Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00072

 

                               “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн

                                нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/00222 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэд холбогдох

“Санхүүгийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 51.645.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Монгол Хьюндай Автомотив ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Хьюндай Автомотив ХХК нь 2013 оны 09-р сарын 19-ны өдөр иргэн Б.Ариун-Эрдэнэтэй 13/С-73/877 тоот Автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч Б.Ариун-Эрдэнэд Солонгос улсад үйлдвэрлэсэн Хьюндай Санта Фе маркийн автомашиныг худалдаж холбогдох төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэвч Худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй байгаа тухайгаа хэлэн компанийн зүгээс түүнд боломж олгон Б.Ариун-Эрдэнэтэй харилцан тохиролцож талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж 2015 оны 10-р сарын 16-ны өдөр 009 тоот 81 430 000 төгрөгийн Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээний үнийн дүнгээс Худалдан худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа болгон хариуцагч Б.Ариун-Эрдэнийн 2013 оны 10-р сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12-р сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөгийг төлсөн дүнг хасч 56 430 000 төгрөгийг гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Тус Автомашины санхүүгийн түрээсийн гэрээний Хавсралт №1-т заасны дагуу Б.Ариун-Эрдэнэ нь 2015 оны 10-р сарын 13-ны өдрөөс 2016 оны 01-р сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу төлөх ёстой 56 430 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон ч хариуцагч нь 2015 оны 12-р сарын 14-ний өдөр 22 000 000 төгрөгийг төлөөд үлдсэн 34 430 000 төгрөгийг төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Б.Ариун-Эрдэнээс 2015 оны 10-р сарын 16-ны өдөр 009 тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуух төлбөр болох 34 430 000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэний алданги 17 215 000 төгрөг нийт 51 645 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол-Хьюндай Автомотив ХХК-аас 2013 оны 09 сарын 19-ны өдөр 13/с- 73/877 тоот автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж Хьюндай Санта Фе маркийн автомашиныг авсан. Машиныг авахдаа 2013 оны 10 сарын 11-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 12 сарын 24-ны өдөр 22 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 47 000.000 төгрөгийг машины үнэд төлсөн. Анх машиныг 62 620 000 төгрөгөөр үнэлж гэрээ хийсэн. Одоо машины үлдэгдэл 15 620 000 төгрөг байгаа. Иймд би уг үлдэгдлийг төлөх ёстой гэж үзэж байна. Энэ гэрээг надтай хийхдээ компаний хүмүүс хэл ам гаргаад байна, иймээс хүмүүст үзүүлэх гэрээ хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэрнээс биш санхүүгийн түрээсээр ингэж төлнө, машины үнэ 81 430 000 төгрөг гэж тохироогүй. Хэрэв ийм тохиролцоо байсан бол би 62 620 000 төгрөгний үнэлгээтэй машиныг 81 430 000 төгрөг гэж зөвшөөрч гэрээ хийхгүй шүү дээ. Иймд уг автомашины санхүүгийн түрээсийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаар нэхэж буй 51 645 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/00222 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 23 430 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол хьюндай автомотив ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 215 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 175 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 275 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол хьюндай автомотив ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа нар давж заалдсан гомдолдоо: Б.Ариун-Эрдэнийн санхүүгийн нөхцөл байдлыг ойлгож нэхэмжлэгчийн зүгээс боломж олгож, түүний тавьсан саналыг хүлээн зөвшөөрч Худалдах, худалдан авах гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх уургийг солихоор тохиролцсон” бол үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу Худалдах, худалдан авах гэрээний үүргийг Автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүргээр солихоор талууд хариццан тохиролцсоноор Э.Ариун-Эрдэнийн Худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээх үүрэг дуусгавар болсон. Гэтэл анхан шатны шүүх нэгэнт дуусгавар болсон үүргийн харилцааг дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Талууд 2015 оны 10-р сарын 16-ны өдрийн 009 тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үнийг тодорхойлохдоо өмнөх Худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Ариун-Эрдэнийн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг болох автомашины төлбөр төлөх үүрэг болон гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас үүссэн үүрэг болох алдангийг нэмж Санхүүгийн түрээсийн гэрээний үнийг тодохойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ариун-Эрдэнийн Худалдах худалдан авах гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн үеэс эхлэн гэрээний дагуу алданги төлөх үүрэг нь үүсч, алданги төлөх үүргээ тэрээр хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ зөрүүтэй байгаа нь тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ.” мөн хуулийн 312 дугаар зүйлийн 312.2 дах хэсэгт “Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана” мөн хуулийн 313.3. дахь хэсэгт “Энэ зүйлд заасан журмыг зөрчсөн санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Нэхэмжлэгч “Монгол Хьюндай Автомотив” ХХК нь 2013 онд Худалдах худалдан авах гэрээ байгуулсан даруйд Б.Ариун-Эрдэнэд автомашиныг түүний эзэмшилд шилжүүлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл автомашиныг эзэмшиж, ашиглаж үр шимийг нь хүртэж байгаа хэрнээ гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, төлбөрийг бүрэн төлөлгүй 4 /дөрөв/ жилийн хугацаанд нэхэмжлэгч компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2017/00222 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул давж заалдсан гомдолдоо: 2013.09.19-ны өдөр хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нь Монгол Хьюндай Автомотив ХХК-аас Хьюндай Санта фе маркийн автомашиныг 62.620.000 төгрөгөөр авсан. Машины үнийг хэсэгчлэн төлсөн. Үлдэгдэл 15.620.000 төгрөг үлдсэн байсан.

Нэхэмжлэгч Монгол Хьюндай Автомотив ХХК нь 81.430.000 төгрөгөөр машиныг үнэлж үлдэгдэл 51.645.000 төгрөг нэхэмжилснээс шүүх үлдэгдэл 15.620.000 төгрөг үлдсэн байна , үүн дээр алданги 7.810.000 төгрөг, тооцож гаргасан. Уг гэрээний 1 тал нь Б.Ариун-Эрдэнэ биш, .... хүнтэй гэрээ хийсэн бөгөөд алданги 7.810.000 төгрөг тооцох боломжгүй юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно..” гэснээр Монгол Хьюндай Автомотив ХХК Б.Ариун-Эрдэнэ нарын хооронд Хьюндай Санта фе маркийн автомиашиныг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдагч хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүргийг хүлээнэ гэснээс үзэхэд Б.Ариун-Эрдэнэ нь машины үлдэгдэл төлбөр 15.620.000 төгрөг төлөх үүргийг гүйцэтгэх хуулийн үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтны 23.430.000 төгрөг гэснийг 15.620.000 төгрөг гэж өөрчлөн алданги 7.810.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд заасны дагуу үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Монгол Хьюндай Автомотив” ХХКомпани хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 2015 оны 10-р сарын 16-ны өдөр 009 тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөр 34 430 000 төгрөг, алданги 17 215 000 төгрөг нийт 51 645 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “... автомашиныг 62.620.000 төгрөгөөр худалдаж авснаас 47.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 15.620.000 төгрөгийг төлнө...” гэсэн үндэслэлээр шаардлагын зарим хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ тус компаниас 62.620.000 төгрөгийн өртөгтэй Хьюндай Санта фе маркын автомашиныг худалдан авч автомашины үнийн дүнгийн 25 хувь буюу 15.655.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлж, үлдэгдэл 46.965.000 төгрөгийг сарын 1.4 хүүтэй, 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ болон бусад нөхцлийн талаар тодорхой заасан зэрэг байдлыг харгалзан үзэж талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж машины үлдэгдэл үнэ 15.655.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. 263 дугаар зүйлийн 263.2-т заасантай нийцсэн байна.

Харин шүүх хариуцагч Б.Ариун-Эрдэнээс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15.655.000 төгрөгийн 50 хувь буюу 7.810.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ автомашины үнийн дүнгээс нийт 25.000.000 төгрөгийг төлж улмаар машины үлдэгдэл үнээс 37.620.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх үед талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заасны дагуу автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож улмаар автомашины өртөгийг 81.430.000 төгрөг болгон нэмэгдүүлж, автомашины үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 25.000.000 төгрөгийг хасч үлдэгдэл 56.430.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүү тооцож бүгд 57.939.816 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож байгуулсан “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.

Учир нь Автомашины санхүүгийн түрээсийн гэрээнд түрээсийн төлбөр, түүнийг төлөх журмын талаар огт талууд харилцан тохиролцоогүй ба гэрээнд автомашины төлөгдөөгүй үнийн дүнгээс хүү тооцож, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагчаас алданги төлүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.2-т заасан шаардлагыг зөрчснөөс гадна хариуцагч автомашины үнийн дүнгээс 47.000.000 төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэгч гэрээний дагуу 51.645.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ автомашины үнийг гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих хэмжээгээр төлөөгүй ч автомашины үнийн дүнгээс 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26 ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаарсарын 22-ны өдөр 22.000.000 төгрөгийг төлсөн ба энэ талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хариуцагч Б.Ариун-Эрдэнээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх автомашины үлдэгдэл үнэ 15.620.000 төгрөг, 6 сарын хүү 3.160.080 төгрөг бүгд 18.780.080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 32.864.920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа нарын гаргасан “...талуудын хооронд байгуулсан автомашины санхүүгийн түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү..” гэх давж  заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...алданги 7.810.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэх гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/00222 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3, 312 дугаар зүйлийн 312.1, 313 дугаар зүйлийн 313.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 18.780.080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол Хьюндай Автомотив” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32.864.920 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дугаар заалтанд “...хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 275.100 төгрөг гаргуулан...” гэснийг “...хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 251.850 төгрөг гаргуулан...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.025 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.910 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                              Б.БАТТӨР

                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ