Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 624

 

 

 

 

 

 

  2020        07          29                                   2020/ШЦТ/624

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/,

  шүүгдэгч Б.Л /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 2011 00000 0545 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ТЛ ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Усны 4-11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,   Б.Л /РД

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Л нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”М ойл” шатахуун түгээх станцын орчим М.Мөнбаярыг  “надтай чи гэж харьцлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хүзүүнд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Хохирогч М.Мөнхбаярын “...Би 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз Бишрэлтийг гэртээ дуудан төрсөн өдрөө урьдчилан тэмдэглэж ганц том пиво ууж сууж байгаад фейсбүүкээр Б.Л ах руу залгаж төрсөн өдөр болж байна гэхэд манай ойролцоо хүрээд ир гэхээр нь Бишрэлттэй цуг очиход Б.Л ах 0.75 литрийн архи бас 2.5 литртэй нэг сав пиво дэлгүүрээс аваад тэрийгээ хуваан ууж байгаад би өөрийн дүү Болормааг машин бариулах гэж дуудтал найз залуутайгаа хүрээд ирсэн, тэгээд юу болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд би ахтай муудалцсан бөгөөд Батхүлэг голоор салгатал Б.Л цааш бай гээд Батхүлэгийн гэдэс хэвлий хэсэгрүү цохихоор нь би яагаад зүгээр байгаа хүнийг цохиж байгаа юм гээд Батхүлэгийг өмөөрөн Б.Л-г нэг удаа гараараа нүүр орчимд нь цохиход Б.Л эргүүлж миний хамарлуу гараараа цохиж миний хамрыг хугалсан өөр зүйл болоогүй... Манай найз Бишрэлт, Болормаа, Батхүлэг нар байсан, өөр хүн байгаагүй ... Зүгээр юм ярьж байхдаа чи гээд хэлчихсэн юм билээ тэгсэн Б.Л ах чи намайг чи гэж харьцлаа гээд хэрүүл маргаан эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч Б.Батхүлэгийн “...замаар өгсөөд алхаж байтал араас Бишрэлт, Б.Л хоёр машинтай ирээд суучих дөхүүлээд өгье гэхэд нь Мөнхбаяр үгүй өөрсдөө явна гэсэн ба Б.Л, Мөнхбаярт хандан чи одоо яагаад байгаа юм гэхэд Мөнхбаяр өөдөөс нь чи тэгээд яах юм гэхэд, Б.Л чи намайг хэн гээд байгаан гээд машинаас бууж ирээд хэрүүл маргаан хийн заамдалцаад авахаар нь би дундуур нь ороод одоо боль гэхэд Б.Л чи хойшоо бол гээд гэдэсрүү нэг удаа цохисон бөгөөд Мөнхбаяр өмөөрөөд Б.Л-тай хэрүүл маргаан хийтэл Б.Л, Мөнхбаярыг заамдаж аваад нүүрлүү гараараа хэдэн удаа цохихоор нь дундуур нь орж салгасан өөр болсон зүйлгүй...Дээрх гэмтлүүдийг Мөнхбаярт, Б.Л гэх залуу учруулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч Б.Болормаагийн “...Дээрх гэмтлүүдийг Мөнхбаярт, Б.Л гэх залуу учруулсан. Миний харснаар Б.Л ах нь эхлээд Мөнхбаярын нүүрлүү нь гараараа цохиж байгаа харагдсан дараа нь газар унасан хойно нь мөн толгойруу нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч Г.Бишрэлтийн “... хурдан болоод өнгөрсөн. Маргалдаж байгаад Мөнхбат нь мөргөсөн. Тэгээд Б.Л нь урдаас нь цохиод хавираад унагаасан. Тэгээд Мөнхбаярын эмэгтэй дүү бид хоёр салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 5351 дугаартай “... М.Мөнхбаярын биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хүзүүнд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 56/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 59/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар тогтоол /хх 65/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62-63/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”М ойл” шатахуун түгээх станцын орчим М.Мөнбаярыг  “надтай чи гэж харьцлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хүзүүнд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч М.Мөнхбаярын “...нэг мэдэхэд би ахтай муудалцсан бөгөөд Батхүлэг голоор салгатал Б.Л цааш бай гээд Батхүлэгийн гэдэс хэвлий хэсэгрүү цохихоор нь би яагаад зүгээр байгаа хүнийг цохиж байгаа юм гээд Батхүлэгийг өмөөрөн Б.Лаг нэг удаа гараараа нүүр орчимд нь цохиход Б.Ла эргүүлж миний хамарлуу гараараа цохиж миний хамрыг хугалсан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, гэрч Б.Батхүлэгийн “...Б.Л чи хойшоо бол гээд гэдэсрүү нэг удаа цохисон бөгөөд Мөнхбаяр өмөөрөөд Б.Лтай хэрүүл маргаан хийтэл Б.Л, Мөнхбаярыг заамдаж аваад нүүрлүү гараараа хэдэн удаа цохихоор нь дундуур нь орж салгасан өөр болсон зүйлгүй...Дээрх гэмтлүүдийг Мөнхбаярт, Б.Л гэх залуу учруулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Б.Болормаагийн “...Дээрх гэмтлүүдийг Мөнхбаярт, Б.Л гэх залуу учруулсан. Миний харснаар Б.Л ах нь эхлээд Мөнхбаярын нүүрлүү нь гараараа цохиж байгаа харагдсан дараа нь газар унасан хойно нь мөн толгойруу нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч Г.Бишрэлтийн “... хурдан болоод өнгөрсөн. Маргалдаж байгаад Мөнхбат нь мөргөсөн. Тэгээд Б.Л нь урдаас нь цохиод хавираад унагаасан. Тэгээд Мөнхбаярын эмэгтэй дүү бид хоёр салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 5351 дугаартай “... М.Мөнхбаярын биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хүзүүнд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч М.Мөнхбаяр нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид сайн дураараа эвлэрсэн..” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Л нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ