Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           18                                     2020/ШЦТ/409                                 

                                                                                                                     

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Ү.Т, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О овогт Ү-ийн Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 19100 1512 0483 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын шинжлэн ухааны сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, хувиараа орчуулгын ажил хийдэг, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын Шинэ төгөл хотхоны 19д байрны 42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Ү-ийн Т- /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ү.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пис Бридж зочид буудлын гадна иргэн Б.Втэй ус цацлаа гэх шалтгаанаар маргалдан дэгээдэж унагаан, толгой болон хавирга хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд цус хуралт, цээж, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ү.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ү.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах мэдүүлэг, тайлбар байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.В мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө найз Арвижихын хамт Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирс бридж зочид буудлын 2 давхарын ариун цэврийн өрөөнд шээж байхад алаг цамцтай залуу намайг мөрөлсөн. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм бэ” гэхэд тэр хүн миний өөдөөс “чамтай муудалцахаар яадаг юм бэ” гэж хэлээд гараад явсан. Удалгүй 5-10 секундын дараа нөгөө залуугийн найз нь гэх хоёр залуу орж ирээд махлаг биетэй залуу “чи манай найзыг юу гэж байгаа юм” гэхээр нь би “яасан гэнээ” гэхэд миний толгойн чамархайн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...Тэгээд анх хэрүүл маргаан үүсгэсэн залуугийн найз нар нь гэх тарган, мөн өндөр хоёр залуу намайг хэл амаар доромжлоод байж байсанаа тарган залуу нь над руу дайрахад нь боржур дээр тээглэж унаад, босоод замын цаад тал руу гарах гэхэд араас дэгээдэж унагаахаар нь толгойгоо дараад хэвтэж байхад миний толгой болон хавирга руу өшиглөөд байсан. ...Ү.Т Пирс бридж зочид буудлын гадна миний толгойноос доод хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан...” /хх-ийн 21-22, 45/ гэсэн,

                       

Гэрч Б.Дашдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гадаа зогсож байхад үл таних залуу “бацаанууд одоо зайл” гээд хэл амаар доромжлоод байсан, Ү.Т тэр үл таних залуугийн хажууд зогсож байхад тэр залуу ууж байсан шингэн зүйлээ Ү.Т рүү цацахад Ү.Т “яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Б.В Ү.Тийг шатнаас түлхээд билүү хавираад унагаахад Ү.Т босч ирээд “яагаад байгаа юм” гээд хэрэлдээд, шатнаас доошоо бууж урд байсан жижиг хашаанд тээглээд унасан. Тэр хоёр босч ирээд зам гараад гүйсэн. Замын голд Б.В, Ү.Т хоёр “зүгээр байхад яагаад байгаа юм бэ” гэсэн зүйл ярьж байсан...” /хх-ийн 51-52/ гэсэн,

 

Гэрч С.Золбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.В Ү.Ттэй юм ярьж байснаа хавираад унагаах шиг болсон. Тэгээд шатнаас буугаад, зам руу гарах гэж байхад Ү.Т, Б.В нар хоёулаа хашаанд бүдрээд уначихсан. Тэгээд нэг мэдэхэд замын цаана гарчихсан байсан ба тухайн үед тэр хоёр бие биенээ нэг нэг удаа цохиж байсан...” /хх-ийн 54-55/ гэсэн,

 

 Гэрч Т.Аривжих мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчим найз Б.Вгийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нуаг дэвсгэрт байрлах Пирс Бриж зочид буудлын 2 давхарын бааранд үйлчлүүлж байхад гаднаас 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 5 хүн орж ирээд бид хоёрын сууж байсан ширээний эсрэг талд сууж байсан. Тэгээд бид хоёр гарах гээд ариун цэврийн өрөөнд ороод байж байхад үл таних туранхай бор залуу орж ирээд манай найз Б.Втэй маргалдаад гараад явсан. Удалгүй тэр залуу хоёр найзыгаа дагуулж орж ирээд чамд томрохоор яадаг юм гээд дайраад байхаар нь би дундуур нь орж хааж зогсоод “одоо хэрэггүй, бид нар буруу юм хийсэн бол уучлаарай, одоо эндээс гарцгаая. Манай найз буруу зүйл хийсэн бол уучлаарай, та гурав согтуу байгаа учраас больцгооё” гэж хэлэхэд анх хэрүүл үүсгэдэг туранхай залуу манай найзыг цохиод байсан. Тэгэж байхад хамгаалагч ирж салгаад манай найзыг бааранд үлдээгээд, тэр залуучуудыг аваад гарсан. Баарны гадаа тэр гурван залуу “чаддаг юм бол гараад ир” гээд орилоод байсан. Ванхүү намайг хайж гараад ирэхэд шатан дээр дахин хэрүүл маргаан болсон, манай найз зугтаагаад замын эсрэг талд гарахад тэр гурван залуу араас нь хөөгөөд зодоод байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаа нар ирээд тэр гурван залууг аваад явсан...” /хх-ийн 59-60/ гэсэн,

 

Гэрч Д.Лхагвадулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчим найз Б.Дашдорж, С.Золбаяр, Ү.Т, Б.Амина, Б.Энхлин нарын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирс Бридж зочид буудлын 2 давхарын лоунжид орсон. Тэгээд тэндээ үйлчлүүлээд сууж байхад Б.Дашдорж “би ариун цэврийн өрөөнд цохиулчихлаа” гээд бид нар дээр ирэхээр нь бид нар гарсан. Гадаа гараад шатан дээр зогсож байхад махлагдуу биетэй залуу Ү.Т лүү ус цацахад Ү.Т “яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу Ү.Тийг нэг удаа цохичихоод шатнаас буугаад гүйсэн. Тэгээд тэр залуу хашааны утсанд тэгэлдэж унасан ба унахдаа нилээн хүчтэй унах шиг болсон...” /хх-ийн 62/ гэсэн,

 

Гэрч Б.Энхлин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирс Бридж зочид буудлын 2 давхарын баар луу Ү.Т, Б.Дашдорж, С.Золбаяр, Б.Амина, Д.Лхагвадулам нарын хамт ороод, бөөндөө хэсэг юм ярьж сууж байхад Б.Дашдорж “би ариун цэврийн өрөө ороод ирье” гээд явснаа удалгүй “намайг нэг хүн цохичихлоо” гээд хүрээд ирсэн. Тэгэхэд Ү.Т араас нь ариун цэврийн өрөө рүү явж нөгөө хүмүүстэй ярилцаж байсан. Тэгээд гараад явсан чинь үл таних залуу Ү.Т лүү ус цацаад дэгээдэж унагааж байсан. Ер нь үл таних залуу манай гурван найзыг өдөж хоргоогоод байсан ба замын цаана гарах гэж гүйж явж байгаад жижиг олсон хашаанд тээглэж унасан. Тэгэхэд удалгүй цагдаа нар ирсэн, үл таних залуу цагдаа нарыг хараад доошоо хараад худлаа суугаад байсан...” /хх-ийн 62/ гэсэн,

 

Гэрч Б.Амина мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирс Бридж зочид буудлын 2 давхарын баар луу Ү.Т, Б.Дашдорж, С.Золбаяр, Б.Энхлин, Д.Лхагвадулам нарын хамт ороод, бөөндөө хэсэг юм ярьж суусан, Ү.Т, С.Золбаяр, Б.Дашдорж гурав тусдаа үүдний хэсэгт пиво ууж байсан. Тэгээд би Б.Энхлэн, Д.Лхагвадулам хоёртой юм яриад сууж байхад нөгөө гурав алга болсон байхаар нь гайхаад гарах гэхэд үүдний ариун цэврийн өрөөний тэнд үл таних залуутай юм яриад зогсож байсан, хамгаалагч гар гээд бөөндөө гарсан. Тэгээд зочид буудлын хаалгаар яг гарч байхад үл таних залуу Ү.Т лүү ус цацаад “жоохон бацаан” гээд маргалдаж байснаа Ү.Тийг шатны тэнд хавираад унагаачихаад, зам гараад гүйчихсэн. Замдаа хашааны жижиг утсанд тэглэж унаад босч ирээд, цаашаа зам руу гарсан. Тэгээд замын цаана Ү.Ттэй барилцчихсан байсан...” /хх-ийн 62/ гэсэн,

 

Гэрч Ж.Ганжолоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний шөнө Пирс Бридж зочид буудалд хүмүүс зодолдож байна гэх дуудлагаар Одбаярын хамтаар очиход эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаа жолооч нар ирсэн байсан. Уг дуудлага дээр очиход согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн эрэгтэй хүн байсан ба юу болсон талаар тодруулж асуухад цагаан өнгийн хувцастай эрэгтэй хүн хар өнгийн хувцастай эрэгтэй хүмүүс рүү зааж “зодуулсан” гэж байсан. Харин нөгөө гурав нь цагаан өнгийн хувцастай эрэгтэй рүү зааж “бид нарыг зодсон” гэж хэлсэн. Тухайн хүмүүсийг хэлтэс дээр авч ирээд эрүүлжүүлсэн...” /хх-ийн 62/ гэсэн,

 

Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Вгийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлээс зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 94/ гэсэн,

 

Шүүгдэгч Ү.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пирс Бриж зочид буудлын 2 давхарт байрлах бааранд найзуудын хамтаар ороод пиво ууж байгаад тамхи татахаар боссон. Явж байхад Б.Дашдорж ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхээр нь юу болсон талаар асуухад “хүмүүстэй муудалцсан” гэж хэлсэн. Би ганцаараа ариун цэврийн өрөө рүү ороход гурван эрэгтэй хүн байхаар нь “хэн манай найзыг түлхсэн бэ” гэхэд Б.В миний өмнө “би биш” гээд найзынхаа араас орохоор нь би болсон асуудлыг тодруулж байсан хүмүүстэй гар бариад, ариун цэврийн өрөөнөөс гараад явж байхад надтай цуг явж байсан найзууд гарч байхаар нь араас нь явсан. Тэгээд манай найзууд үүдэн дээр зогсож байхаар нь явах гэхэд араас Б.Вгийн найз Т.Аривжих гэх хүн надтай юм ярихаар холдсон. Тэгэхэд Б.В, С.Золбаяр, Б.Дашдорж нар хэрэлдээд байхаар нь болиулах гээд яваад очиход над руу ус цацаад маргалдсан. Би салгах гэсэн боловч Б.В намайг хэл амаар доромжлоод дайраад байхаар нь түлхэж холдуулахад манай найз С.Золбаяр луу дайрсан. Би түүнийг цааш нь түлхэж холдуулаад, дахин түлхэх үед гараараа Б.Вгийн эрүү орчимд нь цохисон. Бид хоёр зууралдаж байхад гэнэт шатны хөндлөн чиглэлтэй газарт Б.Вгийн хамтаар унасан. Тэр үед Б.В цааш явахаар нь би араас нь хөөсөн. Тэгээд явж байхад цагдаа нар ирсэн...” /хх-ийн 111-112/ гэсэн мэдүүлгүүд

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №7401 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Вгийн биед зүүн бугалганд цус хуралт, цээж, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 76/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Ү.Тийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 116/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 117/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 118/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 119/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ү.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ү.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирс Бриж зочид буудлын гадна иргэн Б.Втэй ус цацлаа гэх шалтгаанаар маргалдан дэгээдэж унагаан, толгой болон хавирга хэсэг рүү нь цохиж, түүний биед зүүн бугалганд цус хуралт, цээж, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Вгийн “...2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө найз Т.Арвижихын хамт Пирс Бриж зочид буудлын 2 давхарын ариун цэврийн өрөөнд шээж байхад алаг цамцтай залуу намайг мөрөлсөн. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм бэ” гэхэд тэр хүн миний өөдөөс “чамтай муудалцахаар яадаг юм бэ” гэж хэлээд гараад явсан. Удалгүй 5-10 секундын дараа нөгөө залуугийн найз нь гэх хоёр залуу орж ирээд махлаг биетэй залуу “чи манай найзыг юу гэж байгаа юм” гэхээр нь би “яасан гэнээ” гэхэд миний толгойн чамархайн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...Тэгээд анх хэрүүл маргаан үүсгэсэн залуугийн найз нар нь гэх тарган, мөн өндөр хоёр залуу намайг хэл амаар доромжлоод байж байснаа тарган залуу над руу дайрахад нь боржур дээр тээглэж унаад, босоод замын цаад тал руу гарах гэхэд араас дэгээдэж унагаахаар нь толгойгоо дараад хэвтэж байхад миний толгой болон хавирга руу өшиглөөд байсан. ...Ү.Т Пирс Бриж зочид буудлын гадна миний толгойноос доод хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан...” /хх-ийн 21-22, 45/ гэсэн, гэрч Б.Дашдоржийн “...Гадаа зогсож байхад үл таних залуу “бацаанууд одоо зайл” гээд хэл амаар доромжлоод байсан, Ү.Т тэр үл таних залуугийн хажууд зогсож байхад тэр залуу ууж байсан шингэн зүйлээ Ү.Т рүү цацахад Ү.Т “яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Б.В Ү.Тийг шатнаас түлхээд билүү хавираад унагаахад Ү.Т босч ирээд “яагаад байгаа юм” гээд хэрэлдээд, шатнаас доошоо буухад Б.В жижиг хашаанд тээглээд унасан. Тэр хоёр босч ирээд зам гараад гүйсэн. Замын голд Б.В, Ү.Т хоёр “зүгээр байхад яагаад байгаа юм бэ” гэсэн зүйл ярьж байсан...” /хх-ийн 51-52/ гэсэн, гэрч С.Золбаярын “...Б.В Ү.Ттэй юм ярьж байснаа хавираад унагаах шиг болсон. Тэгээд шатнаас буугаад, зам руу гарах гэж байхад Ү.Т, Б.В нар хоёулаа хашаанд бүдрээд уначихсан. Тэгээд нэг мэдэхэд замын цаана гарчихсан байсан ба тухайн үед тэр хоёр бие биенээ нэг нэг удаа цохиж байсан...” /хх-ийн 54-55/ гэсэн, шүүгдэгч Ү.Тийн “...Тэгэхэд Б.В, С.Золбаяр, Б.Дашдорж нар хэрэлдээд байхаар нь болиулах гээд яваад очиход над руу ус цацаад маргалдсан. Би салгах гэсэн боловч Б.В намайг хэл амаар доромжлоод дайраад байхаар нь түлхэж холдуулахад манай найз С.Золбаяр луу дайрсан. Би түүнийг цааш нь түлхэж холдуулаад, дахин түлхэх үед гараараа Б.Вгийн эрүү орчимд нь цохисон. Бид хоёр зууралдаж байхад гэнэт шатны хөндлөн чиглэлтэй газарт Б.Вгийн хамтаар унасан. Тэр үед Б.В цааш явахаар нь би араас нь хөөсөн. Тэгээд явж байхад цагдаа нар ирсэн...” /хх-ийн 111-112/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №7401 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Вгийн биед зүүн бугалганд цус хуралт, цээж, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 76/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Б.Вгийн биед учирсан “...зүүн бугалганд цус хуралт, цээж, баруун өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ү.Тийн түүнийг дэгээдэн унагаах, цохих зэргээс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ү.Т нь хохирогч Б.Вгийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ү.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ү.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Вгийн эрүүл мэндэд зүүн бугалганд цус хуралт, цээж, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ү.Тийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ү.Тийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ү.Т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 19100 1512 0483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.В нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Ү-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Тийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ү.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 19100 1512 0483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.В нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ү.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЖИГҮҮР