Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1285

 

 

 

 

 

 

 

 

2020              07             09                                        2020/ШЦТ/1285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Б.Ганцэцэг,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө.Гт холбогдох эрүүгийн 2006 00000 1722 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Г нь согтуурсан үедээ буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелын 48 дугаар гудамжинд Ц.Эрдэнэмөнхтэй “буйдан хулгай хийх гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хацрын төвгөр, нүдний гадна булан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Ө.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Ө.Гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр хохирогч гэх Ц.Эрдэнэмөнхийн бөгсөнд нь 1 удаа өшиглөсөн, толгойн тус газар нь зүүн шанаа, хацар орчимд нь бас 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өчигдөр орой 23 цаг өнгөрч байсан байх манай эгч Энхцэцэг надад утсаар ах чинь согтуу ирж байна гэнэ аваад ир гэсэн. Тэгээд эгчийнд оруулж унтуулах гэсэн чинь ах Энхтайван гэртээ харина эхнэр хүүхэд дээрээ очно гээд байхаар нь би аваад гарсан, дагуулаад гэр лүү нь явж байтал эзэнгүй хашаанд байх буйданг хүүхэддээ аваачиж өгдөг юм уу гэж Энхтайван ах ярихаар нь эзэнд нь хэлж байж авъя гээд байж байтал хажуу хашаанаас нэг залуу гарч ирээд юун хулгайчууд яваад байгаа юм гэхээр нь ах Энхтайван тийм юм байхгүй гэсэн чинь эхний залуу ахтай хэрүүл хийгээд, сүүлд гарч ирсэн залуу нь хашааны эвдэрхий банзаар миний толгойн тус газар нэг удаа цохисон, зүүн шанаа хацар нүд орчимд 1 удаа цохисон, мөн 1 удаа гараараа нүүрэн тус газар цохисон...” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Жаргалбаярын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Ө.Г гарч ирээд Ц.Эрдэнэмөнхийг нэг удаа өшиглөсөн, нэг удаа толгойн тус газар нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг,[4]

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7181 дугаартай:

“1. Ц.Эрдэнэмөнхийн биед зүүн зовхи, хацрын төвгөр, нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[5],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7]

Хорооны тодорхойлолт[8],

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[9] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[10] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Г нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелын 48 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Эрдэнэмөнхтэй “буйдан хулгай хийх гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хацрын төвгөр, нүдний гадна булан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Ө.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх[11],

 

Шүүгдэгч Ө.Гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр хохирогч гэх Ц.Эрдэнэмөнхийн бөгсөнд нь 1 удаа өшиглөсөн, толгойн тус газар нь зүүн шанаа, хацар орчимд нь бас 1 удаа цохисон...” гэх[12],

 Хохирогч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүүлд гарч ирсэн залуу нь хашааны эвдэрхий банзаар миний толгойн тус газар нэг удаа цохисон, зүүн шанаа хацар нүд орчимд 1 удаа цохисон, мөн 1 удаа гараараа нүүрэн тус газар цохисон...” гэх[13],

Гэрч Б.Жаргалбаярын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Ө.Г гарч ирээд Ц.Эрдэнэмөнхийг нэг удаа өшиглөсөн, нэг удаа толгойн тус газар нь гараараа цохисон...” гэх мэдүүлгүүд,[14] Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7181 дугаартай гэх дүгнэлт[15] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ө.Г нь хохирогч Ц.Эрдэнэмөнхийн нүүрэн тус газарт цохих зэргээр хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ц.Эрдэнэмөнхөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7181 дугаартай дүгнэлтээр “зүүн зовхи, хацрын төвгөр, нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ө.Г нь хохирогч Ц.Эрдэнэмөнхийн нүүр лүү цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Шүүгдэгч Ө.Гийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ө.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогч хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ө.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ц.Эрдэнэмөнх нь “хохирлын мөнгө 120,000 төгрөг хүлээн авсан, Ө.Гтэй эвлэрсэн учир тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”[16] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ө.Г уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Ө.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Ө.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж, яллагдагчид танилцуулах ажиллагаа болон яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар тус тусдаа хийгдэх ажиллагаа болохыг цаашид анхаарвал зохино. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                                              ШҮҮГЧ                                  М.ТҮМЭННАСТ

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас

[4] Хавтас хэргийн 26 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[8] Хавтас хэргийн 35 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас

[10] Хавтас хэргийн 10-11 дугаар хуудас

[11] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[12] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас

[14] Хавтас хэргийн 26 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас

[16] Хавтас хэргийн 42 дугаар хуудас