Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1284

 

 

 

 

 

 

 

 

2020             07             09                                       2020/ШЦТ/1284

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч О.Баярсайхан,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Бид холбогдох эрүүгийн 2006 00000 1641 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Компьютерийн техник, менежментийн сургуулийн хашаан дотор А.Айдостай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “КТМ-ийн тэнд явж байсан машин хөдлөөд байсан. Тэгэхээр нь яваад машины хаалгыг таттал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нүцгэн байсан. Тэгээд би тоглоомоор бичлэг хийнэ гэж хэлсэн. Болиоч гээд тэр эмэгтэй хэлсэн. Тэгээд нөгөө эрэгтэй цохьсон би зөрүүлээд нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Н.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...6 дугаар сарын 11-ний шөнийн 00:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2-р хороо КТМС-н сургуульд байрлах өрөөнөөсөө бичиг авах гэж ирсэн. Тэр үед 35-33 УБЕ улсын дугаартай автомашин зогсож байхаар нь тухайн машиныг сургуулийн хашаанаас гаргах зорилготой очиход тус машин дотор үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хойд суудал дээр эрэгтэй нь чармай нүцгэн эмэгтэй нь богино платье өмссөн байсан. Тэгээд би тухайн машины хаалгыг татахад онгорхой байхаар нь “та нар буудалдаа очиж ор, одоо сургуулийн хашаанаас гар” гэж хэлэхэд “пизда минь, чамд ямар хамаатай юм” гэхээр нь би гар утсаараа бичлэг хийж байгаа мэтээр утсаа урдаа барихад тухайн залуу намайг нэг удаа гараа цохисон, чулуу аваад цохих гэж байхад нь тэр гарыг нь бариад би тус залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа цохиход хамраас нь цус гараад цааш зугтаасан...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч А.Айдосын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 10-ны 23 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КТМС-ийн хашаан дотор найз охин болох Хатаны 35-33 УБЕ улсын дугаартай улаан өнгийн “Remion” маркийн машин дотор бид хоёр юм яриад сууж байтал үл таних 40 орчим насны эрэгтэй хүн ирсэн бөгөөд машины цонхийг цохиод “би энэ сургууль болон хашаа хариуцдаг хүн байна, юу хийгээд байгаа юм бэ” гээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэр үед нь би “та хүний эрхэнд халдаад байна, бичлэг хийхээ боль” гээд “бид хоёр явлаа” гэж хэлтэл манай найз охин Хатан машинаас буугаад үл таних эрэгтэй хүнтэй хэрэлдээд байхаар нь би машинаас “та гар утсаа аваад ир” гэж хэлтэл үл таних 50 орчим насны эрэгтэй миний давсаг руу хоёр удаа өшиглөсөн мөн нүүрний хэсэгт баруун гараараа 3 удаа цохисон ба намайг зодох гээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Хатаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 11-ний шөнийн 23:00 цагийн үед ажлаа тараад найз залуу болох Айдостой уулзахаар КТМС-н хашаанд өөрийн эзэмшлийн 35-33 УБЕ улсын дугаартай “Тоёота Румёон” загварын машинд суугаад хүлээж байсан. Удалгүй Айдос тэс сургуулийн хашаагаар ороод миний машинд суугаад хувцсаа солих зорилготой тайлаад байж байсан чинь үл таних залуу ирээд энд зогсож болохгүй гараарай гэсэн. Тэгэхээр нь би “за одоо гарлаа” гэхэд тэр залуу бид хоёрыг яагаад нүцгэн байгаа талаар асуугаад гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь бид хоёр одоо гарлаа гэхэд машины хаалга онгойлгож жолоочийн суудал дээр өвдөглөөд үргэлжлүүлээд бичлэг хийгээд байсан. Тэр үед би машинаасаа түрүүлж буугаад тэр залуутай ярилцах гэхэд уурлаад бичлэгийг чинь фейсбүүк дээр тавина гээд байсан бөгөөд найз залуу болох Айдос машинаас бууж ирээд тухайн залуутай маргалдаж байгаад гар утсыг нь авах гэхэд тухайн залуу өгөхгүй булаацалдаж байгаад Айдосыг хэвлий хэсэгт нь өшиглөсөн мөн цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг[4],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6910 дугаартай:

“1. А.Айдосын биед зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[5],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7]

Шийтгэх тогтоолын хуулбар[8],

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[9] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[10] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Компьютерийн техник, менежментийн сургуулийн хашаан дотор А.Айдостай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон” гэх[11],

Шүүгдэгч Н.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тус залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа цохиход хамраас нь цус гараад цааш зугтаасан...” гэх[12],

 Хохирогч А.Айдосын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний давсаг руу хоёр удаа өшиглөсөн мөн нүүрний хэсэгт баруун гараараа 3 удаа цохисон ба намайг зодох гээд хөөгөөд байсан...” гэх[13],

Гэрч Б.Хатаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айдос машинаас бууж ирээд тухайн залуутай маргалдаж байгаад гар утсыг нь авах гэхэд тухайн залуу өгөхгүй булаацалдаж байгаад Айдосыг хэвлий хэсэгт нь өшиглөсөн  мөн цохиж зодоод байсан...” гэх мэдүүлгүүд[14], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6910 дугаартай дүгнэлт[15] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Н.Б нь хохирогч А.Айдосын нүүрэн тус газарт гараа цохих зэргээр хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч А.Айдост Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6910 дугаартай дүгнэлтээр “зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Б нь хохирогч А.Айдосын нүүр рүү цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.Бн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогч хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч А.Айдос нь “хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”[16] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Н.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Н.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Н.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж, яллагдагчид танилцуулах ажиллагаа болон яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар тус тусдаа хийгдэх ажиллагаа болохыг цаашид анхаарвал зохино. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Нансалын Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                                              ШҮҮГЧ                                  М.ТҮМЭННАСТ

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 26 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас

[8] Хавтас хэргийн 28-32 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас

[10] Хавтас хэргийн 6-7 дугаар хуудас

[11] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[12] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас

[15] Хавтас хэргийн 12-13 дугаар хуудас

[16] Хавтас хэргийн 41 дүгээр хуудас