Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Э.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газрын дарга С.Ж-д холбогдох, Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байгаа хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч С.Ж, гуравдагч этгээд О.П, нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Б миний бие Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газарт 2014 оны 03 дугаар сарын 14-нд Газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Миний бие 2017 оны 02 дугаар сард дикретээ аваад 2017 оны 09 дүгээр сараас ажилдаа орж, ажиллаж байтал 2018 оны 05 дугаар сарын 11-нд Б/05 тушаалыг дарга С.Ж гаргаж, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Би бага насны 1 ой 3 сартай хүүхэдтэй. Намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Б нь 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс аймгийн Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанд Газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Уг тушаалын үндэслэлээс харахад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг баримтлан ажлаас чөлөөлсөн байдаг. Уг заалт нь төрийн албаны шалгалтанд тэнцсэн төрийн албаны тусгай болон ерөнхий шаардлагыг хангасан хүний нэрийг Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн байгууллагад санал хүргүүлдэг. Энэ заалтаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь Э.Б нь 2017 оны 02 дугаар сард жирэмсний амралтаа аваад 2017 оны 09 дүгээр сард ажилдаа орсон. Хавтаст хэргийн материалд 1 ой 3 сартай буюу бага насны хүүхэдтэй. Төрийн албаны тухай хуульд эмэгтэй хүний хөдөлмөрийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуулийн зохицуулалт байдаггүй. Ийм учраас Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дэх хэсэгт тухайн Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй эрх зүйн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт жирэмсэн буюу гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болон ганц бие эцгийг ажлаас халахыг хориглох хуулийн зохицуулалттай. Энэ зохицуулалтаас харахад ажил олгогч нь жирэмсэн буюу гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан болон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан зэрэг Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс төрийн албаны шалгалтанд хоёроор гарсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон эмэгтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаас харахад тухайн ажлын байранд заасан тусгай болон ерөнхий шаардлагыг Э.Б илүү хангаж байна. Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичгийг үндэслээд ажлаас чөлөөлөхөөс илүүтэйгээр тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа хүнээ авч үлдэх бүрэн боломжтой байсан. Мөн ажил олгогчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 болон 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа буюу мэдэгдэх ажиллагааг хийгээгүй. Уг ажиллагааг хийгээгүй гэдгээ ажил олгогч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байгаа хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч С.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сав газрын захиргаанаас төрийн жинхэнэ албан хаагчийн сул ажлын байрны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлснээр 2017 оны 12 дугаар сарын 18-нд Төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдсан юм. Энэ мэргэшлийн шалгалтанд орж тухайн албан тушаалд өндөр оноо авч тэнцсэн О.П-г Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 тоот албан бичгийг үндэслэн томилон ажиллуулсан. Иймд Э.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Гуравдагч этгээд О.П шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.П нь Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газрын Газар зүйн мэдээлэл, усны дэд сан хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Иргэн Э.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй өөрийн биеэр уншиж танилцлаа. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 18-нд зарлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтанд оролцож, уг ажлын байран дээр нэгээр гарч ирсэн. Төрийн албаны салбар зөвлөлийн журмын дагуу уг ажлын байранд томилогдсон тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид мэргэшлийн шалгалт гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж заасны дагуу Хүйсийн Говь-цэцэг нуурын сав газрын захиргааны газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж уг сонгон шалгаруулалтад О.П 82, Э.Б 74 оноогоор тэнцэж төрийн жинхэнэ албан тушаал анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байгаа нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай тогтоол, 1 дүгээр хавсралтаар тогтоогдож байна.

Хүйсийн Говь-цэцэг нуурын сав газрын захиргааны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймгийн салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар албан тоотын дагуу газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Б-ыг ажлаас нь чөлөөлж, О.П-г томилсон байна. Хариуцагчийн тухайд Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны 17 дугаар албан бичгээр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тухайн албан тушаалд хамгийн өндөр оноо авч тэнцсэн О.П-г нэрийг дэвшүүлсэн тул Газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтэн Э.Б-ыг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Хүйсийн Говь-цэцэг нуурын сав газрын захиргааны дарга эрх бүхий албан тушаалтаны хувьд ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн эсэхэд анхаарах ёстой байсан байна.

Э.Б нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Т-ийг төрүүлсэн бөгөөд жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусч ажилдаа орох хүсэлт гаргасныг хүлээн авч 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон боловч 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаас нь чөлөөлснөөр 1 ой 3 сар хүртэлх насны хүүхэдтэй хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.

Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Эмэгтэй хүн хөдөлмөр эрхлэх явцдаа хүүхэд төрүүлэх, жирэмсний болон амаржсаны амралтаа авах, жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалах, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх ажлаас халахыг хориглосон зэрэг эмэгтэй хүний онцлогтой холбоотойгоор хөдөлмөрлөх эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан, эд хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон. Өөрөөр хэлбэл байгууллага татан буугдсан, зөрчил гаргасан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрлөх эрхийг тухайн эх төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч, эсхүл хувийн хэвшилд ажил эрхэлж байгаагаас үл хамааран хүүхэд өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэхдээ ажлаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг тусгайлан боломж олгосон хуулийн заалт бөгөөд эмэгтэй хүний хөдөлмөрлөх эрх болон хүүхдийн эрхийг хамгаалахад оршино.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасан ...ажлаас халах.. гэдэгт хөдөлмөрийн харилцааг ямар нэгэн шалтгаанаар дуусгавар болохыг ойлгох бөгөөд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тухайн албан тушаалд хамгийн өндөр оноо авч чадаагүй үндэслэлээр гурав хүртэлх насны хүүхэдтэй Э.Б-ын хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосон Хүйсийн Говь-цэцэг нуурын сав газрын захиргааны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэхээр заасан, гэхдээ Э.Б тухайн байгууллагад 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн, төрийн албаны шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүх Хүйсийн Говь-цэцэг нуурын сав газрын захиргааны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 11-нээс 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртлэх ажилгүй байсан хугацааны 92 хоногийн олговор 2.392.276 мянган төгрөгийг Хүйсийн Говь-цэцэг нуурын сав газрын захиргаанаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн материалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн Э.Б-ын 2018 оны 2, 3, 4 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүйсийн Говь-цэцэг нуурын сав газрын захиргааны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Б-ыг газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 92 хоногийн олговор 2.392.275 /хоёр сая гурван зуун ерөн хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Хүйсийн Говь-цэцэг нуурын сав газрын захиргаанаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛБАДРАХ