Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 456

 

 

 

 

 

 

 

 

 

   2020              07           06                                        2020/ШЦТ/456                                 

                                                                                                                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Австралын Холбооны Улсын иргэн, М.Ж -т холбогдох эрүүгийн 19100 2672 0331 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, хохирогч Г.Н, хохирогчийн өмгөөлөгч С.Отгонгэрэл, шүүгдэгч М.Ж , шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат, орчуулагч Г.Ундармаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Даариймаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Австралийн холбооны улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Австралийн холбооны улсад төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тээвэр зуучлалын мэргэжилтэй, “Вейр Минералс Монголиа” ХХК-д ложистик менежер ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, хххх тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, №хххх дугаарын паспорттой, М.Ж

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Ж -ийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газрын бүжгийн талбай дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзыг нь цохилоо гэх шалтгаанаар Г.Нг гартаа барьсан байсан стаканаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би Сингапур болон 2 Монгол найзтайгаа баар цэнгээний газар очоод, Сингапур найзтайгаа бид хоёр өөр өрөөнд, манай хоёр Монгол найз өөр өрөөнд орцгоосон. Тэгээд 2 Монгол охидуудтай яриа өрнүүлж байхад Г.Н өөдөөс согтуу ирж байхаар нь охидыг хамгаалаад зогссон. Тухайн үед Г.Н, Joe 2 ярилцаж эхэлсэн ба тухайн үед Joe-ийн гартаа байсан ундаа руу Г.Н цохиод байхаар нь Joe Намжмааг болиулаад түлхсэн. Тэгээд удаагүй Г.Н дахиад хүрээд ирэхээр нь түүнийг болиулах байдлаар гараараа хаахад миний нүүр рүү цохихоор нь би түүнийг эргүүлээд цохьсон. Г.Н манарсан байдалтай байсан ба миний гаранд хундага байсныг анзаараагүй, ухаан алдаж унаснаа мэдэхгүй байсан. Дараа нь Joe бид 2 өөр өрөө рүү ороход түүний нүдний шил нь байхгүй байхаар нь хайж байхад цэнгээний газрын хамгаалагч ирээд, биднийг дагуулаад өрөө рүүгээ орсон. Тэр өрөөнд маш бүгчим байсан учир гараад үүдэнд зогсож байхад дахин Г.Н зодолдож эхэлсэн. Тухайн үед цагдаа ирсэн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Г.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 2 найзтайгаа “Минт” цэнгээний газар очсон. Тухайн газрын нэг өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, бүжгийн заалруу нь орсон. Тухайн маргаан юунаас болж үүссэнийг сайн санахгүй байгаа бөгөөд юм яриад зогсож байхад маргаан үүссэн. Эхлээд намайг түлхээд 2 дахь удаа дахин цохихоор нь уур хүрээд буцаж очиход дахин нэг цохиулж өшиглүүлээд зодоон болсон. Тэгээд манай найз ирээд биднийг салгах үед М.Ж намайг хундагаар цохьсон.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2672 0331 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2019 оны 11 сарын 01-ний өдөр би өөрийн найзууд болох Батхүү, Төмөр нартай манай ажил дээр уулзаж, ажил хэргийн талаар ярилцаад хоолонд орчихоод салцгаасан юм. Тэгээд орой 20 цагийн үед санаж байна, Батхүү, Төмөр нартай дахин уулзаж ...Минт бааранд очсон. Ингээд Минт бааранд 22 цагийн үед орсон санагдаж байна, цай, ус ууж сууж байгаад 00 өнгөрөхөд архи, пивоор үйлчилж эхэлсэн. Бид 3 нэг шил .075 литрийн архи аваад уусан ба миний хувьд сүүлийн үед архи амсаагүй байсан учраас нилээн согтож эхэлсэн. Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд явах үедээ таньдаг хүмүүстэй таарч бас ганц хундага архи уусан. Энэ хооронд бүжгийн талбай руу гарч бүжиглэж байхад сахалтай, өндөр гадаад залуу миний араас түлхсэн. Тэгэхээр нь би эргэж хараад намайг түлхсэн залуу руу гараа далайгаад цохьсон байх. Гэтэл хаанаас ч юм гэнэт намайг цохиод газар унагаачихсан. Ингээд би газар унаад өндийгөөд босох гэхэд дахин намайг цохиод унагасан. Энэ үед миний духны баруун хэсгээс цус гарч эхэлсэн. Манай найз Батхүү ирж, нөгөө залууг салган хамгаалагч нарыг дуудаж, цагдаад дуудлага өгсөн.

...Эмчилгээнд гарч байгаа зардал, мөн ирээдүйд гарах зардлаа гаргуулж авмаар байна. Одоо гоо сайханы мэс засалд орж, баруун хөмсөгний дээрх сорвио арилгуулмаар байна. Мөн хөмсөгөө задуулсанаас хойш үүсээд байгаа бизнесийн алдангаа төлүүлэх хүсэлттэй байна. Дээр нь нэмж сэтгэл санаагаараа хохирсон учир сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 24-25х/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сиев Пинг Фүк /Siew Pnig Fook/-ийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 11 сарын 02-ны орой Р.Жэймс болон хоёр монгол найзын хамт хүүхдийн 100 орчим пабд сууж байхад нэг найз маань Минт бааранд үнэгүй оруулж өгнө гэхээр нь бид нар Минт бааранд очсон. Тэгээд VIP тасагт ороод уух юм авсан ба Намжмааг харахад нилээн согтуу, эргэн тойрныхоо хүмүүсийг өдөж хоргоогоод байсан. Хүмүүс түүнээс холдож байсан бөгөөд бүжгийн талбай дээр байж байхад Намжмаа над руу ирээд миний гар луу цохиж, миний уух юм асгасан. Тэгэхэд тэнд байсан хоёр эмэгтэй “боль” гэж хэлээд дундуур орж зогсоохыг оролдоход Намжмаа миний нүүр лүү алгадсан. Тэгээд гараа атгаж байгаад миний шанаа руу цохиход Р.Жэймс хажуугаас орж ирээд Намжмаагийн нүүр хавьцаа цохьсон байх гэж бодож байна, тухайн үед Р.Жэймс надад туслах гэж л орж ирсэн. Р.Жэймс бид хоёр гарахаар шийдэж явж байхад хамгаалагч нар ирээд, Р.Жэймсийг их хэрцгий байдалтай авч явсан. Би араас нь дагаж хамгаалагч нарын өрөөнд ороход Намжмаа миний уруул орчим дахин нэг цохьсон бөгөөд найз нар нь намайг доромжлоод байсан. Манай монгол найз хамгаалагч нарын өрөөнд орсон боловч бас нүүрэндээ нэг удаа цохиулаад гараад ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44-52х/,

3. Гэрч Д.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“..Намжмаа бүжгийн талбай руу ороод бүжиглэсэн ба би тейкний хажууд суугаад харж байсан. Намжмааг нэг гадаад залуу араас нь түлхэж, нүүрэн тус газар нь гараараа цохьсон. Энэ үед Намжмаа газар унасан ба би гүйж очоод болиулсан чинь тойрч ирээд Намжмааг босож амжаагүй байхад гартаа байсан стаканаар нүүрэн тус газар нь цохьсон. Миний харсанаар европ царайтай залуу Намжмаагийн араас түлхээд, эргээд харахад нь нүүрэн тус газар нь цохиж унагасан. Ингээд би салгахад намайг тойрч ирээд стаканаар дахин цохьсон. ...Харин Ази царайтай залуу зодоонд оролцсон эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53-55х/,

4. Гэрч Ш.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...би VIP өрөөнөөс гараад очиход бүх зүйл болоод өнгөрсөн байсан ба Намжмаагийн хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 56-58х/,

5. Гэрч Д.Дэмбэрэлдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Рики надад хэлэхдээ “би цохьсон” гэж байсан. Чухам аль хэсэгт нь цохьсон талаараа хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 59-61х/,

6. Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Европ царайтай залуу босож ирээд нөгөө залууг цохиж газар унагаасан. Тэгэхэд л согтуу залуугийн нүүрнээс цус гараад эхэлсэн. Нүүрний яг аль хэсгээс нь цус гараад байгааг нь мэдээгүй. ...Ази залуу зодоонд оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 65-67х/,

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13304 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Нгийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбээнд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 77х/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Чимэд-Очирыг байцаасан тэмдэглэлд:

“...Духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбээнд зулгаралт, тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун чихний дэлбэнд учирсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн дүгнэлт хэсэгт тархи доргилт гэж 2 удаа бичигдсэн байгаа нь нэг ойлголт болно. Духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун чихний дэлбэнгийн зулгаралт нь мөн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 76-77х/,

9. Хэрэг гарсан өдрийн “Минт” баарны орчмын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 17х, 177-189х/,

10. Хохирогч Г.Нгийн эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 141-168х/,

11. Гэрч М.Сүх-Эрдэнэ /хэргийн 1-р хавтас 192-193х/, гэрч Ө.Энхдөлгөөн /хэргийн 1-р хавтас 194-196х/, гэрч А.Жулдыз /хэргийн 1-р хавтас 197-199х/, гэрч П.Лханаасүрэн /хэргийн 1-р хавтас 201-202х/, гэрч П.Очирбат /хэргийн 1-р хавтас 203-205х/, гэрч Х.Нямаа /хэргийн 1-р хавтас 206-207х/ нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 266-233х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан журам болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хангалттай баримтууд гэж үнэлж, дүгнэсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Ж ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Ж -ийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газрын бүжгийн талбай дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзыг нь цохилоо гэх шалтгаанаар Г.Нг гартаа барьсан байсан стаканаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч Г.Нгийн биед үүссэн “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Ж  түүний нүүрэн тус газарт стаканаар цохьсоны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Ж  нь хохирогч Г.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч М.Ж ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Түүнчлэн хэргийн хохирогч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай илтэд хүндэтгэлгүй хандаж, үл ойлголцол үүсгэж, зүй зохисгүй авирлан, улмаар хүч хэрэглэн бусдыг түлхэх, цохиж унагах зэргээр эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж буй нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Харин хохирогчийн энэхүү хууль бус үйлдэлд хариу болгож шүүгдэгчийн зүгээс түүнийг шилэн аягаар цохиж унагасан үйл баримтууд тогтоогдсон байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “Австрали, Сингапур улсын иргэд Г.Нгийн биед хөнгөн хохирол учруулахын чацуу Нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэл зааж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлт, санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. 

Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хяналтын камерийн бичлэг зэргийг харьцуулан судлахад шүүгдэгч М.Ж  болон түүний нөхөд болох Сингапур залуу, Монгол залуусын зүгээс бусдыг илтэд басамжилж доромжилсон, хохирогчийн биед бүлэглэн халдсан, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, үйлчлүүлж буй олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Тухайн эрүүгийн хэргийн хувьд хохирогч Г.Нгийн биед учирсан “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт” гэмтэл нь гэмт хэргийн шууд хохирол, уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулнаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

Хохирогч Г.Нгаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарсан зардалд тооцон хэрэгт баримтаар нийт 6.774.136 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу “хохирлыг нөхөн төлөх талаархи” шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хэдий ч хэргийн хохирогч Г.Н нь шүүгдэгчээс гэм хорын хохирлын 6.774.136 төгрөгийг бэлнээр хүлээн авахаас татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй. Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож 6.774.136 /зургаан сая долоон зуун далан дөрвөн мянга нэг зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Нд олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Ж  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 113х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэхь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч М.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.     

Энэ хэрэгт М.Ж  нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус шийтгэх тогтоолд дурьдав.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

                                                         ТОГТООХ нь:

 

1. М.Ж -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ж -ийг 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ж  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж тайлбарласугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж -ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт 6.774.136 /зургаан сая долоон зуун далан дөрвөн мянга нэг зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57-12 тоотод оршин суух, /РД:хххх/, Т овогт Г-ийн Н-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Н нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт М.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Ж -т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТБОЛОР