Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01377

 

Б.Ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00051 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.Н

         Хариуцагч: К.Ат холбогдох

         2017-05-09-ний өдөр төрсөн хүү Алхамын төрүүлсэн эх Б.Н мөн болохыг тогтоолгох, төрүүлсэн эхийн асрамжид буцаах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Б.Ны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь  2017-05-09-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өөрийнхөө эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээр хэвтүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрөлтийн түүх, нярайн түүх, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээг ашиглан миний төрүүлсэн хүүхдийг өөрөө төрүүлсэн мэтээр Улсын бүртгэлийн хэлтэст материал бүрдүүлэн өгч төрсний гэрчилгээ гаргуулан авсан нь Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Б.Н, Т.Көлдаулет нар 2017-05- 19-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл бичиж уг хүүхдийг өөрөө төрүүлсэн мэтээр бүртгүүлсэн үйлдэл нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар уг хэргийг хаасан байна. Иймд Улсын бүртгэлийн байгууллагад иргэн Б.Н, Т.Көлдаулет нарын 2017-05- 19-ний өдөр өргөдөл гаргаж, миний хүүхдэд гэрчилгээ гаргуулж авсан хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцож, хүүхдийг төрсөн эх болох Б.Н надад буцаан өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017-05-09-ний өдөр Б.Н хүүхэд төрүүлсэн нь үнэн. Б.Ны төрөх хугацаа нь аль хэдийн болчихсон, төрөх эмнэлэгт хүргэгдчихсэн, ямар ч бичиг баримтгүй байсан тул миний эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ашиглаж амаржсан. Маргааш нь Б.Н эмнэлгээс гарахаар болоход хүүхдээ өөртөө авч асрахаас татгалзсан тул би хүүхдийг асарч авахаар шийдсэн. Түүнээс биш ямар нэгэн санаа огт байхгүй. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын сүүлчээр Б.Н бусдын нөлөөнд автаж буюу бидний боломжийн айл гэдгийг олж мэдээд мөнгө салгахын төлөө аймгийн Цагдаагийн газарт хандаж нөхөр бид хоёрыг түүний хүүхдийг булааж авсан мэтээр харагдуулж өргөдөл гаргасан. Одоо ч гэсэн Б.Н нь нөхөр бид хоёроос байнга мөнгө нэхэж байгаа. 2 сая төгрөг шилжүүл гэж дансны дугаар явуулж байсан. Тэгээд сүүлд Б.Н, Б.Нд 1сая төгрөгийг бэлнээр өгч гараар нь баримт бичүүлж авсан. Ер нь Б.Ны далд санаа нь надаас их хэмжээний мөнгө салгах гэсэн нь тодорхой. Б.Н надад хэлэхдээ би энэ хүүхдийг чамаас түр авчхаад шүүхээр эцгийг нь тогтоолгож, тэр хүнээр асран хамгаалах тэтгэлэг тогтоолгоод хүүхдийг чамд өгнө гэж хэлж байсан. Хэрвээ Б.Н төрүүлсэн хүүхдэдээ үнэхээр хайртай байсан бол хэзээ ч хаяж явахгүй байсан. 8 сар гаруй хугацааны дараа хүүхдээ буцаан авъя гэж байгаа нь цаанаа мөнгөтэй болох гэсэн санаатай холбоотой гэж үзэж байна. Уг хүүхдэд бид Алхам гэдэг нэр өгч одоо 8 сартай нөхөр бид хоёрын асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байна. Би хүү Алхамыг хэзээ ч Б.Нд өгөхгүй, Б.Ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-г баримтлан РД:БЮ17250916, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Алхамын төрүүлсэн эх Б.Н мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-ийг баримтлан РД:БЮ17250916, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Алхамыг төрүүлсэн эх Б.Нд буцааж, түүний асрамжид үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00051 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Б.Н анх надаас хүүхдийг хууль бусаар авсан бөгөөд түүний нөхөр гэж байгаа Т.Көлдаулеттэй би урьд өмнө уулзаж байгаагүй, танихгүй, хүүхдийг хууль бусаар авсан асуудлыг тэр сайн мэдэхгүй, надаас Б.Н авсан болохоор хариуцагчаар Б.Ныг оролцуулсан. Өөр этгээдийг хамтран хариуцагчаар оролцуулах шаардлага байхгүй.  Т.Көлдаулет, Б.Н нар улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл бичиж /үнэн байдлыг төрийн байгууллагад мэдэгдээгүй нууж/ уг хүүхдийг өөрөө төрүүлсэн мэтээр бүртгүүлсэн үйлдэл нь тогтоогдсон. Т.Көлдаулет, Б.Н нар апбан ёсоор гэр бүлийн баталгаагүй. Б.Н нь урьд гэр бүлээсээ салсан Т.Көлдаулеттэй гэр бүл болсон нь эргэлзээтэй бөгөөд одоо хүртэл гэр бүл болсон талаар албан ёсоор хуулийн дагуу бүртгүүлж гэрчилгээ аваагүй. Б.Нын Цагдаагийн байгууллагад шалгуулж байхад өгсөн байцаалтанд гэр бүлийн баталгаа аваагүй гэдгээ хэлсэн нь хавтаст хэргийн 30 дахь хуудсанд авагдсан байцаалтаар нотлогдож байна. Гэр бүлийн баталгаа, гэрчилгээгүй байхад хүүхдэд гэрчилгээ олгох ёсгүй асуудлыг тал бүрээс нь үзэж анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан. Хуурамч бичиг баримт ашиглаж хүүхдэд гэрчилгээ гаргуулж, хууль бусаар хүүхдийг авсан асуудал тогтоогдож байхад шүүх бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Уг хүүхдийг Б.Н төрүүлсэн гэдэг нь тогтоогдож байхад хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг эс зөвшөөрч байна. Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь   зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 

       Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар  иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн, эсхүл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно.

      2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн К.Алхамын эцэг нь Т.Көлдаулет, эх нь  Б.Н болох нь захиргааны журмаар тогтоогдсон, уг бүртгэл хүчингүй болсон мэдээлэл хэрэгт байхгүй байхад шүүх Б.Ны нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22, 23 дугаар зүйл, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-г зөрчжээ.  

     Түүнчлэн, “...Б.Н нь төрүүлсэн хүүгээ хаясан, асран халамжлахаас татгалзсан гэдгийг нотлох баримт байхгүй...” гэх шүүхийн дүгнэлт баримтад үндэслэгдээгүй байна. 

          Б .Нуржан нь хариуцагчийн бичиг баримтыг ашиглан эмнэлгийн үйлчилгээ авсан байх бөгөөд К.Алхам 2017 оны 5 дугаар сараас хойш Т. Көлдаулет, Б.Н нарын асрамжид байгаа талаар зохигч маргаагүй, хариуцагчийн асрамжид очсон үйл баримтын талаар өгсөн Б.Нын тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүй байна.

        Иймд шүүх эхийг тогтоож, хүүхдийг нэхэмжлэгчийн асрамжид өгөх шийдвэр гаргахдаа эрх бүхий байгууллагыг оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг болон 134 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3, 11.7, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ.  

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгч Б.Ны гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ