| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1254/э |
| Дугаар | 1279 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1279
2020 07 08 2020/ШЦТ/1279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат,
Хохирогч П.Цэдэнбал,
Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Од холбогдох эрүүгийн 2006 00728 1401 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгай тоотод байрлах иргэн П.Цэдэнбалын хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Самсунг Эс-7 Эджи” маркийн гар утас, “Элжи” маркийн гар утас зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 290,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч М.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 24-ний орой би хохирогч П.Цэдэнбалын гэрийн цонхоор нь орж, ширээн дээр нь байсан 2 гар утсыг авсан. 2 гар утсыг аваад цонхоор буцаад гарсан” гэх мэдүүлэг[1],
Хохирогч П.Цэдэнбалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-нд би Хэнтий аймаг яваад ирэхэд манайд хулгай орсон байсан. Манайх цонхондоо тортой, торыг цөмлөөд зурагтны тавиурт байсан 2 утсыг авсан байсан. Цагдаад өгсөн зүйл байхгүй. 01 сар гаргаад утасны төлбөр хийх гэтэл ярианы өнгө байсан. Тэгээд юу болов гэхэд шүүгдэгч М.Огийн дүү нь авсан байсан. Тэгээд хаанаас авсан гэхэд манай ахын утас гэсэн. Шүүгдэгч М.Огийн ээжтэй нь уулзаад “танай хүүхэд хулгай хийсэн байна” гэхэд “утасны сим нь гадаа хэвтэж байсан, та нар юун сүртэй юм, та нар өөрсдөө хулгай хийсэн” гэж хэлсэн. Манай хөгшин утсаа сэргээлгэх гэтэл шүүгдэгчийн М.Огийн ярьсан дугаарууд байсан. Дандаа шүүгдэгч М.Огийн гэрийнхэн ярьсан байсан, тэгэхээр нь аавд нь хэлсэн чинь “тийм юм байхгүй, та нар өөрсдөө хулгай хийсэн” гэж хэлсэн. “Зүгээр учраа олъё” гэтэл “та нар хууль цагдаагаараа яв” гэж хэлсэн. Миний 8911-тэй дугаар луу “Юнител” орж шалгуулахад 5500 төгрөгөөр 2 удаа нэгж авсан, 14 удаа мессеж бичсэн байсан. Тэгээд цагдаад өгсөн” гэх мэдүүлэг[2],
Шүүгдэгч М.Огийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын дундуур хэзээ гэдгээ сайн санахгүй байна, манай гэрийн хойд талд байдаг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгай тоотод суух П.Цэдэнбал гэх хүний байшингийн модон цонхоор ороод зурагтын тавиур дээр байсан “Самсунг Эс 7” маркийн утас 1 ширхэг, “Скай” маркийн гар утас 1 ширхэг нийт 2 ширхэг гар утсыг аваад буцаад орсон цонхоороо гарсан...” гэх мэдүүлэг[3],
Хохирогч П.Цэдэнбалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай зуслангийн хашаа байшин Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгайд байдаг. Тэгээд би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зуслангийн байшиндаа байж байгаад Хэнтий аймаг руу яваад 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зуслангийн байшиндаа ирэхэд манай зуслангийн байшингийн урд талын модон цонхны гадна талын тор урагдчихсан байхаар нь байшиндаа ороод үзтэл зурагтны тавиур дээр байсан 89113397 дугаарын симтэй шаргал өнгийн “Самсунг Эс 7 Эджи” маркийн гар утас, 91115396 дугаарын симтэй хар өнгийн “Элжи” маркийн гар утас байхгүй алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг[4],
Хөрөнгийн үнэлгээний тайлан[5],
дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт,[6]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[7],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[9] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.О нь 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгай тоотод байрлах иргэн П.Цэдэнбалын хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Самсунг Эс-7 Эджи” маркийн гар утас, “Элжи” маркийн гар утас зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 290,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч М.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 24-ний орой би хохирогч П.Цэдэнбалын гэрийн цонхоор нь орж, ширээн дээр нь байсан 2 гар утсыг авсан. 2 гар утсыг аваад цонхоор буцаад гарсан” гэх[10],
Хохирогч П.Цэдэнбалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 24-нд би Хэнтий аймаг яваад ирэхэд манайд хулгай орсон байсан. Манайх цонхондоо тортой, торыг цөмлөөд зурагтны тавиурт байсан 2 утсыг авсан байсан.” гэх[11],
Шүүгдэгч М.Огийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын дундуур хэзээ гэдгээ сайн санахгүй байна манай гэрийн хойд талд байдаг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгай тоотод суух П.Цэдэнбал гэх хүний байшингийн модон цонхоор ороод зурагтын тавиур дээр байсан “Самсунг Эс 7” маркийн утас 1 ширхэг, “Скай “маркийн гар утас 1 ширхэг нийт 2 ширхэг гар утсыг аваад буцаад орсон цонхоороо гарсан...” гэх[12],
Хохирогч П.Цэдэнбалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зуслангийн байшингийн урд талын модон цонхны гадна талын тор урагдчихсан байхаар нь байшиндаа ороод үзтэл зурагтны тавиур дээр байсан 89113397 дугаарын симтэй шаргал өнгийн “Самсунг Эс 7 эджи” маркийн гар утас, 91115396 дугаарын симтэй хар өнгийн Элжи маркийн гар утас байхгүй алга болчихсон байсан...” гэх мэдүүлгүүд[13], Хөрөнгийн үнэлгээний тайлан[14], 91115396, 88174439 дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт[15] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хүн байнга амьдрах, ...орон байрт нэвтэрч” гэж хүндрүүлэх шинжийг заасан.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд хүндрүүлэх шинжийн хувьд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаггүй.
“Хүн байнга амьдрах, ...орон байрт нэвтэрч” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонж, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэргээр бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.
Шүүгдэгч М.О нь хохирогч П.Цэдэнбалын өмчлөлийн “Самсунг Эс-7 Эджи” маркийн гар утас, “Элжи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, хохирогчийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн “Хүн байнга амьдрах, ...орон байрт нэвтэрч” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч М.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байрт нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч П.Цэдэнбал нь “хохиролд 290,000 төгрөг авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй[16] гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.О гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,
шүүгдэгч М.Од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “М.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид гэмт хэрэг үйлдсэн болохоо өөрөө илчилж, уучлалт гуйсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Од 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэл
[2] Шүүх хуралдааны тэмдэглэл
[3] Хавтас хэргийн 37 дугаар хуудас
[4] Хавтас хэргийн 23 дугаар хуудас
[5] Хавтас хэргийн 24 дүгээр хуудас
[6] Хавтас хэргийн 45-47, 54-55 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас
[9] Хавтас хэргийн 21-22 дугаар хуудас
[10] Шүүх хуралдааны тэмдэглэл
[11] Шүүх хуралдааны тэмдэглэл
[12] Хавтас хэргийн 37 дугаар хуудас
[13] Хавтас хэргийн 23 дугаар хуудас
[14] Хавтас хэргийн 24 дүгээр хуудас
[15] Хавтас хэргийн 45-47, 54-55 дугаар хуудас
[16] Хавтас хэргийн 75 дугаар хуудас