Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

  

    2020            06           15                                         2020/ШЦТ/388                                 

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Ж-ийн Э-, Ц овогт С-ын С- нарт холбогдох эрүүгийн 20100 0631 0550 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Ж.Э, С.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Ж-ийн Э- /РД:/,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт С-ын С- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.С нь Ж.Этай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Ж.Ц-гийн Худалдаа хөгжлийн банкны картнаас уншуулаад, авалгүй орхисон 500.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэнд, 

Шүүгдэгч Ж.Э нь С.Стой бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Ж.Ц-гийн Худалдаа хөгжлийн банкны картнаас уншуулаад, авалгүй орхисон 500.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Э, С.С нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах тайлбар мэдүүлэг байхгүй байна. Бид хоёр хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тэнцүү хувааж төлсөн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч С.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах тайлбар мэдүүлэг байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0631 0550 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Ц-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх-Саран” сувилалд амрахаар очсон. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед найз Майтуяа над руу залгаж “мөнгөний хэрэг байна, боломжтой бол 2.0 сая төгрөг зээлээч” гэхээр нь “надад мобайл банк байхгүй, ирээд бэлнээр авчих” гэж хэлсэн. Орой 20 цагийн үед Майтуяа сувилал дээр ирээд, бид хоёр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Хаан банкны АТМ дээр очиж Худалдаа хөгжлийн банкны картнаас 1.0 сая төгрөг авахаар уншуулахад уншихгүй байсан. Дахин картаа уншуулж 500.000 төгрөг авахад болж байхаар нь дахин 500.000 төгрөг нэмж аваад, 3 дахь удаагаа авах гэхэд “гүйлгээ хийх боломжгүй байна” гэсэн. Тэгээд би картаа аваад гараад явсан. Тухайн үед би гар утсаа сувилалд орхисон байсан ба сувилалд ирээд харахад 3 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн зурвас ирсэн байсан. Тухайн үед орой болсон байсан учир би дахин АТМ ороогүй, Худалдаа хөгжлийн банк руу залгаж болсон асуудлын талаар хэлэхэд “ажлын 3 хоногийн дотор шалгаж өгье” гэж хэлсэн. Тэгээд дахин залгахад “Хаан банкнаас хариу ирсэн, 3 дахь удаад нь 500.000 төгрөг гарсан байна. АТМ дотор зогсож байсан 3 залуу авсан байна” гэж хэлэхээр нь цагдаад хандсан.

Би 3 дахь удаа гүйлгээ хийх гэхэд боломжгүй байна гэсэн бичиг гарахаар нь картаа аваад явсан, намайг явсаны дараа мөнгө гарч ирсэн байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-9х/,

 

2. Хохирогч Ж.Ц-гийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 26-27х/,

 

3. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, туул 5 дугаар гудамжны 25 тоотод байрлах Хаан банк Нисэх тооцооны төвийн В заалны АТМ-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 18-22х, 23х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Эын яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 30 минутын үед хамаатны эгчээсээ зээлсэн 20.000 төгрөгөө данс руу нь шилжүүлэхээр нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 10-02 тоотод байх гэрээсээ гарахдаа өөрийн найз С руу залгаад “АТМ орох гэсэн юм, ханьдаа яваад ирэх үү” гэхэд С зөвшөөрсөн. Тэгээд нөхөр бид хоёр Солонгыг гэрээс нь очиж аваад, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Био комбинатын Хаан банкны АТМ орсон. Манай найз С машинаас түрүүлж буугаад, АТМ рүү ороод нөхөр бид хоёр араас нь орсон. Бидэнтэй зөрөөд 2 эмэгтэй хүн гарч байсан бөгөөд нөхөр бид хоёрыг ороход С 20.000 болон 10.000 төгрөгийн дэвсгэртүүд бариад зогсож байсан. Тэгээд хүмүүс нь эргэж орж ирж мөнгөө авах байх гээд хүлээсэн боловч хүн ирээгүй. Би картаа машиндаа орхисон байхаар нь эргэж гараад машинаасаа картаа аваад, 20.000 төгрөг данснаасаа бэлнээр аваад бид 3 машиндаа суугаад явсан. Тухайн үед камер шүүгээд олоод ирж мөнгөө авах байх гээд явцгаасан. Замдаа найзыгаа буулгаад нөхөр бид хоёр явсан бөгөөд С нөгөө мөнгийг аваад үлдсэн.

Энэ мөнгийг олж авснаас хойш 7 хоногийн дараа С “нөгөө мөнгийг чинь хүн сураглаж ирсэнгүй, хоёулаа хувааж авъя” гэхээр нь би “тэгье” гээд 220.000 төгрөгөөр нь тэнцүү хувааж авч, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулаад хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 35х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 29х/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 34х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Солонгын яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Э над руу 17 цаг 30 минутын үед залгаж “АТМ орж мөнгө авах гэсэн юм, хамт явах уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Э гэрийн гадаа ирээд залгахаар нь гарахад нөхөртэйгөө өөрийнхөө машинтай явж байсан бөгөөд би машинд нь суугаад Био комбинатын Хаан банкны АТМ орсон. Тэгэхэд бид нартай хоёр хүн зөрөөд гарсан бөгөөд дотор нь хүн байхгүй байсан. Би АТМ дээр яваад очиход мөнгө гарч ирдэг хэсэг нь нээлттэй байсан бөгөөд би байсан мөнгийг аваад, нөгөө хоёртоо “ийм мөнгө байна” гэж хэлсэн. Тэгээд хүмүүс нь орж ирэх байх гээд хүлээсэн боловч хүн орж ирээгүй. Тухайн үед зөрөөд гарсан хоёр хүний мөнгө байж болох юм гэж санаанд ороогүй. Э машиндаа картаа хаясан байна гээд гарч, машинаас нь картыг нь авч орж ирээд Э данснаасаа 20.000 төгрөг аваад буцаад машиндаа суугаад, тэр хоёр намайг гэрт хүргэж өгсөн. Бид гурав манай гэрт орж мөнгийг тоолж үзэхэд 440.000 төгрөг байсан, тухайн үед АТМ дотор байсан бүх мөнгийг л авсан. Яагаад 60.000 төгрөг дутсаныг мэдэхгүй байна.

Мөнгийг гэртээ авч ирээд хураасан бөгөөд 7 хоног хүлээгээд хүн хайж ирэхгүй болохоор нь Этай уг мөнгийг хувааж авсан. Хүний гээсэн зүйлийг цагдаад хүлээлгэж өгнө гэж тухайн үед санаагүй. Хохирлоо барагдуулж, түргэн шуурхай хэргээ шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 31х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 30х/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 32х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ж.Э, С.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ж.Ц- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагч нартай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 69-70х/ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг шүүгдэгч нарт танилцуулан тэдгээрт холбогдох эрүүгийн 20100 0631 0550 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С, Ж.Э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.С, Ж.Э нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Ж.Ц-гийн Худалдаа хөгжлийн банкны картнаас уншуулаад, авалгүй орхисон 500.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:

- хохирогч Ж.Ц-гийн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх-Саран” сувилалд амрахаар очсон. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед найз Майтуяа над руу залгаж “мөнгөний хэрэг байна, боломжтой бол 2.0 сая төгрөг зээлээч” гэхээр нь “надад мобайл банк байхгүй, ирээд бэлнээр авчих” гэж хэлсэн. Орой 20 цагийн үед Майтуяа сувилалд ирээд, бид хоёр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Хаан банкны АТМ дээр очиж Худалдаа хөгжлийн банкны картнаас 1.0 сая төгрөг авахаар уншуулахад уншихгүй байсан. Дахин картаа уншуулж 500.000 төгрөг авахад болж байхаар нь дахин 500.000 төгрөг нэмж аваад, 3 дахь удаагаа авах гэхэд гүйлгээ хийх боломжгүй байна гэсэн. Тэгээд би картаа аваад гараад явсан. Тухайн үед би гар утсаа сувилалд орхисон байсан ба сувилалд ирээд харахад 3 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн зурвас ирсэн байсан. Тухайн үед орой болсон байсан учир би дахин АТМ ороогүй, Худалдаа хөгжлийн банк руу залгаж болсон асуудлын талаар хэлэхэд ажлын 3 хоногийн дотор шалгаж өгье гэж хэлсэн. Тэгээд дахин залгахад “Хаан банкнаас хариу ирсэн, 3 дахь удаад нь 500.000 төгрөг гарсан байна. АТМ дотор зогсож байсан 3 залуу авсан байна” гэж хэлэхээр нь цагдаад хандсан.

Би 3 дахь удаа гүйлгээ хийх гэхэд боломжгүй байна гэсэн бичиг гарахаар нь картаа аваад явсан, намайг явсаны дараа мөнгө гарч ирсэн байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-9х/,

- хохирогч Ж.Ц-гийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 26-27х/,

- Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, туул 5 дугаар гудамжны 25 тоотод байрлах Хаан банк Нисэх тооцооны төвийн В заалны АТМ-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 18-22х, 23х/,

- Шүүгдэгч С.С, Ж.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 57х, 59х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь  мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэж ойлгох бөгөөд “...гээгдэл эд хөрөнгө,...бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.

 

Хэргийн шүүгдэгч С.С, Ж.Э нарын 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Ж.Ц-гийн Худалдаа хөгжлийн банкны картнаас уншуулаад, авалгүй орхисон 500.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч С.С, Ж.Э нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Ж.Ц-д 500.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь түүний “...Би нийт 500.000 төгрөг хүлээн авсан, ...одоо гомдол саналгүй болно.” хэмээн мөнгө хүлээн авсан талаар бичгээр гаргасан тодорхойлолт /хэргийн 41х/ баримтаар нотлогдсон байна.  

 

Хан-Уул дүүргийн прокуророос С.С, Ж.Э нарын дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч С.С, Ж.Э нарыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.        

 

Нэр бүхий шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч С.С, Ж.Э нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримттай байна. /хэргийн 29-30х/

 

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С, Ж.Э нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

- Энэ хэрэгт Ж.Э, С.С нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Ц- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

                                                         ТОГТООХ нь:

 

1. А овогт Ж-ийн Э-, Ц овогт С-ын С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э, С.С нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э, С.С нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт Ж.Э, С.С нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Ц- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Э, С.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН