| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1256/э |
| Дугаар | 1287 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 1287
2020 07 10 2020/ШЦТ/1287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 2006 02040 1396 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хоро Булгачны 1-201 тоотод Н.Дэлгэрмандахын гэрт хонож байгаад шөнө гэрээс гарахдаа Н.Дэлгэрмандахын куртикний халаасанд байсан биет 860,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Б.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эхлээд 400.000 мянган төгрөг гэж хохирогч ярьж байсан. Цагдаа дээр нэхэмжлэхдээ 860.000 төгрөг нэхэмжилж байна гэхээр нь би бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Б.Лгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын дундуур гэртээ байж байтал манай гэрт Гааяа гэх ах эхнэр Дээгийгийн хамт согтуу орж ирсэн. Тэгээд Гааяа ах “манайд очиж архи ууя, Дээгий эгч нь бяртай байгаа” гэж хэлээд бид гурав манайхаас хамт гараад замаараа дэлгүүр ороод нэг шил архи, идэж уух юм аваад гэрт нь очсон. Тэгээд бид гурав авч очсон архиа ууж дуусгаад Дээгий эгч бид хоёр хамт дахин дэлгүүр ороод 0,75 литрийн “Хараа” архи аваад буцаж ирээд бид гурав архиа уугаад сууж байснаа санаж байна, тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна, маргааш өглөө нь гэртээ сэрсэн. Тэгээд гэртээ сэрээд халаасаа үзтэл миний халаасанд 20,000 дэвсгэртүүд байсан ба би тэр мөнгөөр үргэлжлүүлэн архи уугаад дуусгасан. Хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна, тоолж үзээгүй, юун мөнгө болохыг ч мэдээгүй...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Н.Дэлгэрмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хорооллын Хаан банкны салбараас тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай 1,685,000 төгрөг авсан. Өөрийн хэрэглээндээ зориулж 500,000 төгрөгийг Хаан банкны тэтгэврийн 5102105707 дугаарын данснаас авсан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр авсан, дараа нь мөн бага багаар тухайн данснаас мөнгөө бүгдийг нь авсан. Тэтгэврийн зээл авахдаа өөрийн хамтран амьдрагч Гансүх, түүний найз Монхоон гэх залуугийн хамт очиж авсан. Тэр залуу Гансүхийг таньдаг бид хоёрыг эгчээ, ахаа гээд л гэрт орж ирээд байхаар нь танилцсан юм. Тэгээд манай гэрт бид хэд байсан ба 2020 оны 3 дугаар сарын 22-23-ны хавьцаа санаж байна манайд Монхоон /Баянгийн Б.Л/ гэх залуу байсан ба тэр шөнөдөө миний куртикний халаасанд байсан 860,000 төгрөг алдагдсан. Тэр өдрийн өмнөх орой нь Монхоонтой хамт дэлүүр орж хүнсний бараа авсан. Тэгээд тухайн дэлгүүрт 9,000 төгрөгийн өртэй байсан гэхээр нь би мөнгөнөөсөө өрийг нь дараад яг үлдсэн 860,000 төгрөгөө халаасанд хийсэн тэрийг Монхоон буюу Б.Л харсан юм. Тэр шөнө манай гэрт Гансүх, Монхоон бид 3 хоносон, Монхоон шөнө нь унтаж байгаад гараад явсан байсан. Тэгэхээр би Монхооныг авсан гэж сэжиглэж байна...” гэх мэдүүлэг[3],
Тэтгэврийн зээлийн гэрээ[4],
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга[5],
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[6],
Хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан баримт[7],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Гэрч С.Оюун-Эрдэнийн мэдүүлэг[8]
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт[9],
Иргэний үнэмлэхийн лавлагаа[10],
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[11],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12],
Шийтгэх тогтоолын хуулбар[13] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[14] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хоро Булгачны 1-201 тоотод Н.Дэлгэрмандахын гэрт хонож байгаад шөнө гэрээс гарахдаа түүний куртикний халаасанд байсан 860,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...860.000 төгрөг нэхэмжилж байна гэхээр нь би бүрэн төлж барагдуулсан” гэх[15],
Шүүгдэгч Б.Лгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид гурав архиа уугаад сууж байснаа санаж байна, тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна, маргааш өглөө нь гэртээ сэрсэн. Тэгээд гэртээ сэрээд халаасаа үзтэл миний халаасанд 20,000 дэвсгэртүүд байсан ба би тэр мөнгөөр үргэлжлүүлэн архи уугаад дуусгасан...” гэх[16],
Хохирогч Н.Дэлгэрмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайд Монхоон /Баянгийн Б.Л/ гэх залуу байсан ба тэр шөнөдөө миний куртикний халаасанд байсан 860,000 төгрөг алдагдсан. Тэр өдрийн өмнөх орой нь Монхоонтой хамт дэлүүр орж хүнсний бараа авсан. Тэгээд тухайн дэлгүүрт 9,000 төгрөгийн өртэй байсан гэхээр нь би мөнгөнөөсөө өрийг нь дараад яг үлдсэн 860,000 төгрөгөө халаасанд хийсэн тэрийг Монхоон буюу Б.Л харсан юм...” гэх мэдүүлгүүд[17], Тэтгэврийн зээлийн гэрээ[18], Депозит дасны дэлгэрэнгүй хуулга[19] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокурорын газраас М.Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Шүүгдэгч Б.Л нь хохирогч Н.Дэлгэрмандахын куртикний халааснаас 860,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.Дэлгэрмандах нь хохирол бүрэн барагдсан[20] гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Лгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,
шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Харин түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Лг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Лд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Лд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас
[14] Хавтас хэргийн 12-13 дугаар хуудас
[15] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[16] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас
[18] Хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[20] Хавтас хэргийн 59 дүгээр хуудас