Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 414

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-гийн Э-д холбогдох эрүүгийн 20100 0000 0553 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-гийн Э- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Саарал 7 дугаар байрны 95 тоот гэртээ иргэн О.О-ын хар өнгийн түрийвч, бэлнээр 650.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:                           

1. Шүүгдэгч Б.Эгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0000 0553 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 04-06х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О-ын хохирогчоор өгсөн: “...10 хоногийн өмнө Э гэх эмэгтэйтэй танилцаад 2020 оны 5 дугаар сарын 06-ны орой Этэй уулзаад, хот руу Эгийн гэрт хонохоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 7 дугаар байрны нэг давхарын 95 тоотод ирсэн. Өглөө 13 цагийн үед босоод хувцсаа өмсөх гэхэд миний өмдний зүүн талын халаасанд байсан түрийвч маань алга болсон байсан. Дотор нь миний бичиг баримт, бэлнээр 650.000 төгрөг байсан. Хамт хоносон Э, Саруул хоёроос асуухад мэдэхгүй гэсэн. ...Би хохирлын мөнгөө бүрэн барагдуулж авсан, одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х, 14х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Саруулбуянгийн гэрчээр өгсөн: “...Шөнө бид хэд архи, пиво уусан. Өглөө 13 цагийн үед Отгонбаатар хувцсаа өмсөж байснаа “өмдөнд байсан түрийвч алга, дотор нь бэлнээр 650.000 төгрөг байсан” гэж хэлсэн. Би түрийвч байсаныг хараагүй болохоор “мэдэхгүй” гэж хэлсэн. ...Э авсан байсан байна лээ. “Тус мөнгийг аваад байрны төлбөртөө өгсөн” гэж хэлсэн, хулгай хийсэнийг нь би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

 

4. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хөрөнгийн үнэлгээ /хэргийн 52-54/,

 

5. Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 28х, 39х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 40х/, Хан-Уул дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 33х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Саарал 7 дугаар байрны 95 тоот гэртээ иргэн О.О-ын хар өнгийн түрийвч, бэлнээр 650.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүгдэгч Б.Эгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Эд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хохирогч О.О-т нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул Б.Эгийн хувьд энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б-гийн Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Эд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан Б.Эд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Э нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч О.О- нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                И.ГАНБАТ