Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                           

Х.О, Ч.Б, Б.М, Ц.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                            Б.Эрхэмбаяр,    

шүүгдэгч Х.О өмгөөлөгч      Ц.Раашзэвэг,

шүүгдэгч Ц.Б өмгөөлөгч             Ц.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга                                   А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 753 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч бичсэн эсэргүүцлээр Х.О, Ч.Б, Б.М, Ц.Б нарт холбогдох 1734001420035 дугаартай 291 хуудас 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ЗБУ ........ тоотод оршин суух,  2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Х.О, /Регистрийн дугаар: ОС/.

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо ......  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бууч овгийн Чулуундолгорын Батцэнгэл, /Регистрийн дугаар: ОС83112917/.

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Лүн суманд малчин, Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг хөдөө оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М /Регистрийн дугаар: ПЖ/.

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,   Төв   аймгийн   Угтаалцайдам   суманд   малчин,   Улаанбаатар хот Багахангай дүүрэг хөдөө оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б /Регистрийн дугаар: ОС 2/.

 

  Яллагдагч Х.О нь 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг" гэх газраас хохирогч М.Чойжилсүрэнгийн 2 тооны адууг Б.М Ч.Б нартай бүлэглэн хулгайлж 1.600.000 төгрөгний, 2017 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүйтний хонхорхой" гэх газраас хохирогч Б.Даваасүрэнгийн 1 тооны үхрийг Б.М бүлэглэн хулгайлж 800.000 төгрөгний, 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 5 тооны үхрийг Б.М  Ч.Б , Ц.Б  нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

Яллагдагч Б.М нь 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг" гэх газраас хохирогч М.Чойжилсүрэнгийн  2  тооны адууг Х.О, Ч.Б нартай бүлэглэн хулгайлж 1.600.000 төгрөгний, 2017 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүйтний хонхорхой" гэх газраас хохирогч Б.Даваасүрэнгийн 1 тооны үхрийг Х.О бүлэглэн хулгайлж 800.000 төгрөгний, 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 3 тооны үхрийг Х.О, Ч.Б, Ц.Б нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

Яллагдагч Ч.Б нь 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант. сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг" гэх газраас хохирогч М.Чойжилсүрэнгийн 2 тооны адууг Х.О, Б.М нартай бүлэглэн хулгайлж 1.600.000 төгрөгний, 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 3 тооны үхрийг Х.О, Б.М, Ц.Б нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

Яллагдагч Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 3 тооны үхрийг Х.О, Б.М, Ч.Б нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 753 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О, Ч.Б, Б.М, Ц.Б нарт холбогдох Эрүүгийн 1734001420035 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

Яллагдагч X . Ч.Б. Б.М нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 55 см урттай мяндсан уяаг хэргийн хамт хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Улсын яллагч бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Отгонбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг" гэх газраас хохирогч М.Чойжилсүрэнгийн 2 тооны адууг Б.М, Ч.Б нартай бүлэглэн хулгайлж 1.600.000 төгрөгний, 2017 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүйтний хонхорхой" гэх газраас хохирогч Б.Даваасүрэнгийн 1 тооны үхрийг Б.М бүлэглэн хулгайлж 800.000 төгрөгний. 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 3 тооны үхрийг Б.М, Ч.Б, Ц.Б нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

Б.Мөнхдалай нь 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг" гэх газраас хохирогч М.Чойжилсүрэнгийн 2 тооны адууг Х.О, Ч.Б нартай бүлэглэн хулгайлж 1.600.000 төгрөгний. 2017 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүйтний хонхорхой" гэх газраас хохирогч Б.Даваасүрэнгийн 1 тооны үхрийг Х.О бүлэглэн хулгайлж 800.000 төгрөгний, 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 3 тооны үхрийг Х.О. Ч.Б, Ц.Б нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

Ч.Б нь 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг" гэх газраас хохирогч М.Чойжилсүрэнгийн 2 тооны адууг Х.О, Б.М нартай бүлэглэн хулгайлж 1.600.000 төгрөгийн 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 3 тооны үхрийг Х.О Б.М Ц.Б нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 3 тооны үхрийг Х.О, Б.М Ч.Б нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас Х.Отгонбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан, Б.Мг Монгол Улсын Эрүүгийн хуулийн еренхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан, Ч.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Ц.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 248 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Х.О. Ч.Б, Б.М, Ц.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийсэн байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай байна гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Шүүгчийн захирамжинд: "...Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.М гэрчээр мэдүүлэхдээ “...би Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон худаг "Цагаан дариас" гэх газраас хоёр тооны адуу хулгайлаад байж байтал. Х.О болон Ч.Б нар ирж бид гурав хоёр тооны адууг хийж Ч.Батцэнгэлийн 65-75 УНГ цагаан өнгийн Верна маркын машинд ачиж явсан юм..." гэж, Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.М яллагдагчаар мэдүүлэхдээ "...Ц.Б Х.О ах хоёр л болно бүтнэ баригдахгүй гээд байдаг байсан. Х.О, Ц.Б нар надтай хамт 2 удаа мал хулгайлсан гэж тус тус мэдүүлсэн байна. Иймд яллагдагч Ц.Б хохирогч М.Чойжилсүрэнгийн 2 тооны адуу, хохирогч Б.Даваасүрэнгийн 1 тооны үхэр хулгайлсан үйлдэлд оролцсон эсэхийг тогтоож мэдүүлгийн зөрүүг арилгах..." гэжээ.

- Яллагдагч Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Улаан овоот" гэх газраас хохирогч Тэрбишийн 3 тооны үхрийг Х.О, Б.М, Ч.Б нартай бүлэглэн хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Харин хохирогч М.Чойжилсүрэнгийн 2 тооны адуу, хохирогч Б.Даваасүрэнгийн 1 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэраг зургийн үзүүлэлтүүд болон яллагдагч Х.О, Ч.Б, Б.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно" гэж заасан байх тул яллагдагч нарын мэдүүлгийн эөрөөг гаргах тухай хуульд зохицуулалт байхгүй ба эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагч Х.О, Ч.Б, Б.М нар үйлдсэн гэмт хэргийнхээ талаар зөрөөтэй мэдүүлэг өгөөгүй болно.

2. Шүүгчийн захирамжинд:".....Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Мөнхдалай

"...Х.О ах араас явган ирээд бид хоёр нөгөө үхрийг хамт нядлаад толгой шийрийг нь хаяад махыг нь арьсанд боосон, О.Отгонбаатар ах цаашаа яваад цагаан өнгийн дунд гарын жийп машинтай ирсэн ...машины арын багажийг сөхөөд ачсан" гэх мэдүүлэг. яллагдагч Х.О "...Б.М мөн над руу залгаад үхэр борлуулах гэсэн юм гэж хэлээд унаа олоод ир гэсэн тэгээд би Баянхошууны тойргоос цагаан өнгийн марк нь тодорхойгүй жийп машиныг 100.000 төгрөгөөр хөлслөөд Б.М дээр очиход Б.М тэр үхрийг жалган дотор хийсэн байсан" гэх мэдүүлэг, гэрч Ж.Очирваань "...2017 оны 07 сарын 31-ний шөнө 03 цагийн орчим цагаан өнгийн "Toyota Harrier" маркийн машины жолооч бор царайтай махлаг дунд зэргийн нуруутай залуу үхрийн шир авах уу? гэж асуухаар нь авъя гэж хэлсэн. Намайг очиход хар үхрийн шир машинаас буулгачихсан зогсож байхаар нь үхрийн шир 20.000-40.000 төгрөгний хооронд авч байгаа наад ширийг чинь 20.000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд тэг тэг гээд үхрийн ширээ өгчихөөд яваад өгсөн. Машины улсын дугаарыг харж чадаагүй. Машины арын хоёр гэрэл хар эмжээртэй мөн 2 хаалганы дээд талаар хар эмжээртэй байсан." гэсэн мэдүүлэг, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.М "...Би гэрийнхээ урд талаас олон үхэр дундаас 1 тооны хар том үхрийг морьтой туугаад Эмээлт рүү дөхүүлээд..." гэх мэдүүлэг, "...миний машинд н.Отгонбаатар ах суугаад н.Батцэнгэл өөрийнхөө машинтай Батбаяр ах морио унаад засмал зам ороод Ц.Б ах миний машиныг бариад цааш явсан би морио аваад н.Батбаяр ахын гэрийн гадаа н.Батбаяр ахын портер машинд хоносон..." гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн "Toyota Harrier" маркын машиныг олж тогтоох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.М, Ч.Бн унаж явсан морийг битүүмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна...” гэжээ.

- Яллагдагч Х.О "...2017 оны 07 дугаар сард билүү 08 сард билүү он сараа тодорхой мэдэхгүй байна. Мөнхдалай намайг утсаар дуудаад Отгонбаатар ахаа Эмээлтэд хүрэзд ир би гэрээсээ үхэр борлуулах гэсэн юм гэсэн, тэгэхээр нь би ах нь машин тэрэг байхгүй байна гэхэд Мөнхдалай та хөлсний машин олоод ир мөнгийг өгье гэсэн. Тухайн үед ямар дугаараар залгасныг нь мэдэхгүй байна 18 цагт залгаад 8-9 цагийн үед гараад ир гэсэн тэгэхээр нь би машин хайгаад цагаан өнгийн марк дугаарыг нь мэдэхгүй жийп машин 100.000 төгрөгөөр хөлслөөд дүү малын мах ачуулах гэсэн юм гэхэд хулгайн мах биш биз дээ гэж машины жолооч асуухад нь би биш гээд 100.000 төгрөгөөр тохироод явсан. Тэгээд Эмээлтээс цаашаа нилээд явж байгаад засмал замаас урагшаа шороон зам руу салаад явхад Мөнхдалай 1 тооны хар зүсмийн үхэр нядлаад янзалчихсан байсан. Тэгээд жолооч байдлыг хараад хулгай мал биш үү гэж уурласан тэгэхээр нь бид хоёр гэрээсээ авсан мал гэж хэлээд машинд ачсан арьсыг нь ойролцоох ченжид нь би 20.000 төгрөгөөр өгсөн санагдаж байна. Махыг нь Дэнжийн 1000-д явуулын ченжид 600.000 төгрөгөөр өгсөн...” гэж мэдүүлсэн /хх-ийн 42-44-р хуудас/ байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргхйн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж заасан байна. Яллагдагч Х.О, Б.М нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Даваасүрэнгийн 1 тооны үхрийг хулгайлсан үйлдлээ хүлээн мэдүүлж. хохирогч Б.Даваасүрэнд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул улсын дугаар марк нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаагүй бусдын өмчлөлийн машиныг битүүмжлэх шаардлагагүй юм. Хохирогч Б.Даваасүрэнгийн 1 тооны үхрийг хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа тухайн тээврийн хэрэгслээр яллагдагч Х.О очсон болох нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн яллагдагч Б.М нь М.Чойжилсүрэнгийн 2 тооны адуу, Б.Даваасүрэнгийн 1 тооны үхэр. Л.Тэрбишийн 3 тооны үхрийг тус тус хулгайлж бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан байх тул унаж явсан морийг битүүмжлэх шаардлагагүй юм.

3. Шүүгчийн захирамжинд: "...Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Батбаяр, Б.М /бичиг үсэг, мэдэхгүй гэх/, Ч.Б нарыг гэрчээр байцаалт авсаны дараа яллагдагчаар мэдүүлэг авсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д “Гэрч нь өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг егөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй" гэж мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т "яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгзз. эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэжээ.

- Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно: мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заааснаар "гэрчээс мэдүүлэг авах" гэж хуульчилсан байх тул Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах явцдаа Х.О, Ч.Б, Б.М. Ц Б нарыг гэрчээр байцаасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн мөрдөгч Х.О, Ч.Б, Б.М, Ц.Б нарыг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг тус тус танилцуулсны үндсэн дээр байцаалт явуулсан байна.

Улсын яллагчийн зүгээс Х.О, Ч.Б, Б.М, Ц.Б нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгоогүй. яллах дүгнэлтэнд ч дурьдаагүй.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгзэр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ" хэмээн заасан байдаг.

Иймд эрүүгийн 1734001420035 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх яллагдагч Х.О, Ч.Б, Б.М, Ц.Б нарын гэм буруугийн асуудлыг бүрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

Х.О. Ч.Б, Б.М Ц.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаах тухай Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 753 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

Шүүгдэгч Х.О өмгөөлөгч Ц.Раашзэвэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Ц.Б нь цагдан хоригдоод 2 сар 2 хоног болсон. Ц.Б таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:         

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд яллагдагч Х.О, Ч.Б, Б.М, Ц.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан  анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 753 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх яллагдагч Ц.Б хохирогч М.Чойжилсүрэнгийн 2  адуу, хохирогч Б.Даваасүрэнгийн 1 үхэр хулгайлсан үйлдэлд оролцсон эсэхийг тогтоож мэдүүлгийн зөрүүг арилгах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн “Тоуота Нarrier” маркийн машиныг олж тогтоох, морийг битүүмжлэх, Ц.Б, Б.М, Ч.Б нарыг гэрчээр байцаасны дараа яллагдагчаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй  байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой байхад заавал мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх шаардлагагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл мэдүүлгийн зөрүүг арилгах, морь, “Тоуота Нarrier” маркийн машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогчдоос асууж тодруулан, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоон хэргийг  шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 753 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.   Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг ханган, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 753 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

            2. Яллагдагч Х.О, Ч.Б, Б.М, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд буцаасугай.

 

3.  Хэрэг шүүхэд очтол яллагдагч Х.О, Ч.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах, Ц.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

    ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                     Г.БОЛОРМАА