Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1302

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020         07         17                                    2020/ШЦТ/1302

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Онон,

Шүүгдэгч В.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Чт холбогдох эрүүгийн 2006 00000 1413 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч В.Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 5 дугаар сарын 11, 5 дугаар сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгын 1-1993 тоотод оршин суух С.Цэрэнхандын хашаанд байсан оёдлын машин, уурын индүү, хэрээсний машин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 814.760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч В.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн өдөр хуванцар сав түүж явж байтал Цэрэнханд нөхөртэйгээ явж байсан. Миний хажууд нөхөртэйгээ машинаасаа бууж ирээд манай хашаанд баахан хуванцар байгаа та аваарай гэж хэлэхээр нь тухайн үед миний шуудай дүүрсэн байсан. Цэрэнхандын хашаанд хуванцар байгаа юм болов уу гээд хашаа руу нь ортол яг хуванцар савнуудын хажууд оёдлын машин, индүү байхаар нь эвдэрхий байх гээд авсан” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч В.Чын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-1993 тоот хашааны хаалга нээлттэй байхаар нь хэрээсний машин, уурын индүүг авсан. Дараа нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мөн энэ айлын хашаанаас оёдлын машиныг нь авч явсан...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч С.Цэрэнхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 11-ний өглөө манай хашааны үүдэнд байсан хэрээсний машин, уурын индүү зэрэг эд зүйлийг үл таних хүн хулгайлаад аваад явсан манай хөрш эмэгтэй надад хэлсэн. Тэгээд өнөөдөр 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 09:00 цагийн үед манай хашааны үүдэнд байсан оёдлын машиныг тухайн хүн хулгайлаад явж байгааг манай хөрш айлын эмэгтэй хэлэхээр нь би тухайн хүнийг барьж аваад цагдаад дуудлага өгч өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг[3],

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан[4],

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[5],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт[6],

Иргэний үнэмлэхийн хуулбар[7],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8],

Шийтгэх тогтоолын хуулбар[9] зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[10] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч В.Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 5 дугаар сарын 11, 5 дугаар сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгын 1-1993 тоотод оршин суух С.Цэрэнхандын хашаанд байсан оёдлын машин, уурын индүү, хэрээсний машин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 814.760 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч В.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...оёдлын машин, индүү байхаар нь эвдэрхий байх гээд авсан” гэх[11],

Шүүгдэгч В.Чын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-1993 тоот хашааны хаалга нээлттэй байхаар нь хэрээсний машин, уурын индүүг авсан. Дараа нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мөн энэ айлын хашаанаас оёдлын машиныг нь авч явсан...” гэх[12],

Хохирогч С.Цэрэнхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 11-ний өглөө манай хашааны үүдэнд байсан хэрээсний машин, уурын индүү зэрэг эд зүйлийг үл таних хүн хулгайлаад аваад явсан манай хөрш эмэгтэй надад хэлсэн. Тэгээд өнөөдөр 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 09:00 цагийн үед манай хашааны үүдэнд байсан оёдлын машиныг тухайн хүн хулгайлаад явж байгааг манай хөрш айлын эмэгтэй хэлэхээр нь би тухайн хүнийг барьж аваад цагдаад дуудлага өгч өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлгүүд[13],  Хөрөнгийн үнэлгээний тайлан[14], Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[15] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Прокурорын газраас В.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба Хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан оёдлын машин, уурын индүү, хэрээсний машин зэрэг эд зүйлсийн үнэлгээ 814,760 төгрөг гарсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч В.Ч нь хохирогч С.Цэрэнхандын хашаанд байсан хэрээсний машин, уурын индүүг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч В.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч С.Цэрэнхандад хэрээсний машин, уурын индүүг хүлээлгэн өгсөн[16] байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч В.Чын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,

шүүгдэгч В.Чт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан ба шүүгдэгч В.Ч нь 67 настай тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Ч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч В.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч В.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. В.Чыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Чт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Ч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч В.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл В.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ        

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[10] Хавтас хэргийн 7-9 дүгээр хуудас

[11] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[12] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[16] Хавтас хэргийн 28 дугаар хуудас