| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0401/Э |
| Дугаар | 404 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 404
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Ц.Отгонсүрэн,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-гийн Г-ад холбогдох эрүүгийн 20100 0634 0421 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-гийн Г- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19-374 тоот хашаанд О.Ч-ыг галын дэгээ төмөрөөр цохиж, биед нь зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний склерийн урагдал, зүүн нүдний хараагүйдэл /гэрэл мэдрэхгүй/ хуйх, зүүн нүдний зовхи, хуйх, баруун шанаанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад гэртээ амарсан. Гэтэл 21 цагийн үед манай хашааны урд байх гэрт Ч ах орилж, бусдын амар амгалан байдлыг алдагдуулсан учраас би тэдний гэрт үүссэн нөхцөл байдлыг намжаах зорилгоор орсон. Тэгээд түүнтэй маргалдаж байхад эхнэр нь орж ирээд “намайг алах гээд байна” гэсэн учраас би эгчийгээ өмөөрсөн. Дараа нь Ч ах гадаа манай эгчийг шанаадсан тул би эгчийгээ өмөөрч галын дэгээ төмөр авч түүнийг цохисон.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0634 0421 дугаартай хэргээс:
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 04-006х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Чын хохирогчоор өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 12-ны орой 17 цагийн орчимд гэрээсээ гараад манай гэрээс урагшаа 3 гудамжны урд талд байдаг найын машин дотор 0.2 литрийн Нийслэл нэртэй 2 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд орой 21 цагийн үед машинаас буугаад гэртээ өөрөө алхаж ирсэн ба гэрийн хаалга нүдэхэд манай эхнэр Алтантогос хаалга нээж өгсөн. Гэртээ ороод удалгүй “эхнэрийн төрсөн өдөр” гээд хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Удалгүй байж байхад гаднаас манай эхнэрийн дүү Г орж ирээд надтай хэрүүл маргаан хийгээд, бид хоёр цугтаа гэрээс гарсан. Тэгэхэд галын дэгээ төмөр авч ирээд миний зүүн нүд рүү галын дэгээ төмөрөөр 2 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 20х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Туяацэцэг /хэргийн 25х, 34х/, Ц.Алтантогос /хэргийн 28х, 31х/ нарын гэрчээр өгсөн мэдүүлэг,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №3598 дугаартай шинжээчийн: “...О.Ч-н биед зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний скоерийн урагдал, зүүн нүдний хараагүйдэл /гэрэл мэдрэхгүй/ хуйх, зүүн нүдний зовхи, хуйх, баруун шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65%-аар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 36-37/,
5. Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 56х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 54х/, “Бигүрү” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 85х/, Хан-Уул дүүргийн 9-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 86х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 87х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19-374 тоот хашаанд О.Чыг галын дэгээ төмөрөөр цохиж, биед нь зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний склерийн урагдал, зүүн нүдний хараагүйдэл /гэрэл мэдрэхгүй/ хуйх, зүүн нүдний зовхи, хуйх, баруун шанаанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Гад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Хохирогч О.Ч нь хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад “миний бие Г.Гаас 12.000.000 төгрөг хүлээн авсан тул санал гомдол байхгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж,
Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Г-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Ч нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ