Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

 

 

   2020              07           06                                        2020/ШЦТ/455                                 

                                                                                                                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ын Ө-д холбогдох эрүүгийн 18030 0880 0026 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Агар /тээвэр/, шүүгдэгч Г.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Даариймаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажилллагааны газарт дэд захирал ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ын Ө- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.Ө нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн амны баруун талын хадан хошууны урд замд Мерседес бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.1 заалтын  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүүрмийн 8.2 заалтын “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Хьюндай старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Өы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Хэрэг учрал гардаг өдөр хохирогч Ц.Бын төрсөн өдөр байсан ба би гэртээ харих замдаа түүнтэй холбогдоход “гэртээ ганцаараа байна” гэхээр нь найзын ёсоор очиж аваад, гадуур явсан. Учир нь тэр сэтгэл санаагаар унасан байсан. Бид хоёр хамт явж байхад Б.Б уулзаад, бид нартай хамт явсан. Би тухайн үед жолоо барьж явсан, буцахдаа Э.Сайнхүү манай машинд сууж явсан. Осол гардаг газар зам эргэх газар дээр урдаас машин гарч ирээд би самбаачлах хугацаагаа алдсан. Маш хурдан болж өнгөрсөн. Болсон хэргийн гэм буруугаа ойлгож, сүүлийн 3 жилийн хугацаанд бүх хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18030 0880 0026 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 17х, 18х, 19-25х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бын гэрч, хохирогчоор өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны орой 19 цагийн орчим Өлзийсайхан манай гэрт ирээд бид хоёр Гэгээнтэн хотхонд байдаг “КЬЮ” нэртэй бааранд орсон. Араас Бүрэнжаргал ирж, бид хэд виски ууж, биллъяард тоглож байгаад дараа нь “Минт” бааранд очиж, мөн адил виски ууж байгаад харих гээд, Өлзийсайханы машинд суугаад Зайсан чиглэл рүү Маршалын гүүр гарч, баруун эргээд зүүнээсээ баруун зүгт ойролцоогоор 120 км/цагийн хурдтай явж байсан.

Би тухайн үед урд сууж явсан болохоор ямар км/цагийн хурдтай явж байсныг нь харж байсан юм. Миний санахын өөдөөс автомашины гэрэл туссан. Тухайн зам тойруу, харагдах орчин муу байсан. Тэгээд нэг мэдэхэд би Гэмтлийн эмнэлэгт сэрсэн юм. Бид нарын сууж явсан машин хэний эзэмшлийн машин гэдгийг мэдэхгүй, Бенц маркийн автомашин байсан, улсын дугаарыг нь мэдэхгүй байна.

Өлзийсайхан машиныг жолоодоод, кабинд нь Бүрэнжаргал, түүний найз Сайнхүү, бид дөрөв явж байсан. Ослын улмаас Бүрэнжаргалын хавирга хугарсан гэж сонссон, мөн Сайнхүүгийн хүзүү гэмтсэн гэсэн. Би тархиндаа гэмтэл авч, хагалгаанд орсон. Одоогоор хөдөлмөр эрхлэх чадваргүй болж, групп тогтоолгохоор болоод байгаа. Мөн миний зүүн хөлний өвдөгний тойгны жийргэвч, зөөлөн эд гэмтсэн. Сэтгэл санааны хувьд хохирч байна.

Тухайн үед Өлзийсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, виски, пиво уусан юм. Би мөн адил хэрэглэсэн байсан. Би Өлзийсайхантай найз нөхдийн холбоотой, миний эрүүл мэндэд анхаарах байх гэж жил гаруй хугацаа хүлээлээ. Сүүлд “чиний наад өвдөгний гэмтэл чинь босоо байдлаар учирсан байна, өөр ярих зүйл байвал манай эхнэртэй уулз” гэсэн. Миний эрүүл мэнд муу байна, барьсан тавьсанаа санахгүй, хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон.

...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн эмчилгээндээ нэг жилийн хугацааанд ойролцоогоор 200.0 сая төгрөг зарцуулсан. Үүнээс өнөөдрийн байдлаар баримттай нь 15.5 сая орчим төгрөгийн баримт байгаа. Миний шинжилгээний хариу муу гарсан, миний тархи цаг минутаар агшиж байна. Монголд эмчлэх боломжгүй, гадаад улс оронд удаан хугацаагаар гам барьж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би Өлзийсайханаас илүү мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, зөвхөн эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Миний хүсэл бол эрүүл болох, би одоогоор эрүүл болоогүй байна. Өлзийсайхан надаас “ШТС хийх газар байна уу” гэхэд нь би “надад Нисэхийн зам дагуу 1.5 га газар байна, үүнийг мөнгө болгоод би эмчилгээндээ зарцуулъя” гэсэн байдлаар тохирсон. Гэвч Өлзийсайхан тохирсондоо хүрээгүй. Намайг илүү мөнгө нэхэмжилж байна гэж гүтгэсэн. Би эрүүл болмоор байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. /хэргийн 1-р хавтас 63-64х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бын гэрч, хохирогчоор өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны орой 23 цагийн орчим санагдаж байна, Хан-Уул дүүргийн Гэгээнтэн хотхонд байдаг “КЬЮ”нэртэй бааранд Өлзийсайхан, Баттогтох хоёртой таарсан. Баттогтохын төрсөн өдөр болж таараад тэндээсээ нийлээд “Минт” бааранд орж, Сайнхүүтэй таарсан юм. Тэгээд шөнө 04 цаг өнгөрч байхад гарч, Өлзийсайханы автомашинд суухдаа Сайнхүүг дагуулаад суусан.

Харих замдаа Зайсан чиглэлтэй маршалын гүүр даваад баруун зүгт эргээд явж байсан ба гэнэт түс тас гээд л явчихсан. Нэг мэдэхэд Өлзийсайхан автомашины хаалга онгойлгоод намайг гаргаж байсан. Би ч машинаас буугаад Сайнхүүг машинаас гаргахад Сайнхүүгийн толгойноос цус гарч байсан ба түүнийг замын хажууд суулгахад миний өөрийн бие сонин болоод зам дээр хэвтсэн. Тэгээд байж байтал Онцгой байдлын алба хаагч нар ирээд бид дөрвийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Бенц маркийн автомашин хэнийх болохыг мэдээгүй. Өлзийсайхан машиныг жолоодоод, хажуу талд нь Баттогтох суугаад, жолоочийн арын суудалд Сайнхүү, би Баттогтохын ард нь сууж явсан юм. Ослын улмаас миний зүүн талын 5 хавирга хугарсан байсан, өөр гэмтэл учраагүй. Эмчилгээндээ одоогоор 2.0 сая орчим төгрөг зарцуулсан, баримт байхгүй. Эмчилгээний зардлаа төлүүлээгүй, нэхэмжлэхгүй. “Минт” бааранд ороод бид нар ширээн дээр суугаагүй. Би өөр хүмүүстэй уулзаад явсан болохоор Өлзийсайхан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Би согтууруулах ундаа нилээн хэрэглээд согтох хандлагатай байсан.

Өлзийсайхан тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Замын аль урсгалд, яаж мөргөлдсөн талаар мөн мэдээгүй. Сүүлд замын цагдаагийн зурагтай танилцахад эсрэг урсгалд орж мөргөлдсөн байсан. Одоо миний бие зүгээр, эрүүл болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Өлзийсайхан жолооны үнэмлэхтэй. ...Би эмнэлэгт хэвтэх үедээ толгой, тархины КТГ-ийн зураг авахуулаагүй, толгой тархи гайгүй байсан учир хэвлийн ЭХО-д харуулсан.

...Би Гэгээнтэн цогцолборын гадна Өлзийсайхан, Баттогтох нартай тааралдахад энэ хоёр архи уусан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, миний биед хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байна. Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 87-88х, хэргийн 2-р хавтас 65х, 213х, 3-р хавтас 111х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Алтансүхийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн ам уулын замаар Монгол банкны эзэмшлийн Х.Старекс маркийн 62-35 УНП улсын дугаартай автомашинтай, автомашиныг жолооч Ядамсүрэн жолоодож, арын суудалд Эрдэнэтуяа бид хоёр суугаад, албан ажлаа гүйцэтгэж дуусаад гэртээ хүргүүлэх зорилгоор явж байсан. Тэгээд уулын замын хадан хясаатай тойрог замаар явж байхад өөдөөс хурц гэрэлтэй суудлын автомашин тойрог дээр гэнэт урсгал сөрөөд манай эгнээ рүү ороод ирсэн.

Тэр үед манай жолооч замаа чөлөөлөхөөр баруун гар тал руугаа шахахад нөгөө хар өнгийн автомашин зүүн гар талын хойд хэсгийг хүчтэй мөргөсөн ба манай машин жаахан явж байгаад баруун гар тал руугаа налж хажуу талаараа унасан. Тэр үед би унадаг талын цонхон талд сууж явсан болохоор толгойгоороо хад мөргөсөн. Эрдэнэтуяа захирал миний дээр унасан. Тэгээд бид 3 машинаасаа гарах гээд хаалгаа онгойлгох гэсэн боловч хаалга онгойхгүй, урд талын шилээ хагалах гэсэн боловч бас хагалж чадаагүй. Тэгэхэд гаднаас хаанаас ч юм бүү мэд, хүмүүс ирж жолоочийн хаалгыг онгойлгож, бид гурвыг машинаас гаргасан. Тухайн үед бид 3 нилээн сандарсан байсан ба нөгөө мөргөлдсөн автомашин руу харахад дээшээ хараад хөмөрчихсөн, копут хэсгээс нь гал гарч байсан ба хүмүүс унтраах үйлдэл хийж байсан юм. Тэгээд би өөрийн 99095035 дугаарын утаснаас 102 болон 103, онцгой байдал руу дуудлага өгсөн. Удалгүй онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн алба хаагчид ирээд, 4 хүнийг аваад явсан.

Ослын улмаас миний толгой, нуруунд гэмтэл авсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан. Ойролцоогоор 4.0 сая орчим төгрөг зарцуулсан ба миний эмчилгээний зардлыг нөгөө машины жолооч бүрэн төлж барагдуулсан. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 71-72х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Байгалийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Надад 2017 оны 5 сарын 27-ны өдөр болсон ослын талаар мэдэх зүйл байхгүй. Хэн, хаашаа явж байсан талаар мэдэх зүйл байхгүй. Ямартай ч Монгол банкны албан тушаалтнууд ажил үүргээ гүйцэтгэн явж байсан. Х.Старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашин Монгол банкны эзэмшлийн автомашин байгаа юм. Ослын улмаас Х.Старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Хохирлыг мөнгөн хэлбэрээр бус автомашинтай дүйцэхүйц автомашинаар төлүүлж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 79-80х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Сайнхүүгийн гэрчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 26-ны орой 00 цагийн орчимд намайг гэртээ байхад манай найз Далайбаяр нь ирж аваад “Хоум плаза”-ийн зүүн талд байх “Минт” нэртэй бааранд хамт ороод хэсэг байж байхад Далайбаяр нь “за, за найз нь харилаа” гээд яваад өгсөн. Харин би дотор сууж байгаад танил Бүрэнжаргал ахтай тааралдаад хамт гарахаар болсон. Бүрэнжаргал ах, өөрийн хоёр найзтайгаа хамт явж байсан ба баарнаас гарч тэр хоёр найзтай нь танилцаж, бид нар гэр гэртээ харихаар болоод Өлзийсайхан нь бор шаргал өнгийн Бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, кабинд нь би, Бүрэнжаргал, Баттогтох нарын хамт сууж ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад Маршалын гүүр ороод, уулзвараар баруун гар тийшээгээ эргээд зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр, яг хэдэн км/цагийн хурдтай явсаныг нь анзаараагүй, явж байтал гэнэт тас түс гэх чимээ гараад л явчихсан.

Үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход гадаа толгойгоо барьчихсан зогсож байсан ба хажууд танихгүй ганц хоёр хүн байсан санагдаж байна. Тухайн үед ухаан санаа орж гараад л байсан. Дараа нь Гэмтлийн эмнэлэгт очоод толгойндоо оёдол тавиулахад бүрэн ухаан орсон юм. Энэ үед л шокноосоо гарсан.

Би ганцаараа нийтдээ 0.3 литрийн пиво 3 ширхэг уусан байсан, гэхдээ би өөрийгөө хянаж, авч явах чадвартай байсан. Би Өлзийсайхан, Баттогтох нарыг сайн танихгүй. Ослын улмаас миний нуруу, толгой, хүзүүгээр хөндүүр байсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.

Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг байсан, зам орчны байдлын хувьд гэгээ орсон, цас, бороо ороогүй, хальтиргаа гулгаа байхгүй, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээтэй асфальтан зам байсан. Зам тээврийн осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

...Би 2017 оны 05 сарын 27-ны шөнө гарсан зам тээврийн осол хэргийн талаар өөрийн мэдэх зүйлээ анх цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьж хэлсэн байгаа. Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Мөн би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, уг зам тээврийн осол хэрэгт холбогдуулан гаргах ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлж байсан. Миний биеийн байдал одоо хэвийн зүгээр байгаа. Би Канад улсад суралцдаг болохоор удахгүй сургуульдаа явна. Хэргийн талаар ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ өөрийн гараар бичиж өгөх хүсэлтэй байна.” гэсэн тайлбар мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90х, хэргийн 2-р хавтас 209х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Урансанаагийн гэрчээр өгсөн:

“...Би Э.Сайнхүүгийн төрсөн ээж нь байгаа юм. Хүү маань 2018 оны 8 сард Канад Улс руу сурахаар явсан, ойрын 2 жилдээ ирэхгүй. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Осолд орсон өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад Сайнхүү над руу залгаад “ээжээ, би осолд орчихлоо. “Гранд мед” эмнэлэг дээр байна” гэхээр нь яваад очиход осолд орсон байдалтай байж байсан. Сайнхүүгийн толгой хагарч оёдол тавиулсан, хүзүүний сэртэн яс бага зэргийн цууралттай, нурууны 4, 5-р нугалам цуурсан байсан. Өөр ноцтой гэмтэл учраагүй байсан.

Сайнхүүг эмнэлгээс гарахад жолооч нь гэх Өлзийсайхан гэдэг залуу бүх төлбөр тооцоог нь хийсэн. Сайнхүүгийн эрүүл мэндийн байдал одоогоор сайн байгаа. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 93-95х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ядамсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны өглөө үүрээр 05 цагийн орчим санагдаж байна, Монгол банкны тусгай ажил үүрэг гүйцэтгээд буцаж явах замдаа захирал Эрдэнэтуяа, эдийн засагч Алтансүх нарыг гэрт нь хүргэж өгөхөөр Монгол банкны эзэмшлийн Х.Старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашинтай, автомашиныг би өөрөө жолоодоод, Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн уулын замаар маршалын гүүрний баруун урд замаар баруунаасаа зүүн зүгт ойролцоогоор 20-30 км/цаг хурдтай явж байхад тойрог дээр урдаас хурдтай автомашин ороод ирсэн. Тэгэхээр нь жолоогоо баруун гар тал руугаа дарахад тухайн автомашин манай машины зүүн хойд тал руу маш хүчтэй мөргөсөн.

Манай машин чигээрээ явж байгаад баруун гар талруу налж унасан. Тэгээд машинаасаа гарах гарц хайсан, тэгэхэд тэнд явж байсан автомашины жолооч нар бууж ирээд туслан жолоочийн хаалгыг онгойлгож өгч гаргасан. Машинаасаа бууж мөргөлдсөн машиныг харахад нилээн зайтай, өөдөө харсан байдалтай, мотор хэсгээс нь гал гарч байсныг хүмүүс унтрааж байсан. Тэгээд ажил руу залгаж аюулгүйн албандаа мэдэгдсэн.

...Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Миний хувьд нөгөө талын жолооч хохирлыг бүрэн барагдуулсан гэж бодож байна. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 99-100х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Эрдэнэтуяагийн гэрчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны өдрийн үүрээр нисэхээс гэртээ хүргүүлэхээр Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн уулын замаар Монгол банкны эзэмшлийн Старекс маркийн автомашинтай, автомашиныг Монгол банкны жолооч Ядамсүрэн жолоодоод, арын суудал дээр манай ахлах эдийн засагч Алтансүх, бид хоёр суугаад баруунаасаа зүүн зүгт ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байхад өөдөөс гэнэт машин ирээд миний сууж явсан тал руу мөргөж, манай машин ч хажуу талаараа унасан.

Тэгээд бид гурав машинаасаа гарах гэсэн боловч гарч чадахгүй байсан, тэгэхэд хэдэн хүмүүс бид гурвыг машинаас гаргасан. Тэгээд мөргөлдсөн машиныг харахад Бенц маркийн автомашин байсан ба дээшээ харчихсан байдалтай, урд хэсгээс нь гал гарч байхыг хүмүүс унтрааж байсан. Ослын улмаас нүүрний зүүн болон зүүн гарын тохой хэсэгт шалбарсан, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би ноцтой гэмтэл бэртэл аваагүй учир шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Манай автомашины жолооч болон бид согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 105х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Цэндсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...Тухайн осол хэргийн газарт очиход Бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашины жолооч болон зорчигч нар Гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан ба хэргийн газрын үзлэгийг хийсний дараа Гэмтлийн эмнэлэг дээр очиж, Бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашины жолооч болон хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг драйгер багажаар үлээлгэж шалгасан ба цусны дээж бол аваагүй.

Харин нэг хохирогч ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байсан тул эрчимт эмчилгээний сувилагчаар хохирогчийн биенээс цус авахуулсан юм. Тухайн үед цус авахад тэмдэглэл үйлддэггүй байсан. Бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашинд явсан 3 хүнийг драйгер багаж үлээлгэж шалгасан. Одоо яг хэн нь жолооч байсныг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 107х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Төгсбаярын иргэний хариуцагчаар өгсөн:

“...M.Benz маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашин нь “Петровис вентюр капитал” ХХК-ийн эзэмшлийн автомашин юм. 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө манай компанийн гүйцэтгэх захирал Б.Шинэзаяагийн нөхөр Г.Ө уг машиныг унаж явсан. Тухайн өдрийн орой Г.Ө ажилтай байна гээд аваад явсан. Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Захирал Шинэзаяагаас зөвшөөрөл авч, автомашиныг унаж явсан байсан. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй.

Ослын улмаас автомашинд нилээн эвдрэл гэмтэл учирсан байсан. Уг хохирол төлбөрийг Г.Өаас нэхэмжлэхгүй учир үнэлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн тухайн автомашиныг худалдаж авах хүн байсан болохоор зарж борлуулсан. Г.Ө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 119-120х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гэрэлмаагийн гэрчээр өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Приус 30 маркийн цагаан өнгийн автомашинтай Зайсангаас Амгалан чигт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн Хадан хошуу тойрох үед зорчих хэсэг дээр хоёр автомашин мөргөлдсөн байсан. Нэг нь суудлын автомашин байсан. Дотор нь хүмүүс байсан ба нилээн эвдэрсэн харагдсан. Старекс маркийн автомашинаас хүмүүс нь гарч байсан. Тэгээд би өөрийнхөө 99808936 дугаарын утаснаас 102-т дуудлага өгсөн. Би тэр замаар явж байсан болохоор өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 235х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Цолмонгийн гэрчээр өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 27-ны шөнө Ривер гарден хотхонд гэртээ цонхоо нээгээд унтаж байхад машин чийхнах, түс тас хийх чимээ сонсогдон хүмүүс орилон хашгирах үед сэрсэн. Тэгээд балкон дээрээ гараад харахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн баруун талын Хадан хошууны урд замд хар өнгийн суудлын автомашины дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай, урд хэсгээс нь утаа гараад шатаж байгаа бололтой, галын хор байна уу гэх зорчих хэсгээр өнгөрч байгаа автомашинуудаас хүмүүс асуух дуу чимээ цуурайтан сонсогдож байсан. Нэг автомашин нь модны завсраар орчихоод, юу ч харагдахгүй байсан. Тэгээд би өөрийнхөө 99114706 дугаарын утаснаас 102 руу залган дуудлага өгсөн. Би автомашинууд мөргөлдөх чимээгээр сэрсэн болохоор ослыг хараагүй. Би осол болсон газар очоогүй. Дуудлага өгчихөөд буцаад унтаад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 236х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Авирдарийн гэрчээр өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд такси бариад маршалын гүүрнээс Зайсан орохоор явж байтал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн Хадан хошуу тойрох үед зорчих хэсэг дээр хоёр автомашин мөргөлдсөн осол гарсан байсан.Тэгээд би өөрийнхөө 99083541 дугаарын утаснаас 102-т дуудлага өгсөн. Би зүгээр хажуугаар нь л өнгөрсөн болохоор юу ч санахгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 237х/,

 

15. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 14345 дугаартай:

1. Ц.Бын биед баруун чамархай ясны шугаман далд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, 2 өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 126-127х/,

 

16. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 7876 дугаартай:

1. Д.Алтансүхийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 151х/,

 

17. ШШҮХ-ийн шинжээчийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 2020 оны 4 сарын 21-ний өдрийн 581 дугаартай:

1. Б.Бын биед зүүн талын 4, 5, 6, 7, 8-р хавиргануудын хугарал, цээжний зүүн хөндийд хий, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Б.Бын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 119-121х/,

 

18. Хохирогч Ц.Бын ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 128-143х/,

 

19. Хохирогч Ц.Боос: “...Г.Ө нь миний эмчилгээний зардалд 38.417.174 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 50.000.000 төгрөг тус тус нөхөн төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 2-р хавтас 124х/,

 

20. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 6 сарын 11-ний өдрийн 1677 дугаартай:

“Hyundai Starex 65-32 УНП дугаартай Монгол банкны эзэмшлийн автомашин нь зүүн хойд талаасаа хүчтэй мөргүүлсний улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан байна. Үүнд: кабины зүүн хойд хэсэг чихэгдэж урагдсан, кабин хойд хэсэг бүхэлдээ гажсан, зүүн хоёр хаалга, баруун хойд хаалга чихэгдсэн, зүүн хойд кабины шил хагарсан, баруун урд толь хугарч хагарсан, зүүн хойд обуд хагарсан, зүүн хойд гар хэвтэй тэнцүүлэгч тасарсан, хойд депранцаль хагас голын хамт хугарсан байна.

..Нийт шууд зардлын дүн 10.265.000 төгрөг, шууд бус зардлын дүн 2.000.000 төгрөг, техникийн эвдрэл, хохирлын нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 12.265.000 /арван хоёр сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг” гэсэн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 166-168х/,

 

21. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 854 тоот:

1. Осол хэргийн материалын зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтээр авагдсан замын тэмдэглэл болон орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, гэрчийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчдийн гэмтэгсдийн гэмтлийн талаарх дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд Бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”,

мөн түүнтэй хамт явсан гэх гэрчийн мэдүүлэг, жолоочийн согтуурал шалгасан магадлагаагаар Драйгер-0.66%-ийн согтолттой байсан нь дүрмийн 2.7-д “Жолоочид доор дурдсан зүйлийн хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

Х.Старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ядамсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд мөргөлдсөн гэх тээврийн хэрэгслүүдийн оношилгооны болон автотехникийн шинжилгээний дүгнэлтүүд байхгүй тул уг зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслүүдийн техникийн байдал нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

3. Зам тээврийн осол хэргийн анхны хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авагдсан 2, 3, 4, 20 дугаартай фото зургийн цувралаас осол гарсан гэх газар /М.Бенц маркийн автомашины явсан гэх чиглэл талаас/-ын зорчих хэсэг нь огцом эргэлттэй, 7.1 буюу хоёр, гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарласан үргэлжилсэн цагаан шугамаар тэмдэглэгдсэн байх ба М.Бенц маркийн автомашины жолооч тухайн хэсэгт тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний чигийг өөрчлөх боломж бүхий хурдыг сонгож яваагүйгээс эсрэг урсгал сөрж, урдаасаа чиглэлтэй явсан Х.Старекс маркийн автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 170-171х/,

 

22. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 854 тоот дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн:

1. Ослын газрын үзлэгээр авагдсан 2 автомашин мөргөлдсөн “А” цэгийн байрлалыг үндэслэхэд М.Бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 173х/,

 

23. Шүүгдэгч Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 218х/,

 

24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Өы гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 27-ны өдөр Баттогтохын төрсөн өдөр болоод гэрт нь очиж уулзсан. Тэгээд төрсөн өдрийг нь тэмдэглэхээр Гэгээнтэн хотхонд байдаг “КЬЮ” нэртэй бааранд орсон юм. Тэнд Бүрэнжаргалтай таараад, хөгжим сонсож, биллъярд тоглож байгаад “Минт” бааранд орсон.

Тэгээд шөнийн 04 цаг өнгөрч байхад баарнаас гарцгаасан. Би уугаагүй байсан учир нөгөө хоёрыг хүргэж өгөхөөр машиндаа суугаад хүлээж байхад Баттогтох, Бүрэнжаргал хоёр үл таних нэг залуутай хамт машинд суусан. Би Баттогтохыг хүргэж өгөхөөр Зайсан чиглэл рүү эхнэр Б.Шинэзаяагийн эзэмшлийн Бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож Маршалын гүүр гараад, баруун зүгт эргэж уулын замаар ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байхад эргэлтэн дээр өөдөөс Старекс маркийн автомашин гараад ирсэн.

Тэгэхээр нь би баруун гар талруугаа дарахад машины бөгс шаравсан ба түс тас гээд л явчихсан. Цаашаа юу болсоныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд машинаасаа гараад ирсэн байсан. Старекс маркийн автомашин Зайсангийн уулын замаар баруунаасаа зүүн зүгт явж байсан, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Ослын улмаас Баттогтох, Бүрэнжаргал, Сайнхүү нар гэмтсэн. Яг ямар гэмтэл авсан талаар мэдэхгүй байна. Би мөн тухайн үед зөөлөн эдийн гэмтэл авсан байсан. Тухайн үед жолоодож явсан машин одоо байхгүй, сэлбэгээр зарчихсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод зүрх салганаад, бие чичрээд, шокийн байдалтай байсан ба  эмийн сан орж зүрхний эм асуухад “долоогоны ханд уучих” гэсэн. Тэгээд тэрнээс нь аваад уучихаад байж байхад Замын цагдаагаас хүмүүс ирээд драйгер багаж үлээлгэхэд 0.66 хувьтай, “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна” гэсэн.

Тэрнээс биш би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Сонсгосон зүйл заалтын 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 гэсэн зүйл заалтыг бол хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар бүгдийг нь хэлж ярьсан. Нэмж хэлэх зүйл байхгүй байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүгдийг төлж барагдуулсан. Эмчилгээний зардлыг баримттай баримтгүй нэхсэн мөнгө болгоныг төлсөн.

Тухайн осол гарах үед Старекс машины дотор 3 хүн явж байсан юм байна лээ. Би тухайн үед нь мэдээгүй, дараа нь мэдсэн. Тухайн хүмүүс гэмтэл авсан эсэхийг мэдэхгүй байна, сүүлд “3 хүн явж байсан, хохирол барагдуул” гээд 10.0 сая орчим төгрөг авсан.

Мөн Старекс маркийн автомашины эвдрэлийг үнэлүүлсэн байсан. Тэгээд Монгол банкны удирдлагаас “шинэ машин авч өгөөд, энэ машиныг өөрсдөө ав” гэхээр нь Солонгос Улсаас адилхан машиныг оруулж ирж өгч, хохирлыг нь барагдуулсан.

...Би Баттогтохын эмчилгээнд нийт 50.0 сая орчим төгрөг өгсөн. Бүрэнжаргалд бол мөнгө төлөөгүй, харин Сайнхүү өөрөө хэрэгцээндээ 5.0 сая төгрөг авсан. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1хх 192-193, 195х, 2-р хавтас 223-224х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 224х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа баримтууд /хэргийн 2-р хавтас 40х/, Монгол Улсын Гадаад харилцааны яамны тодорхойлолт баримт /хэргийн 2-р хавтас 136х, 3-р хавтас 208-210х/, Өлзийсайхан овогтой Сараана, Өлзийсайхан овогтой Нандина, Өлзийсайхан овогтой Сутай нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 2-р хавтас 137-139х/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хэргийн 3-р хавтас 210-213х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Өы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ө нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн амны баруун талын хадан хошууны урд замд Мерседес бенц маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.1 заалтын  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүүрмийн 8.2 заалтын “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Хьюндай старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх зам тээврийн осол хэргийн улмаас Хьюндай старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашинд зорчин явсан иргэний нэхэмжлэгч Д.Алтасүхийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол, Хьюндай старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашины эд анги эвдэрч гэмтэн, Монгол банкны эзэмшил өмчлөлийн эд хөрөнгөд нийт 12.265.000 төгрөгийн хохирол учирсан болох нь:

- “Д.Алтансүхийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 7876 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 151х/,

- “Hyundai Starex 65-32 УНП дугаартай Монгол банкны эзэмшлийн автомашин нь зүүн хойд талаасаа хүчтэй мөргүүлсний улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан байна. Үүнд: кабины зүүн хойд хэсэг чихэгдэж урагдсан, кабин хойд хэсэг бүхэлдээ гажсан, зүүн хоёр хаалга, баруун хойд хаалга чихэгдсэн, зүүн хойд кабины шил хагарсан, баруун урд толь хугарч хагарсан, зүүн хойд обуд хагарсан, зүүн хойд гар хэвтэй тэнцүүлэгч тасарсан, хойд депранцаль хагас голын хамт хугарсан байна. ..Нийт шууд зардлын дүн 10.265.000 төгрөг, шууд бус зардлын дүн 2.000.000 төгрөг, техникийн эвдрэл, хохирлын нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 12.265.000 /арван хоёр сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг” гэсэн Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 6 сарын 11-ний өдрийн 1677 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 166-168х/,

- Д.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн ам уулын замаар Монгол банкны эзэмшлийн Х.Старекс маркийн 62-35 УНП улсын дугаартай автомашинтай, автомашиныг жолооч Ядамсүрэн жолоодож, арын суудалд Эрдэнэтуяа бид хоёр суугаад, албан ажлаа гүйцэтгэж дуусаад гэртээ хүргүүлэх зорилгоор явж байсан. Тэгээд уулын замын хадан хясаатай тойрог замаар явж байхад өөдөөс хурц гэрэлтэй суудлын автомашин тойрог дээр гэнэт урсгал сөрөөд манай эгнээ рүү ороод ирсэн. Тэр үед манай жолооч замаа чөлөөлөхөөр баруун гар тал руугаа шахахад нөгөө хар өнгийн автомашин зүүн гар талын хойд хэсгийг хүчтэй мөргөсөн ба манай машин жаахан явж байгаад баруун гар тал руугаа налж хажуу талаараа унасан. Тэр үед би унадаг талын цонхон талд сууж явсан болохоор толгойгоороо хад мөргөсөн. ...Ослын улмаас миний толгой, нуруунд гэмтэл авсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан. Ойролцоогоор 4.0 сая орчим төгрөг зарцуулсан ба миний эмчилгээний зардлыг нөгөө машины жолооч бүрэн төлж барагдуулсан. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 71-72х/,

- Г.Байгалийн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны өдөр болсон ослын талаар мэдэх зүйл байхгүй. Хэн, хаашаа явж байсан талаар мэдэх зүйл байхгүй. Ямартай ч Монгол банкны албан тушаалтнууд ажил үүргээ гүйцэтгэн явж байсан. Х.Старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашин Монгол банкны эзэмшлийн автомашин байгаа юм. Ослын улмаас Х.Старекс маркийн 65-32 УНП улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Хохирлыг мөнгөн хэлбэрээр бус автомашинтай дүйцэхүйц автомашинаар төлүүлж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 79-80х/,

- иргэний хариуцагч Г.Төгсбаярын: “...M.Benz маркийн 27-59 УНБ улсын дугаартай автомашин нь “Петровис вентюр капитал” ХХК-ийн эзэмшлийн автомашин юм. 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө манай компанийн гүйцэтгэх захирал Б.Шинэзаяагийн нөхөр Г.Ө уг машиныг унаж явсан. Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Захирал Шинэзаяагаас зөвшөөрөл авч, автомашиныг унаж явсан байсан. Ослын улмаас автомашинд нилээн эвдрэл гэмтэл учирсан байсан. Уг хохирол төлбөрийг Г.Өаас нэхэмжлэхгүй учир үнэлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн тухайн автомашиныг худалдаж авах хүн байсан болохоор зарж борлуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 119-120х/ баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” болон “энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

Хэргийн шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Г.Өыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ц.Б, Б.Б болон хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Алтансүх, эд хөрөнгөд хохирол учирсан иргэний нэхэмжлэгч Монгол банк /төлөөлөгч Г.Байгаль/ нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрх бүхий этгээдүүд юм.

 

Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Ц.Бод 88.417.174 төгрөгийг түүний эмчилгээ, үйлчилгээний зардалд тооцон нөхөн төлсөн, мөн иргэний нэхэмжлэгч Монгол банкны эд хөрөнгийн хохирлыг биет байдлаар буюу ижил төрөл маркийн тээврийн хэрэгсэл өгч барагдуулсан, Д.Алтансүхийн эмчилгээний зардлын 4.0 сая гаран төгрөгийг нөхөн төлсөн хэмээн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тус тус мэдүүлж, тэдгээр нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн /хэргийн 1-р хавтас 71-72х, 79-80х, 2-р хавтас 124х, 3-р хавтас 111х/ баримттай байна. 

Иймд гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Г.Өаас гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Ө нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 1-р хавтас 224х/ байна.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг, түүнчлэн шүүгдэгч нь эмчийн хяналтанд байдаг гэх бие, эрүүл мэнд /геморрой өвчтэй/-ийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал /Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажилллагааны газарт дэд захирал ажилтай/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан журам зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Г.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г-ын Ө-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Г.Өд оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт Г.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б, Б.Б, иргэний нэхэмжлэгч Д.Алтансүх, Г.Байгаль /Монгол банк/ нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТБОЛОР