| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0408/Э |
| Дугаар | 392 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 392
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-гийн С-т холбогдох эрүүгийн 17100 0539 0417 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Н.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 43 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг биеэр эдэлж байгаад 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ял, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял гэж тогтоосон,
- мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 жил 03 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт 12 жил 03 сар 23 хоног гэж тогтоосныг биеэр эдэлж байгаад 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялыг дүйцүүлэн хасч суллагдсан, Боржигон Б овогт Н-гийн С- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.С нь үргэлжилсэн үйлдлээр:
1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөөний 1-17 тоотод байх иргэн И.Б-ын байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж их гарын чүнчигноров толгойтой хөөрөг 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, 30 см урттай, шар өнгийн үйсэн иштэй, хар өнгийн хуйтай, мөнгөлсөн хутга 1 ширхэг, 16-20 см өндөртэй гуулин Баяннамсрай бурхан 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө мөн тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг гуулин бурхан, Самсунг эс 7 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг эс 3 маркийн гар утас 1 ширхэг, сувдан шигтгээтэй бөгж, архи, гар утас 3 ширхэг, бугуйвч, молор шигтгээтэй хослол, мөнгөн бугуйвч, ээмэг, зүүлт, бэлэн 360.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээрхороо, Энхжин хотхоны 11 тоотод байх иргэн Д.Г-ын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг тусгайлан бэлтгэсэн төмөрөөр эвдэж, хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, бадмаанямбуу болон бодийн нүд нэртэй 2 ширхэг эрх, Самсунг галакси таб 1 ширхэг, 300 америк ам долллар зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад 5.704.398 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 7 тоотод байх иргэн Б.Т-ын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг тусгайлан бэлтгэсэн төмөрөөр эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Айфоне 5 маркийн гар утас 1 ширхэг, Айфоне 7 маркийн гар утас 1 ширхэг, Лексус 570 маркийн автомашин зэргийг хулгайлан авч, бусдад 21.396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дайчдын хөшөөний урд айлд ороход согтуу хүн унтаж байхаар нь хажуу талын өрөө лүү ороод мөнгөн аяга, хөөрөг зэргийг хулгайлан авч гарсан. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө айлд очин цонхоор нь орж ажлын өрөөнөөс 2 ширхэг бурхан, 4 ширхэг мөнгөн аяга аваад гарсан. 2017 оны 9 сарын дундуур “Энхжин” хотхоны дээрээсээ 3 дахь хаусны цонхоор нь орж шүрэн толгойтой хөөрөг, жижиг, том 2 ширхэг мөнгөн эрхийг хулгайлсан. Шүрэн толгойтой хөөрөг, жижиг эрх нь надад байхгүй. Бусад хулгайлсан эд зүйлс Алтанхуяа гэх эмэгтэйд байгаа, дээрх эд зүйлсийг буцааж өгье гэсэн. Хулгай хийсэн үйлдэлдээ маргах зүйл байхгүй, хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлсээ хохирогч нарт буцаан өгмөөр байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 17100 0539 0417 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Б-ын хохирогчоор өгсөн: “...2017 оны 9 сарын 07-ны өдөр би их согтсон байсан учир эхнэр гэрт оруулаад, 1 давхарын том буйдан дээр унтуулсан. Тэгээд би шөнө унтаж байгаад дээшээ хоёр давхарт гарч унтсан. ...би өглөө босоод 1 давхарт том өрөөнд ороход том өрөөний ширээн дээр хөөрөгний уут байсан, мөн сервантны бүх хаалга онгорхой байсан ба сервантан дотор байсан их гарын мөнгөн аяга хоёр ширхэг, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг гэсэн бичиглэлтэй нийт 10 ширхэг мөнгөн аяга, их гарын бор өнгийн Чүнчигноров толгойтой, нухгүй, төмөр халбагатай мөргүй, бөөрөнхий Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хуучны 30 орчим см урттай, шар өнгийн үйлсэн иштэй хар өнгийн хуйтай мөнгөлсөн хутга 1 ширхэг хулгайд алдагдсан байсан.
...2017 оны 9 саоыг 10-ны орой 23 цагийн орчим унтсан. Өглөө сэрэхэд гэрийн эд зүйл эмх цэгцгүй болсон байсан. Манай гэрээс жижиг хэмжээтэй хоёр ширхэг гуулин бурхан, Самсунг галакси эс 7 маркийн гар утас, Самсунг эс 3 маркийн гар утас, эхнэрийн сувдан шигтгээтэй бөгж, мөн буудалд барьцаанд тавьсан байсан 3 хүний гар утас, охины цуглуулга чулуунууд, бэлэн 360.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 240-241х, 2-р хавтас 61-62х/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г-ын хохирогчоор өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө эрт ажилдаа яваад шөнө гэртээ ирсэн. Унтахдаа цүнхээ 1 давхарт ил тавиад унтсан. Өглөө 9 цагийн үед сэрээд үзэхэд 1 давхарт цүнх онгорхой, доторхыг нь уудалсан байсан. Манай гэрээс дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, энэ хөөрөг нь 25.0 орчим сая төгрөгийн үнэтэй. 2 ширхэг эрх, 1 эрх нь 108 ширхэгтэй Бадмаанямбуу эрх юм, хоёр талдаа мөнгөн хонх очир хоёртой. Энэ эрх нь 100.000 төгрөгийн үнэтэй, Энэтхэг Улсаас авч байсан. Нөгөө эрх нь 21 ширхэгтэй, бодийн нүд гэдэг эрх, 400 орчим ам долларын үнэтэй. Бас Энэтхэг Улсаас авсан. Мөн Самсунг галакси таб, 1.0 сая төгрөгөөр авч байсан. Эдгээр зүйлс алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 167-168х/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-ын хохирогчоор өгсөн: “...2017 оны 9 сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 7 тоотод байх гэртээ нөхөр, хүүхдүүдийн хамт унтсан. Шөнийн 05:30 цагийн үед миний унтлагын өрөөний цонхор доор байрлуулсан Лексус 570 маркийн автомашин асахаар нь цонхоор харахад хар өнгийн цамцтай хүн, манай нөхөртэй ойролцоо царайтай залуу байсан, машин ухрахдаа эвгүй хөдлөөд байхаар нь нөхрийнхөө унтаж байсан өрөөнд ороход нөхөр унтаж байсан. ...Манай гэрээс том өрөөний зурагтны тавиур дээр байсан цагаан өнгийн Айфоне 5 маркийн гар утас нэг ширхэг, мөн миний унтлагын өрөөнд орон дээр байсан ягаан өнгийн гадаргуутай Айфоне 7 маркийн гар утас тус алдагдсан байна. Мөн зурагтны урд байсан автомашины түлхүүр авч гадаа байсан автомашиныг хулгайлан авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 55-56х/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ц.Дэнсмаа /хэргийн 1-р хавтас 243х, 2-р хавтас 64-65х/, гэрч Д.Наранцэцэг /хэргийн 1-р хавтас 61х/ нарын мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 20-27х, 152-159х, 226-233х, 2-р хавтас 38-52х/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 28-34х, 36-45х/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно”, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хэргийн 1-р хавтас 90-91х, 92-93х, 193-194х, 2-р хавтас 10-11х, 2-р хавтас 81-82х, 84-86х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 05/581 дугаар дүгнэлт /хэргийн 1-р хавтас 72-78х/,
Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 205х, 2-р хавтас 101/, шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 2-р хавтас 103-106х, 106-112х/, шүүгчийн захирамжийн хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 113-116х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-р хавтас 129х/, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн тодорхойлолт /хэргийн 2-р хавтас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч Н.Сыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Н.С нь үргэлжилсэн үйлдлээр:
1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөөний 1-17 тоотод байх иргэн И.Б-ын байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж их гарын чүнчигноров толгойтой хөөрөг 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, 30 см урттай, шар өнгийн үйсэн иштэй, хар өнгийн хуйтай, мөнгөлсөн хутга 1 ширхэг, 16-20 см өндөртэй гуулин Баяннамсрай бурхан 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө мөн тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг гуулин бурхан, Самсунг эс 7 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг эс 3 маркийн гар утас 1 ширхэг, сувдан шигтгээтэй бөгж, архи, гар утас 3 ширхэг, бугуйвч, молор шигтгээтэй хослол, мөнгөн бугуйвч, ээмэг, зүүлт, бэлэн 360.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээрхороо, Энхжин хотхоны 11 тоотод байх иргэн Д.Г-ын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг тусгайлан бэлтгэсэн төмөрөөр эвдэж, хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, бадмаанямбуу болон бодийн нүд нэртэй 2 ширхэг эрх, Самсунг галакси таб 1 ширхэг, 300 америк ам долллар зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад 5.704.398 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 7 тоотод байх иргэн Б.Т-ын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг тусгайлан бэлтгэсэн төмөрөөр эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Айфоне 5 маркийн гар утас 1 ширхэг, Айфоне 7 маркийн гар утас 1 ширхэг, Лексус 570 маркийн автомашин зэргийг хулгайлан авч, бусдад 21.396.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс шүүгдэгч Н.Сыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Н.Саас 12.872.398 /арван хоёр сая найман зуун далан хоёр мянга гурван зуун ерөн найм/ төгрөгийг гаргуулж, хохирогч И.Б-д 5.240.000 /таван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг, хохиргч Д.Г-ад 5.704.398 /таван сая долоон зуун дөрвөн мянга гурван зуун ерөн найм/ төгрөг, хохирогч Б.Т-д 1.936.000 /нэг сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөг тус тус олгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус нийт 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсон байх тул “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцов. /хэргийн 1-р хавтас 98х, 197х, 2-р хавтас 160х/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Н-гийн С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 4 дэх заалтад зааснаар Н.Сыг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ст оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сын цагдан хоригдсон нийт 53 /тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Н.Саас 12.872.398 /арван хоёр сая найман зуун далан хоёр мянга гурван зуун ерөн найм/ төгрөгийг гаргуулж,
- хохирогч И.Б-д 5.240.000 /таван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг,
- хохиргч Д.Г-ад 5.704.398 /таван сая долоон зуун дөрвөн мянга гурван зуун ерөн найм/ төгрөг,
- хохирогч Б.Т-д 1.936.000 /нэг сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ