Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 251

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүгч Ш.Алтанцэцэг, Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 30 дугаар байрны 51 тоотод оршин суух, ЖЭ54050101 регистрийн дугаартай, Хатагин овгийн Балдангийн Уранчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Маршал хотхоны 76 дугаар байрны 32 тоотод оршин суух, ЦД72091236 регистрийн дугаартай, Боржигон овгийн Дамдингийн Ганбатад холбогдох,

 Эмчилгээний зардал 2300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Иргэдийн төлөөлөгч Д.Туяа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Уранчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 12 сард Дорнодоос Улаанбаатар хот орохоор Д.Ганбатын эзэмшлийн 36-36 ДОА дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явж байгаад Хэнтий аймгийн нутагт осолд орж биедээ хүнд гэмтэл авсан. Шүүх хурал болох үед Д.Ганбатыг гуйгаад байхаар нь гомдолгүй гэсэн бичиг шүүхэд өгсөн. Гэтэл Д.Ганбат нь миний эмчилгээний зардал болох 2300000 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул Д.Ганбатаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Уранчимэг болон түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нар шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Хариуцагч Д.Ганбат нь нэхэмжлэгч миний эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2300000 төгрөгийг 2017 оны 02 сарын 21-ний өдөр бэлнээр төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний бие өвчтэй шалтгаанаар нааш цаашаа ирэх боломжгүй байгаа,  мөн хариуцагчаас нэхэмжилсэн мөнгөө авсан тул нэхэмжлэгч намайг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгч Б.Уранчимэгийн нэхэмжилсэн 2300000 төгрөгийг 2017 оны  02 сарын 21-ний өдөр бэлнээр төлж барагдуулсан болно. Миний бие хөдөө яаралтай явах шаардлагатай болсон учраас өнөөдөр 14 цагт болох шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй болсон тул шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ :

 

Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч Д.Ганбатад холбогдуулан өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд 2300000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны өмнө хариуцагч Д.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 2300000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Уранчимэгт 2017 оны 02 сарын 21-ний өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн байх ба нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг ирүүлжээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж болох бөгөөд уг татгалзал нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:   

 

 1. Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч Д.Ганбатад холбогдох эмчилгээний зардал 2300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51750 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид 51750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.УРТНАСАН

  ШҮҮГЧИД                                    Ш.АЛТАНЦЭЦЭГ

                                                           Т.БАЙГАЛМАА