| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0397/Э |
| Дугаар | 468 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 468
2020 07 08 2020/ШЦТ/468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Н-гийн Т-д холбогдох эрүүгийн 19030 0832 0422 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/, хохирогч Э.У, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, техникийн шинжээч В.Балжинням нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, чанар шалгагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, 10-18 насны 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Н-гийн Т- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Т нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа “МТ” шатахуун түгээх станцын арын замд 2019 оны 7 сарын 10-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд Тоёота Приус маркийн 86-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар зам нийлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Т.Өнөрбаяр жолоочтой Hyundai Sonata маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Ш.Наранбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.Уийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир одоо нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Э.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 7 сарын 10-ны өглөө ажилдаа явж байхдаа авто осолд орсон. Ослын улмаас хүзүүний 6, 7-р нугалмын үе хугарч, мэдрэлийн судас нь дарагдаж, хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар групп тогтоолгосон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ цаашид 2-3 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэнэ. Мэдрэлийн судаст тариа хийлгэж, зүү тавиулах шаардлагатай. Ийм учраас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,
3. Техникийн шинжээч В.Балжиннямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Замын хөдөлгөөний дүрмийн онолын хувьд зам тавьж өгөх үүрэгтэй жолооч нь 100-200 метрийн зайнд зохих арга хэмжээг авсан байх ёстой байдаг. 60 км цагийн хурдтай явж байгаа автомашин ойролцоогоор 36 метрийн зайнд бүрэн зогсох боломжтой. Соната 5 маркийн автомашины урд аюултай нөхцөл үүссэн байна гэж үзнэ. Учир нь урдаас өөр тээврийн хэрэгсэл гараад ирж байгаа юм. Энэ тохиолдолд дээр дурдсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авах ёстой. Шууд санаатайгаар мөргөөгүй учир цаг хугацаа, орон зайнаас шалтгаалан дээрх арга хэмжээг авч чадахгүй байх магадлалтай. Гэхдээ ямар ч тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Зорчигч болон автомашинд учирсан гэмтэл, эвдрэл нь тухайн мөргөлдсөн автомашинуудын хурдны инерцтэй холбоотой байж болно, гэхдээ энэ байдлыг тогтооё гэвэл туршилт хийнэ. Онолын хувьд бол тогтоох боломжгүй.
Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэгээр тоормосны мөр гараагүй байдаг. Соната 5 маркийн автомашин ямар тоормостой байсныг бол мэдэхгүй, хэрэв энгийн тоормостой байсан бол тоормосны мөр үүсэх боломжтой. Анхны мөргөлдсөн цэг нь хөндлөндөө 4.3 метр, зорчих хэсгийн өргөн нь 9 метр байгаа” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19030 0832 0422 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 04-05х, 06х, 07-12х/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 14х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Э-ийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 7 сарын 10-ны өглөө 06 цагаас 07 цагийн хооронд нөхөр Т.Өнөрбаяр нь өөрийн эзэмшлийн хар өнгийн Хьюндай Соната 5 маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, кабинд нь би суугаад Гурвалжингийн гүүрний урдаас Биокомбинат орох гээд Хан-Уул дүүргийн нутаг Морингийн давааны замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ...явж байхад баруун гар талаас гэнэт саарал өнгийн суудлын машин гараад ирэхэд нөхөр маань харсан даруйдаа дуут дохио өгөөд тэр машинтай мөргөлдсөн. Тэгэхэд би шоконд орсон байсан, нэг ухаан ороход түргэн тусламжийн машин ирчихсэн, эмч нь бууж ирээд бид нарыг үзээд машиндаа суулган Гэмтлийн эмнэлэг рүү явсан.
...Ослын дараа би Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс шууд Эх нялхас руу очиж хэвтсэн ба хэвтэж байх хугацаандаа 4 сар гарантаа зулбасан. Ослын улмаас хэвлий хэсэгт хөхөрсөн, мөн цээжинд зулгарч шалбарсан, нуруу өвдөөд байдаг болсон. Би гомдолтой байна, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25-26х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Уийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 7 сарын 10-ны өглөө 06 цаг 50 минутын орчимд би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Морингийн 05-214 тоот гэрээсээ гарч ажилдаа явахаар автобус хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь 500 төгрөгийн унаанд суугаад Нисэх орох гээд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг “МТ” шатахуун түгээх станцын арын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад зүүн гар тийшээ төв зам руу орох гэж байхад зам дээр хоёр гөлөг гараад ирсэн. Тэгэхэд миний сууж явсан машин зогсож, миний хажууд сууж явсан эрэгтэй хүн гарч тэр хоёр гөлгийг замаас холдуулаад эргэж орж ирээд машинд суусан. Тэгээд дөнгөж хөдлөхөд миний нүдний үзүүрт нэг машин хурдтай ороод ирэх шиг болсон. Тэгээд л тас түс гэх чимээ гараад, нэг машинтай мөргөлдсөн. Тэгээд би хэсэг хугацаанд шоконд орсон байсан, нэг ухаан ороход түргэн тусламжийн машин ирчихсэн, эмч нь “алив буугаад түргэн тусламжийн машинд орж суу” гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд хэвтсэн.
Би гомдолтой байна, би эмчилгээнийхээ зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31-32х/,
5. Хохирогч Э.Уийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 36-41х, 69-78х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Наранбаатарын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...2019 оны 7 сарын 10-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 14-633 тоот гэрээсээ гараад Нисэх орох 500 төгрөгийн унаанд суусан. Намайг нэг эмэгтэй жолоочтой Приус-20 маркийн 86-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суухад хүн байгаагүй. Янгир дэлгүүрийн урд талаас нэг эмэгтэй миний хажууд суусан. Тухайн машинд бид хоёр хоёулаа байсан юм. Тэгээд хөдлөөд явж байхад гэнэт машины доор хоёр гөлөг орсон. Тэгэхэд тэр эмэгтэй жолооч машинаа зогсоохоор нь би машинаас буугаад тэр хоёр гөлгийг аваад, замаас холдуулаад эргэж машинд суусан. Машин хөдлөөд төв зам руу орох гээд зүүн гар тийшээ эргэхэд зүүн гар талаас буюу зүүнээсээ баруун чиглэлтэй явсан хар бараан өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд л би хэсэг шоконд орсон байсан. Нэг ухаан ороход миний сууж явсан машин нь замын зорчих хэсгийн гол хэсэгт зүүн тийш хараад зогсож байсан. Түргэн тусламжийн машин ирээд бид нарыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Өнөрбаярын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...2019 оны 02 сард би уг машиныг торгуультай нь нийлээд 1.7 сая төгрөгт Б.Эрдэнэ гэх хүнээс худалдаж авсан юм. Одоогоор уг машины торгууль төлөгдөөгүй байгаа учир би тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй л байна. Би гомдолтой байна. Машиныхаа хохирлыг барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 154х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Эрзоригийн гэрчээр өгсөн:
“...Шатахуун түгээх 141 дүгээр станц нь зөвхөн талбай руугаа харсан 1 камертай. Уг камерыг шүүж үзэхэд баруун зүүн чиглэлтэй харсан байх ба зам руу харсан тусгал нь хязгаарлагдмал тул ослыг харах боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 156х/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9385 дугаартай Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд:
1. Ш.Наранбаатарын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 66х/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9320 дугаартай Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.Уийн биед хүзүүний 6, 7-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 79х/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1133 дугаартай Хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтэд:
1. Ц.Э-ийн биед ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах, амьгүй ураг, эмийн аргаар амьгүй ураг төрүүлэлт, хэвлийн өмнөд хананы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар үлдэц уршиг бүхий гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 103-106х/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4492 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Sonota-5 маркийн 84-26 УБИ улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
2. Уг автомашины урд бамбай, урд хөндөл, урд нүүрний хаалт, урд хоёр их гэрлүүд, дохионы гэрлүүд, капот, хөргөлтийн радиатор, баруун урд, хойд далбаа, зүүн урд далбаа, баруун, зүүн хойд хаалганууд, арын бамбай, зүүн хойд гэрэл, тээшний таг, жолооч талын хаалганы бариул, цоож, салхины шил, бүхээг доторх урд доод хаалт, зай хураагуур, тэвшний баруун гуя, баруун урд амортизатор, суурь, жолооны хүрдний гол, чагтан холбоос зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.
3. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн. Асаалтын түлхүүрийн цоож, комутатор, арын бамбайн баруун хойд доод булан хэсгийн гэмтэл ашиглалтын явцад ослын өмнө үүссэн байх үндэслэлтэй. Дээрх эвдрэл гэмтлүүд осолд нөлөөлөх үндэслэлгүй.
4. Шингэн дамжуулгатай тоормостой. 4 дугуйны тоормосны хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийг шалгаж тодорхойлох боломжгүй.
5. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн автомашин явах боломжгүй тул мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.
6. Спидомерт бүрэн, бүтэн, автомашин явахгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Спидометрийн ажиллагаа зам тээврийн осолд нөлөөлөхгүй.
7. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Sonota-5 маркийн 84-26 УБИ улсын дугаартай автомашин баруун урд булан хэсгээр, Toyota Prius-20 маркийн 86-38 УБЕ улсын дугаартай автомашины зүүн урд булан хэсгээр эхэлж мөргөлдөж импульсийн хүчний нөлөөгөөр зүүн, баруун хойд булан хэсгээр дахин мөргөлдөж, шүргэлцэн салсан байх үндэслэлтэйг шинжилгээний 124, 125-р зурагт тоймлож харуулав.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 188-212х/,
13. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 401 тоот:
1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, зорчих хэсэгт үлдсэн ул мөр, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гэмтэгсдийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгслүүдэд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 сарын 11-ний өдрийн 4292, 2019 оны 9 сарын 27-ны өдрийн 4492 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Приус-20 маркийн 86-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Х.Соната-5 маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Өнөрбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Х.Соната-5 маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт үлдээсэн мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй байна. Учир нь Т.Приус-20 маркийн 86-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хурд болон чиглэл нь өөрчлөгдсөний улмаас дугуйн чирэгдэлтийн нөлөөгөөр үүссэн мөр байх тул тоормосны мөр гэж үзэх үндэслэлгүй болно.
4. Т.Приус-20 маркийн 86-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс тоормосны мөр илрээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй байна.
5. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 215х/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Тын яллагдагчаар өгсөн:
“...Миний хувьд Прокуророос сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Одоогоор бусдад учруулсан хохирлыг барагдуулаагүй, гэхдээ төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 228-229х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 140х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 231х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Тд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Т нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа “МТ” шатахуун түгээх станцын арын замд 2019 оны 7 сарын 10-ны өглөө 06 цаг 50 минутын орчимд Тоёота Приус маркийн 86-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар зам нийлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Т.Өнөрбаяр жолоочтой Hyundai Sonata маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон ба уг ослын улмаас зорчигч Ш.Наранбаатарын эрүүл мэндэд “...тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Э.Уийн эрүүл мэндэд “...хүзүүний 6, 7-р нугалмын хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд “...биед ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах, амьгүй ураг, эмийн аргаар амьгүй ураг төрүүлэлт, хэвлийн өмнөд хананы цус хуралт” гэмтэл бүхий хүнд гэмтэл тус тус учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Т нь нь Тоёота Приус маркийн 86-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар зам нийлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Т.Өнөрбаярын жолоодож явсан Hyundai Sonata маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Ш.Наранбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.Уийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Н.Тыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Э.У, Ц.Э- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Э.Ут 1.226.059 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Наранбаатарт 148.000 төгрөгийг тус тус төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хохирогч Ц.Э- нь хэрэгт баримтаар тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй /хэргийн 2-р хавтас 95-97х/ байна.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Т.Өнөрбаяр нь “Hyundai Sonata” маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.7 сая төгрөгөөр худалдаж авсан гэх боловч уг тээврийн хэрэгсэл нь Г.Эрдэнэ гэх хүний эзэмшлийнх болох хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр батлагдаж байна. “Hyundai Sonata” маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Т.Өнөрбаярын өмчлөлийн эд хөрөнгө болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул засвар үйлчилгээний зардалд 1.240.000 төгрөг нэхэмжилсэн Т.Өнөрбаярын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Харин Т.Өнөрбаяр нь “Hyundai Sonata” маркийн 84-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр эзэмших эрхтэй болохоо нотолсон баримтаа бүрдүүлсний дараа уг тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардлыг буруутай этгээд болох Н.Таас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Таас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.У, Ц.Э-, иргэний нэхэмжлэгч Ш.Наранбаатар нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Т нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 1-р хавтас 140х/ байна.
Түүнчлэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Н.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт Н.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н овогт Н-гийн Т-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Т нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Таас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ут 1.226.059 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга тавин ес/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Наранбаатарт 148.600 /нэг зуун дөчин найман мянга зургаан зуу/ төгрөг тус тус нөхөн төлснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.У, Ц.Э-, иргэний нэхэмжлэгч Ш.Наранбаатар нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, иргэний нэхэмжлэгч Т.Өнөрбаярын автомашины засварын зардалд нэхэмжилсэн 1.240.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
8. Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОДБАЯР