн, мөн уг гэрээ цуцлагдсан гэх үйл баримтын талаар хэн алин нь маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг өмгөөлөх үүргээ огт гүйцэтгээгүй учир түүнд төлсөн хөлсөө нэхэмжилснийг хариуцагч уг мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэхь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр нэг тал нь ажил, үйлчилгээг гүйцэтгэх /ажиллагч/, нөгөө тал нь тохирсон хөлсийг төлөх /ажиллуулагч/ үүргийг тус тус хүлээдэг.

Уг гэрээний дагуу хариуцагч Р.Ганчулуун нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэхь хэсгүүдэд тус тус зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцож, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах үүрэгтэй. Улмаар хариуцагч Р.Ганчулуун нь өмгөөлөгчийн хувьд өмгөөлөх үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд нэхэмжлэгч Б.Батбилэг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээ цуцалснаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Батбилэг нь хариуцагч Р.Ганчулууны өмгөөлөх үүргээ огт гүйцэтгээгүй, эсхүл дутуу гүйцэтгэсэн болохыг шүүхэд нотолсны эцэст өмгөөлөгч үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцалснаас учирсан хохирлоо шаардах эрхтэй болно.  Гэвч нэхэмжлэгч Б.Батбилэг нь  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Р.Ганчулууныг тухайн үед бие нь эрүүл, архи согтууруулах ундаа хэрэглэн ажлын байр болон гэр орондоо байгаагүй, утсаа авахгүй хүндрэл чирэгдэл учруулж байсан, мөн өмгөөлөгч өмгөөлөх үүргээ гүйцэтгээгүйгээс болж нөгөө талын дарамт, ятгалганд орж эсрэг талтайгаа эвлэрлийн гэрээ байгуулсан гэх тайлбараа шүүхэд нотолж чадаагүй байна.

  Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...миний бие хоёр удаагийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ нэрийн өмнөөс хариу тайлбар, хүсэлт гаргаж байсан, эхний шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийг буцаалгах хүсэлт гаргасан...” гэх тайлбаруудыг эсэргүүцээгүй байх ба хэрэгт цугларсан баримтаар өмгөөлөгч үйлчлүүлэгч нарын дунд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тохиолдолд гэрээ үргэлжлэх, дуусгавар болох эсэх, өмгөөллийн хөлсний хэдэн хувийг буцаан олгох, олгохгүй эсэх тухай харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна.    

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Р.Ганчулуунаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 500000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Батбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэхь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Р.Ганчулуунд холбогдох өмгөөллийн хөлс 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Батбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН