Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.А, Ц.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

             Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор                                                      Ц.Батбямба,

 шүүгдэгч нарын өмгөөлөгч                     Ц.Раашзэвэг,

 нарийн бичгийн дарга                             А.Доржпүрэв нарыг оролцуулан

 Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолтой Ж.А, Ц.Э нарт холбогдох 201619000694 дугаартай 542 хуудас 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.А, Ц.Э нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. 29 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эх, охины хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 3-35 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2003 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2005 оны 09 сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2009 оны 03 сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2012 оны 06 сарын 07-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Ж.А /РД:ДЮ/.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эцэг, эх, ах, 2 дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 11-03 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2005 оны 09 сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2007 оны 09 сарын 03-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах, 2011 оны 09 сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 03 сарын 27-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил, 7 сар, 8 хоногийн хорих ялаар, 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Ц.Э / РД:ДЮ/.

 

Шүүгдэгч Ж.А давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг Баянхошууны 43А-3 тоотод оршин суух хохирогч Б.Уламбаярын байшинд буюу орон байранд нэвтэрч 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга,  мөнгөн хос зэмэг, мөнгөн 1 ширхэг бөгж, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг зэргийг хулгайлж, 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөгний хохирол,

 Мөн яллагдагч Ж.А, яллагдагч Ц.Э нар давтан, бүлэглэж, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 06-09-ний хооронд Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг Усны аж ахуйн жишиг хорооллын 106 тоот хашаанд оршин суух хохирогч Б.А-н хувийн байшин буюу орон байранд нэвтэрч, Самсунг маркийн 43 инчийн LCD зурагт, хар өнгийн богино савхин куртика, ребоок гэсэн бичигтэй эмэгтэй хүний цагаан өнгийн нэг хос пүүз, Самартишн гэсэн бичигтэй хар өнгийн rap утас, ноолууран эмэгтэй хүний өмд, цамц, хүрэн өнгийн эмэгтэй хүний нарны шил, улаан хүрэн өнгийн хамбан бүтээлэг, мөнгөн бугуйвч, өмд тус бүр 1 ширхэг зүйл хулгайлан 645.000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол,

2016 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 40-08 тоот хашаанд оршин суух хохирогч Я.Пагмаажавын хувийн байшин буюу орон байранд нэвтрэн орж Свуровский шигтгээтэй ээмэг, гинж зүүлтийн хослол, том цэнхэр шигтгээтэй свуровский шигтгээтэй хос ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, эрэгтэй хүний өвлийн куртика 2, гагнуурын аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ж.А, Ц.Э нарыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн, орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Шүүгдэгч Ж.А, Ц.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.А-д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 3 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Ц.Э-д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жил 1 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жилийн хорих ялыг,

шүүгдэгч Ц.Э 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3,  59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.А, Ц.Э  нарын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 161 хоног буюу нийт цагдан хоригдсон 260 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.А-с хохирогч Д.Алтанзулд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн 50% болох 75.000 /далан таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаярт 338.700 /гурван зуун гучин найман мянга долоон зуу/ төгрөгийн 50% болох 169350 /нэг зуун жаран есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг, хохирогч Б.Уламбаярт 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийн 50% болох 335.000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийг, хохирогч Я.Пагмаажавт 1.440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн 50% болох 720.000 /долоон зуун хорих мянга/ төгрөгийг,

 Ц.Э-с хохирогч Д.Алтанзулд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн 50% болох 75.000 /далан таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаярт 338.700 /гурван зуун гучин найман мянга долоон зуу/ төгрөгийн 50% болох 169.350 /нэг зуун жаран есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг, хохирогч Б.Уламбаярт 670.000 / зургаан зуун далан мянга/ төгрөгийн 50% болох 335.000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийг, хохирогч Я.Пагмаажавт 1.440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/  төгрөгийн 50% болох 720.000 /долоон зуун хорих мянга/ төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн олгож,

 Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Сэрүүн овогт Жанчивын Алтанбагана,  Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.А, Ц.Э нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ж.А, Ц.Энарын хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдэд заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 зүйлийн 145.2 дахь хэсгээр ял халдаасан нь зөв байна. Эд нарын хэрэг нь таслан шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн байх тул Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-дугаар сарын 06-ний өдөр 10 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Ад эрүүгийн хуулийн 145 зүйлийн 145.2 дахь хэсгээр 4 жил 6 cap, Ц.Эрдэнэбаярт мөн хуулиар 03 жил 1 сарын хорих ял ноогдуулжээ. Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10-дугаар сарын 23-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 зүйлийн 145.2 дахь хэсгээр Ж.А, Ц.Энарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял ноогдуулж Эрүүгийн хуулийн 57дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгээр ялыг нэгтгэхдээ техникийн алдаа гаргаж хөнгөн ялд хүнд ялын зарим хэсгүүдийг нэгтгэж хуулийг буруу хэрэглэжээ. Өмнөх тогтоолоор Ж.А-д оногдуулсан 4 жил 6 сарын ял дээр шинээр оногдуулсан 2 жилийн ялын зарим хэсэг болох 6 сарын ялыг нэмж 5 жил хорих, Ц.Эрдэнэбаярт ногдуулсан 2 жилийн ялыг өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын ялд нь багтаах ёстой байтал 2002 оны Эрүүгийн хуулийн 58 зүйлийг хэрэглэж байгаа арга техникээр шинээр оногдуулсан ял дээрээ өмнөх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй хэсгийг нэмж тэдгээрийн эдлэх ялыг тогтоосон нь 2002 оны Эрүүгийн хуулийн 57дугаар зүйлийн 1, 3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байна.  Шинээр ял оногдуулсан шийтгэх тогтоолд өмнөх тогтоол гарахын өмнө урьдчилан хоригдсон Ж.А-н 237 хоног, Ц.Э-н 246 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцоогүй хохироожээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар энэ хоёрын анхны болон сүүлчийн тогтоол гарах үеийн урьдчилан хоригдсон бүх хоног анхны шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдох хугацаа хүртэлх хоног, түүнээс хойш тогтоол гаргах хүртэл хоригдсон хоног зэрэг өмнөх шүүхийн тогтоолоор бүрэн буюу хагас эдлэсэн бүх хоногийг бүрэн тооцох байтал миний дээр дурьдсан Ж.А  237 хоног, Ц.Э  246 хоногууд тооцогдохгүй орхигдсон байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж техникийн ба хоногийн алдааг залруулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.А давтан үйлдлээр хохирогч Б.Уламбаярын гэрээс 640 000 төгрөгний эд зүйл, Ж.А, Ц.Энар нь бүлэглэн хохирогч Б.Алтанзулын гэрээс 645 000 төгрөгний эд зүйл, Я.Пагмажавын гэрээс 1 440 000 төгрөгний эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 2 жил хорих ял оногдуулахаар шийдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.А давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө хохирогч Б.Уламбаярын орон байранд нэвтэрч 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөгний эд зүйл хулгайлсан,

- Шүүгдэгч Ж.А, Ц.Э нар давтан үйлдлээр, бүлэглэж 2016 оны 10 дугаар сарын 06-аас 09-ний өдрийн хугацаанд хохирогч Б.Алтанзулын орон байранд нэвтэрч 645.000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийн эд зүйл хулгайлсан,

- 2016 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө хохирогч Я.Пагмаажавын орон байранд нэвтэрч 1440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас1 хуудас 7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №122,4587 /хавтас1 хуудас 34,193/, эд зүйлийн үнэлгээ /хавтас1 хуудас 120,224,109, 247/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/ хавтас1 хуудас 15-16,103/, эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтас1 хуудас 100-101/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтас1 хуудас 112-115/, хохирогч иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нарын  мэдүүлгүүд зэрэг  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Шүүгдэгч  нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн  давж заалдах гомдлыг хянавал:

 Говь-Алтай аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 сарын 06-ны өдрийн 10 дугаарт шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.А 237 хоног, шүүгдэгч  Ц.Э246 хоног цагдан хоригдсон болохыг шийтгэх тогтоолд заасан байх ба анхан шатны шүүх энэхүү цагдан хоригдсон хоногуудыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолд заагаагүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно” гэж зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Рашзэвэгийн давж заалдах гомдлын энэ талаар бичсэн хэсгийг хангаж, шийтгэх  тогтоолд зөвтгөсөн өөрчлөлтийг  оруулах нь зүйтэй байна. 

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын биечлэн эдлэх ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар тогтоохдоо Эрүүгийн хуулийг  хуулийг зөв хэрэглэсэн байх тул энэ талаархи өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Үндэслэл нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгч нарын биечлэн эдлэх ялыг тогтоохдоо хөнгөн ялыг хүндэд нь багтаах уу, нэмж нэгтгэх үү” гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд анхан шатны шүүхийн сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн хорих ялын заримыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоосон нь, тэдэнд оногдуулсан ялын хэмжээ нь тус тус тэдний гэм буруу, үйлдсэн хэргийн хэр хэмжээнд бүрэн тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин яллагдагч Ж.А Ц.Э нарын цагдан хорих хугацааг сунгасан 2017 оны 09 сарын 29-ны өдрийн 609 дугаартай “...шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, шүүхийн тамга дарагдаагүй...” шүүгчийн захирамжийг хэрэгт /2-р хх-ийн  246 дахь тал/ хавсаргасан хайхрамжгүй, хариуцлагагүй зөрчлийг анхан шатны шүүх гаргасан байгааг дурьдаж, цаашид энэ мэт зөрчлийг гаргахгүй ажиллах шаардлагатайг анхааруулж байна.

Гэхдээ энэ хугацаанд шүүгдэгч нар цагдан хоригдож байсан, цагдан хоригдсон хугацаа тасалдаагүй болох нь бусад баримтаар тогтоогдож байх тул энэ хугацаанд цагдан хоригдсоноор хоногийг тооцсон нь зөв байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.А, Ц.Э нарын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 161 хоног буюу нийт цагдан хоригдсон 260 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн хэрэгт шүүгдэгч Ж.А цагдан хоригдсон 260 хоног, шүүгдэгч Ц.Э-н цагдан хоригдсон 260 хоног, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг  дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 сарын 06-ны өдрийн 10 дугаарт шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч Ж.А цагдан хоригдсон 237 хоног, шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон 246 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж өөрчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч  нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

    ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                     Г.БОЛОРМАА