Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  Иргэн Р.С-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга Ш.Л-д холбогдох, Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Ш.Л, гуравдагч этгээд Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Р.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Р.С нь 2006 онд Бигэр сумын Сум дундын эмнэлэгт эмчлэгч эмчээр ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сард тус эмнэлгийн эрхлэгч эмчээр томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдаад 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр ажилдаа буцан орж, ажилгүй байсан хугацааны цалингаа авсан. Тус сумын эмнэлгийн эрхлэгч эмчийн орон тоонд ажлын байр зарлан явуулсан, Б.Э нь 1 оноогоор илүү гарсан гэх үндэслэлээр Засаг дарга нь Б.Э-ыг эрхлэгч эмчээр томилон, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Р.С намайг ажлаас чөлөөлсөн юм. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд буцаан тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа. Ажлаас чөлөөлсөн захирамжид Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг заасан байдаг. Энэ нь ямар заалт юм бэ гэхээр сумын эмнэлгийн эрхлэгч эмчийг ажилд авахдаа Засаг дарга нь Эрүүл мэндийн газартай зөвшилцөж ажилд авах ажлаас чөлөөлөх заалт байгаа.

Тэгэхээр өнөөдөр хавтаст хэргийн материалд цугларч ирсэн бичгийн нотлох баримтуудаас харахад Р.С гэдэг хүнийг ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн газартай зөвшилцсөн бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй юм. Мөн Р.С-г ажлаас чөлөөлөхдөө ямар үндэслэлээр энэ хүний хөдөлмөрлөх эрхэд нь халдаад ажлаас чөлөөлөөд байгаа юм бэ гэдэг зүйл заалт байхгүй. Мөн Р.С нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 98 хоног ажилгүй байгаа. Нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 2, 3, 4 дүгээр сарын цалингаас дундаж цалинг нь бодохоор сарын дундаж цалин нь 837.296 төгрөг байгаа. Нэг өдрийн цалинг нь бодоход 38944 төгрөг гарч байгаа. 98 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 3.816.512 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нь нөхөн бичилт хийлгэж урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж өгнө үү. Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамж нь хуулийн шаардлага хангаагүй, ямар үндэслэлээр энэ хүнийг ажлаас чөлөөлөөд байгаа нь тодорхойгүй байна. Шүүхэд ирүүлсэн тайлбартаа төрийн албан хаагчийн шалгалтад нэгээр орж чадаагүй гэдэг байдлаар энэ хүнийг ажлаас халсан гэж тайлбар ирүүлсэн. Төрийн албаны тухай хуулийг харахад нэгээр гарсан хүнийг ажилд авахаар зүйл заалт байхгүй. Сонгон шалгаруулалтаар аль давуу байгаа хүнийг нь ажилд авахаар заасан байгаа. Тэгэхээр Р.С бол Бигэр сумын эрхлэгч эмчийн ажлыг олон жил хийсэн ажлын туршлагатай давуу байдал харагдаж байгаа юм уу гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бодож байна гэв.

            Хариуцагч Ш.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.С нь тус сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албаны салбар зөвлөлд эрхлэгч эмчийн ажлын байрны захиалга хүргүүлж сонгон шалгаруулалт явагдсан. Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, хамгийн өндөр оноо авч тэнцсэн Б.Э-ыг томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар албан тоот, Авилгатай тэмцэх газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05/2706 тоот албан бичгийг тус тус үндэслэн Б.Э-ыг сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчээр томилж, Р.С-г түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн. Сул ажлын байр гэдэг бол ганцхан энэ дээр хүн байхгүй дээ биш. Түр орлон гүйцэтгэгч байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч болгохын тулд ажлын байр зарлаж төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад оруулаад жинхэлдэг. Энэ Р.С гэдэг хүн бол өмнөх Засаг даргын үед халагдаад 3 шатны шүүх хуралдаанаар орж эргэж түр орлон гүйцэтгэгчээр томилогдох шийдвэр нь гарсан. Түр орлон гүйцэтгэгч байгаа учраас сул орон тоо гэдэг үүднээс 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу аймгийн Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт зарлаж өгөх тухай тоотоо хүргүүлсэн. Аймгийн Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтын товыг зарлаад өмнөх шүүхийн шийдвэрээр Р.С-г түр орлон гүйцэтгэгчээр томилоод төрийн албаны сонгон шалгаруулалт зарлахад ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад орсон. Гурван хүн энэ сонгон шалгаруулалтад ороод хамгийн өндөр оноогоор гарсан гэсэн үндэслэлээр аймгийн Төрийн албаны зөвлөл надад Б.Э-г санал болгосон, саналыг хүлээж аваад Авилгатай тэмцэх газрын ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлэг бөглүүлж хянуулаад ажилд авсан байгаа. Энэ нэхэмжлэл дээр нэг оноогоор илүү гэсэн үндэслэлээр гэж байгаа. Нэг оноогоор илүү гэсэн үндэслэл бичих нь байтугай нэг оноогоор илүү гарсан гэдгийг нь ч би мэдээгүй. Ганцхан Б.Э-ын дүнтэй материал төрийн албаны зөвлөлөөс ирсэн. Тийм учраас миний гаргасан шийдвэр үнэн зөв. Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна гэв.

            Гуравдагч этгээд Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э миний бие Говь-Алтай аймгийн Төрийн албаны зөвлөлийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтын зарын дагуу 2018 оны 02 дугаар сарын 14-нд Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон. Сонгон шалгаруулалтад И.С, Р.С, Б.Э нар орж, миний бие хамгийн өндөр оноо авсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Засаг даргын захирамжаар Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байна. Манайд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн орон тоо байгаа. Р.С-г эмчлэгч эмчийн орон тоонд ажилд авъя гэхэд Р.С ажлын байрны шаардлага хангадаггүй. 2013 онд мэс заслын эмчээр төгссөн. 2013 онд төгссөнөөс хойш сум дундын эмнэлэгт мэс заслын үйл ажиллагаа хийгдэх боломжтой байхад нэг ч мэс заслын үйл ажиллагаа явагдаагүй. Манай дээр шалгалт ирэхэд мэс заслаа хий, нарийн мэргэжлийн эмчтэй байж мэс засал хийгдээгүй байна гэдэг. Р.С-г эмчлэгч эмчээр авсан ч гэсэн нарийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахгүй, явуулсан ч гэсэн Р.С нь ёс зүйн доголдол гаргадаг. Р.С-аас болж эмнэлгийн ажилчид хоёр тал болж хуваагдаж байсан удаа ч байгаа. Тийм учраас Р.С-г ажлын байран дээр шаардлага хангахгүй байна гэж үзээд ажилд авахгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Р.С шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа сумын эмнэлгийн эрхлэгч эмчийн орон тоонд ажлын байр зарлан явуулсан, Б.Э нь 1 оноогоор илүү гарсан гэх үндэслэлээр Засаг дарга Б.Э-ыг эрхлэгч эмчээр томилон 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Б/03 дугаар захирамжийн 3-т Р.С-г байгууллагын орон тоонд багтаан ажлын байраар хангаж ажиллахыг Сум дундын эмнэлгийн эрхлэгч Б.Э-д даалгасан боловч өдий хүртэл эмнэлэгт эмчлэгч эмчийн орон тоо байсаар байтал ажилд авах тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Р.С-г тус эмнэлэгт ажлын байраар ханган ажиллуулах тушаал гаргахыг эрхлэгч эмч Б.Э-д даалгаж, ажилгүй байгаа хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Бигэр сумын Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтуудыг үндэслэн Р.С-г 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн байна. Мөн өдрөө Б/04 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, Төрийн албаны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар тогтоол зэргийг үндэслэн Б.Э-ыг Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчээр томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаар сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх бөгөөд байгууллагын удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Мөн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд харьяалах дээд шатныхаа төсвийн захирагч буюу Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг тул Засаг дарга болон эрхлэгч эмчийн хоорондын хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиар зохицуулахаар байна.

Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байхаар зааснаас үзэхэд Төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагч эрхлэгч эмчийн тухайд төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн байх шаардлагыг хангасан байх ёстой.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.2 дэх хэсэгт зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх бусад төсвийн байгууллага (хүн эмнэлэг, ...соёлын төв, номын сан зэрэг бусад байгууллага)-ын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл” зохион байгуулах, журмын 8.1.3-т “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх”, журмын 8.2-т “Томилох эрх бүхий этгээд Салбар зөвлөл буюу аймаг, нийслэлийн Боловсролын газраас нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөл Бигэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Бигэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авч тэнцсэн Б.Э-ыг томилуулахаар нэр дэвшүүлэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар албан бичгийг хүргүүлснээр Бигэр сумын Засаг дарга Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С-г ажлаас чөлөөлж Б.Э-ыг томилсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Р.С-ийн Засаг даргын  2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р.С өмнө нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд Бигэр сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96, 2016 оны 10 дугаар сарын 28-ны Б/01 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр /09 дүгээр шүүхийн шийдвэр/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр /221/МА2017/0376 дугаар магадлал/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны 309 дүгээр тогтоолоор хянагдаж Р.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Бигэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ны Б/01 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.С-г Говь-Алтай аймгийн Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Бигэр сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж Р.С-г 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.С-ийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ