Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Т.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* О.Б-д холбогдох, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, уг тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг ******* сумын *******д даалгуулах, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг завхруулж байгаа этгээдэд хуулийн хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх, 2015 онд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан 3.300.000 төгрөгийг олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Т.Ц, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 онд ******* сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн ажилтнаар түр томилогдон орж, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр жинхлэгдэн ажиллаж байгаад улмаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Миний бие тухайн үед Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаан дээрээ ажилдаа эргэж орохгүй, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжээ авахаар, Тамгын газрын дарга шүүх хуралдаанаас гараад миний тэтгэмжийг өгнө гэж тохиролцсон юм. Үүнээс хойш миний тэтгэмжийг одоо болтол өгөөгүй байна, чамд тэтгэмж өг гэсэн шүүхийн шийдвэр байхгүй гэх үндэслэлээр ******* сумын ******* гаргасан тушаалаа биелүүлэхгүй өдий хүрч байна. Миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч захиргааны хэргийн шүүхэд ханд гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, уг тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг ******* сумын ******* О.Б-д даалгуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар Төрийн албаны тухай хууль тогтоомжийг завхруулж байгаа этгээдэд хуулийн хариуцлага тооцуулах, тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх, 2015 онд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан 3.300.000 төгрөгийг олгуулахаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.

Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Ц нь 2016 онд орон тооны цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед тэтгэмжээ ав гэсэн боловч татгалзаж, шүүхээр явна, эргэж ажилдаа орно гэж яваад тэтгэмж нь хугацаа алдаж, 2016 онд буцаан татагдсан. Тэр мөнгө 2016 оны иргэдийн хурлаар батлагдсан байсан. 12 сардаа тухайн хүн аваагүй. 2017 оны иргэдийн хурлаар ямар ч мөнгө төсөвт суугдаагүй. Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр дээр эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл өгөөгүй гэж байна. Төсөвт мөнгө суугдаагүй учраас нөхөж олгох боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, уг тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг ******* сумын *******д даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг завхруулж байгаа этгээдэд хуулийн хариуцлага тооцуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх, 2015 онд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан 3.300.000 төгрөгийг олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжийг үндэслэн Т.Ц-ийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалын 3 дахь заалтад Т.Ц-д холбогдох хуулийн дагуу тэтгэлэг олгохыг зөвшөөрсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан. ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 14 хүний орон тоогоор баталж, сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтны орон тоо хасагдсан байна.

Төрийн албан хаагч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах зэрэг нэмэгдэл баталгаагаар хангагдахаар байна.

Т.Ц-ийн тухайд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдаж, ажлаас чөлөөлөгдсөн байхад хуулиар олгогдсон төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч хуульд заасан тэтгэлэг авах эрх үүссэн байхад төсөвт мөнгө суудаагүй учраас нөхөж олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалын 3 дахь Т.Ц-д холбогдох хуулийн дагуу тэтгэмж олгохыг нягтлан бодогч Д.Э-д зөвшөөрсүгэй заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тушаалын 3 дахь заалт болох нэхэмжлэгч Т.Ц-д хуульд заасан нэг удаагийн тэтгэлэг олгох заалтыг хэрэгжүүлэхийг ******* сумын *******д даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар төрийн албаны тухай хууль тогтоомжийг завхруулж байгаа этгээдэд хуулийн хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч Т.Ц өмнө нь захиргааны хэргийн шүүхэд ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, өөр ажилд томилохыг ******* сумын Засаг даргад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 111/ШШ2017/0039 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээн тогтоох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд аливаа төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага тооцох эрх бүхий байгууллага биш байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...өмнө 2015 онд 3.300.000 төгрөг батлаад 1.100.000 төгрөгийг Н-д өгсөн гэж байгаа. Түүний 2.200.000 төгрөгийг намайг ав гэсэн. Гэхдээ дараа оны төсвийн тодотголоор өгнө гэж Засаг дарга хэлсэн. Өнөөдрийг хүртэл төсвийн тодотгол хийж надад нэг ч төгрөг өгөөгүй ...3 дахь заалт нь 3.300.000 төгрөг байсан гэж тодотгож өгөөд байгаа ... холбогдох мөнгийг бодож гаргуулна гэснээс үзэхэд 3.300.0000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгнөөс 1.100.000 төгрөгийг Н-д олгосон үлдэх 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн тэтгэмж авах ёстой байсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа нь Б/01 дугаар тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг ******* сумын *******д даалгах нэхэмжлэлийн шаардлагатай агуулгын хувьд ижил байх бөгөөд шүүхээс нэмэгдүүлсэн шаардлага болох 3.300.000 мянган төгрөгийг олгуулах талаар шийдвэр гаргах боломжгүй харин хуульд заасны дагуу нэг удаагийн тэтгэлгийг бодож олгох, тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэснээр дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ц-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тушаалын 3 дахь заалт болох нэхэмжлэгч Т.Ц-д хуульд заасан нэг удаагийн тэтгэлэг олгох заалтыг хэрэгжүүлэхийг ******* сумын *******д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Ц-ийн төрийн албаны тухай хууль тогтоомжийг завхруулж байгаа этгээдэд хуулийн хариуцлага тооцуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын Засаг даргын Тамгын газраас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛБАДРАХ