Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 610

 

 

 

 

 

 

  2020        07          27                                   2020/ШЦТ/610

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2011 00810 0667 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар хүнд даацын автомашин жолооддог гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж 826а тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Говь-Алтай аймаг, Жаргалан, 1 дүгээр баг, Бүрэн/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

О.М /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.М нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хамтран амьдрагч Д.Оюунтүлхүүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Оюунтүлхүүрийн “...Би О.М гэх хүнтэй хамтран амьдардаг болоод 4 жил болж байгаа бөгөөд бид дундаасаа 3-4 насны 2 хүүхэдтэй. ...2020.03.02-ны өдөр О.М бид 2 Говь-Алтай аймаг руу ээжийх нь бие нь тааруу байна гээд дуудахаар нь хотоос гараад явсан юм. ...2020.03.08-нд хотруу ирэх гээд явж байх замдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт машинтайгаа явж байгаад намайг цонхоороо ундааны сав хаялаа гэх шалтгаанаар намайг зодсон. Тэр үед нөхөр өөрөө машинаа бариад явж байсан. Тэгээд намайг зодож байгааг манай ард тусдаа машинтай явж байсан төрсөн ах маань хараад тэгээд манай том охин Нямцэрэн нь цонхоо онгойлгоод ах руу гараараа даллаад манай ахыг зогсоогоод тэгээд О.М-г намайг зодоод байсан учраас ах 2 гарнаас нь татаад өөрийн машиндаа суулгаад тэгээд хөдөлцгөөсөн. Тэгээд хэсэг явж байгаад зогсоход О.М нь өөрийн машиндаа сууж явмаар байна гээд ирэхэд нь манай ах эгч нар за одоо хэрүүл уруул хийхгүй аятайхан яваарай гээд цаашаа хөдлөөд явсан. О.М нь дүүтэйгээ хамт ирээд машинд сууснаа намайг буу пизда минь гээд дахиад цохиод зодоод эхэлсэн. Тэгээд тэр үед би өөрөө машин бариад явж байсан бөгөөд намайг машинаа өг гээд зодоод байсан ер нь л надаас машинаа л авах гээд байдаг ба намайг машиныг өгөхгүй гэхээр зодоод байсан юм. Тэгээд явж байгаад намайг зогс гэхээр нь би зогссон чинь машинаас буугаад гар утсаа аваад би явлаа гээд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч П.Нямцэрэнгийн “...2020.03.08-ны өдөр өглөө үүрээр бид нар 04 цагт Завханаас хотруу гарсан юм. ...замдаа ээж О.М 2 бага зэрэг маргалдаад байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин ороод хийд рүү очиж мөргөнө гэж байсан чинь ээжийн эгч нь тийшээ явахгүй гээд машиндаа үлдчихсэн чинь О.М ах танайхан чинь яасан сэхүүн зантай юм гээд муухай үгээр харааж доромжилж эхэлсэн ба ээж тэр үед юу ч хэлээгүй тэвчсэн. ...Тэгсэн ээж ууж байсан ундааныхаа савыг машиныхаа гадаа хаалганы харалдаа газар тавьсан чинь О.М ах ээж рүү чи яагаад гандан хийдийн гадаа ундааныхаа хогыг хаяаад байгаа юм бэ гээд ээж рүү аймар уурласан тэгэхээр нь би Мягаа ахаа би буугаад авъя гээд буугаад авсан. Тэгээд машинд буцаад ороод суутал тэр хооронд ээжийг нэг цохисон юм шиг байсан. Намайг ороод суухад хоорондоо нилээн муудалцаад хэрэлдээд эхэлсэн ба замдаа явж байхдаа хүртэл хоорондоо орилоод хэрэлдээд байсан. Мягаа ах хэрэлдэж байхдаа машиныхаа тормозыг байн байн гишгээд урагшаа мөргүүлээд байсан. Энэ хугацаанд машинаа зогсоож байгаад ээжийг 3-4 удаа цохисон. Тэгэнгүүт ээж биеэ хамгаалаад эсэргүүцэл үзүүлээд заамдалцаад авсан. Тэр үед манай машинд би 2 дүүтэйгээ бас О.М ахын дүү нь явж байсан. Манай 2 дүү айгаад уйлж байсан харин тэр дүү бид 2 нь боль гээд орилсон. Тэгээд явж байгаад ээж зодуулаад байсан учир намайг цонхоо онгойлгоод Мэндээ ахыгаа дуудаад зогсоочих гэж хэлсэн. Тэр үед бид нар зогсож байсан тэгээд ээжийн ах Мэндээ ах ирээд та 2 яагаад байгаа юм бэ яагаад муудалцаад байгаа юм бэ залуу хүмүүс байж гэж хэлсэн. О.М ах ч зодохоо больсон ба ээж зөрүүлээд жолоон дээрээ суусан. Тэгээд цаашаагаа явж байгаад ээж машин бариад явж байхад нь хүртэл хажуунаас нь О.М ах зөндөө олон удаа цохисон. Ээжийг дахин дахин ална шүү гээд л цохиод байсан ба нэг харахад ээжийн нүднээс нь аймар их цус урсаж байсан ба хараад л айгаад шууд орилсон. Тэгээд би О.М ахад та яаж байгаа юм бэ гээд ундааны саваар О.М-гийн нүүрлүү 2 удаа цохисон өөрийн эрхгүй айгаад сандараад ээжийгээ хамгаалаад цохисон. Тэгсэн ээж охин 2 нийлээд намайг зоддог болоо шивдээ гэж хэлсэн. Тэгээд байн байн зогсоод чи буу гээд би бууна буухгүй гээд маргалдаад явж өгөхгүй байн байн зогсоод байсан ба ээжийн эрүү шанаа нүд хэсэг нилээн хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21- 23 дугаар хуудас/,

Гэрч Т.Батмягмарын “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын шашны хийдийн гадаа ирэхэд Оюунаа эгч хийдийн гадаа нь задгай ундааны сав хаяхаар нь О.М ах эгчид “хийдийн гадаа ундааны сав хаячихлаа буцаагаад ав дараа нь хая” гэж хэлсэн чинь Оюунаа эгч уурлаад “Чамд ямар хамаатай юм бэ пизда минь” гээд уурлаад О.М ахтай машин дотор зодолдоод байсан. Хэн хэн нь бие биенийгээ цохиод байсан. Ямар ч байсан Оюунаа эгчийн нүүр хэсэг хавдсан, О.М ахын нүүр маажуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13- ны өдрийн 3525 дугаартай “...Д.Оюунтүлхүүрийн биед баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн дээд зовхи, эрүүний зүүн булан, зүүн бугалганд цус хуралт, зүүн зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаар тогтоол /хх 111/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 106-108/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.М нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хамтран амьдрагч Д.Оюунтүлхүүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Оюунтүлхүүрийн “...2020.03.08-нд хотруу ирэх гээд явж байх замдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт машинтайгаа явж байгаад намайг цонхоороо ундааны сав хаялаа гэх шалтгаанаар намайг зодсон. Тэр үед нөхөр өөрөө машинаа бариад явж байсан. Тэгээд намайг зодож байгааг манай ард тусдаа машинтай явж байсан төрсөн ах маань хараад тэгээд манай том охин Нямцэрэн нь цонхоо онгойлгоод ах руу гараараа даллаад манай ахыг зогсоогоод тэгээд О.М-г намайг зодоод байсан учраас ах 2 гарнаас нь татаад өөрийн машиндаа суулгаад тэгээд хөдөлцгөөсөн. ...Тэгээд тэр үед би өөрөө машин бариад явж байсан бөгөөд намайг машинаа өг гээд зодоод байсан ер нь л надаас машинаа л авах гээд байдаг ба намайг машиныг өгөхгүй гэхээр зодоод байсан юм. Тэгээд явж байгаад намайг зогс гэхээр нь би зогссон чинь машинаас буугаад гар утсаа аваад би явлаа гээд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч П.Нямцэрэнгийн “...2020.03.08-ны өдөр өглөө үүрээр бид нар 04 цагт Завханаас хотруу гарсан юм. ...замдаа ээж О.М 2 бага зэрэг маргалдаад байсан...Тэгсэн ээж ууж байсан ундааныхаа савыг машиныхаа гадаа хаалганы харалдаа газар тавьсан чинь О.М ах ээж рүү чи яагаад гандан хийдийн гадаа ундааныхаа хогыг хаяаад байгаа юм бэ гээд ээж рүү аймар уурласан тэгэхээр нь би Мягаа ахаа би буугаад авъя гээд буугаад авсан. Тэгээд машинд буцаад ороод суутал тэр хооронд ээжийг нэг цохисон юм шиг байсан. Намайг ороод суухад хоорондоо нилээн муудалцаад хэрэлдээд эхэлсэн ба замдаа явж байхдаа хүртэл хоорондоо орилоод хэрэлдээд байсан. Мягаа ах хэрэлдэж байхдаа машиныхаа тормозыг байн байн гишгээд урагшаа мөргүүлээд байсан. Энэ хугацаанд машинаа зогсоож байгаад ээжийг 3-4 удаа цохисон. Тэгэнгүүт ээж биеэ хамгаалаад эсэргүүцэл үзүүлээд заамдалцаад авсан. ...Тэгээд байн байн зогсоод чи буу гээд би бууна буухгүй гээд маргалдаад явж өгөхгүй байн байн зогсоод байсан ба ээжийн эрүү шанаа нүд хэсэг нилээн хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21- 23 дугаар хуудас/, гэрч Т.Батмягмарын “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын шашны хийдийн гадаа ирэхэд Оюунаа эгч хийдийн гадаа нь задгай ундааны сав хаяхаар нь О.М ах эгчид “хийдийн гадаа ундааны сав хаячихлаа буцаагаад ав дараа нь хая” гэж хэлсэн чинь Оюунаа эгч уурлаад “Чамд ямар хамаатай юм бэ пизда минь” гээд уурлаад О.М ахтай машин дотор зодолдоод байсан. Хэн хэн нь бие биенийгээ цохиод байсан. Ямар ч байсан Оюунаа эгчийн нүүр хэсэг хавдсан, О.М ахын нүүр маажуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13- ны өдрийн 3525 дугаартай “...Д.Оюунтүлхүүрийн биед баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн дээд зовхи, эрүүний зүүн булан, зүүн бугалганд цус хуралт, зүүн зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Хохирогч Д.Оюунтүлхүүр нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч О.М-г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ