Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01378

 

Н.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00176 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00053 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Н.О

         Хариуцагч: ХХҮГт холбогдох

         Тэтгэмжийн үлдэгдэл 2.493.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн газарт жижүүр, асрагчаар 1993 оны 5 дугаар сард томилогдон ажиллаж байсан. Үүнээс хойш одоо хүртэл тус байгууллагад ажиллаж байна. Ажил олгогч намайг 2017-04- 21-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай 30 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 2017-04- 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч нь тухайн үед Н.О намайг үүрэгт ажлаас чөлөөлөх үед 12 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөхөөр тохиролцсон. Гэтэл 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2.493.000 төгрөгийг 2017-12- 25-ны өдөр   шилжүүлсэн байна. 2018 он гараад Б.Сьезхан даргатай хэд хэдэн удаа очиж уулзаж үлдсэн 6 сарын тэтгэмжийн мөнгийг нэхсэн боловч өгөхгүй байна. Тус байгууллагад урьд ажиллаж байсан Х.Шагила нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус байгууллагаас олгож байсан. Иймд Н.О миний өндөр насны тэтгэвэрт гарахад үйлчилгээний албан хаагчдад төрөөс олгох 12 сарын тэтгэмжээс үлдсэн 2.493.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс гаргаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.О 2017-04- 21-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтийн дагуу гарсан. Тэр үед манай нягтлан бодогч Ж.Мухибат нь Н.Огийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн материалыг аймгийн Төрийн сангийн мэргэжилтэн н.Өмирзахт хүлээлгэж өгсөн. 2017 оны 12 дугаар сард Н.Огийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болох 6 сарын цалинтай тэнцэх 2.492.000 төгрөгийг өгсөн. Төрийн сангийн мэргэжилтэнээс тэтгэмжийн талаар лавлахад төрийн үйлчилгээний ажилтанд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 6 сар болсон гэсэн хариу өгсөн. Миний бие Төрийн сангаас тогтоож өгсөн тэтгэмжийг бүрэн олгосон ба дээрх асуудлыг би шийдвэрлэх боломжгүй төрөөс тогтоож өгсөн мөнгийг бүрэн олгосон. Иймд энэ талаар аймгийн Төрийн сан хариуцах нь зүйтэй, хариуцагч нь аймгийн Төрийн сан болно. Тухайн үед тэтгэвэрт гарахад 12 сар хүртэл гэж тушаал гаргасан боловч Төрийн сан 6 сарын цалинтай тэнцэх олговрыг өгсөн байна. Энэ тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг тус байгууллага хариуцах боломжгүй болно гэжээ.

       Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00176 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тэтгэмжийн мөнгө болох 2.493.000 төгрөгийг гаргуулан Н.Од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 54.838 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00053 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Огийн ХХҮГт холбогдуулан гаргасан тэтгэмжийн үлдэгдэл 2.493.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.О нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа асрамжийн газарт жижүүр-асрагчаар 1993 оны 05 дугаар сараас хойш 2017 оны 04 дүгээр сар хүртэл 24 жил тасралтгүй ажиллаж байсан юм. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017-04- 21-ний өдрийн 30 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 40.1.3, 42.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн газрын жижүүр асрагч Н.О нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаас нь чөлөөлж, Н.Од буцалтгүй тусламж болох 12 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохыг үйл ажиллагааны нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж зааснаар ажил олгогч нь ажилтан Н.Од 12 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэр гаргасан учраас нэхэмжлэгч уг тэтгэмжийг бүрэн олгож өгөхийг ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тодорхой үр дагавар үүсгэж байх тул тухайн эрх зүйн актаас үүсэх хариуцлагыг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ажил олгогч нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2.493.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард өгсөн ба үлдсэн 6 сарын тэтгэмжийг өгөөгүй буруутай үйл ажиллагаа тогтоогдсон байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Н.О 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ХХҮГт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох тэтгэмжээс үлдэх 6 сарын тэтгэмж 2,493,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. 

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...төрийн сангаас олгосон тэтгэмжийг нэхэмжлэгчид бүрэн олгосон...” гэж маргажээ. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Ажил олгогч нь Н.Од 12 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 30 дугаар тушаал гаргасан байна. 

        Хариуцагч нэхэмжлэгчид 6 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь “...өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрч, ажлаас халагдсан ажилтанд ажил олгогч нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох...” Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцжээ. 

       Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж байгаа ажилтанд халагдсаны тэтгэмж заавал олгох үүрэгтэй бөгөөд тэтгэмжийн доод хэмжээ нь халагдаж буй ажилтны нэг сарын дундаж цалин хөлсөөр хязгаарлагдана .

       Хариуцагч өндөр насны тэтгэвэрт гарах болсон Н.Од халагдсаны тэтгэмж   олгосон байх бөгөөд тэтгэмжийн хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан доод хэмжээнээс доогуур биш байгаа тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

      Түүнчлэн, Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 30 дугаар тушаалтай холбоотой маргаан үүссэн баримт хэрэгт байхгүй, уг тушаалын дагуу  төрийн сангаас шилжүүлсэн тэтгэмжийг хариуцагч нэхэмжлэгчид бүрэн олгосон  байх тул “...үлдэх 6 сарын тэтгэмжийг..” нэмж олгох шаардлагыг хангах боломжгүй байна. 

       Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул  магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00053 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.О, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

       2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ