| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1253/э |
| Дугаар | 1303 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1303
2020 07 17 2020/ШЦТ/1303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн 2006 01265 1198 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 21 дүгээр байрны гаднаас Б.Цогт-Эрдэнийн эзэмшилд байсан 57-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуу явж байсан. Тэгээд 21 дүгээр байрны орцны үүдэнд “Портер” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд хүмүүс зам хааж тавилаа гээд байсан. Би жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож үзэхэд онгорхой байсан. Машин дотор 1 түлхүүр байсан би түлхүүрээр машиныг онгойлгоод хөдөлгөөд 21 дүгээр байрны урд өндрийн хязгаарлагч мөргөөд зогссон. Тэгээд удаагүй эзэн нь араас ирээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Б.Цогт-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 15:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 21 дүгээр байрны 2 дугаар орцны гадна 5740 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тавилга угсрахаар ажилтан Эрдэнэбаатар, Баянмөнх нарын хамтаар очоод тавилга угсрах айлдаа ороод машинаа 2 дугаар орцны үүдэнд үлдээгээд машинаа түгжсэн гэхдээ буруу талын хаалга нь дутуу түгжигддэг юм тээврийн хэрэгслийн түлхүүр надаа байсан. Бид 3 тавилгаа айл руугаа зөөж дуусчихаад буцаад дрилл, таслагч багжаа авах гээд гараад иртэл машин алга болсон байхаар компани руугаа залгаад GPS төхөөрөмжөөр тээврийн хэрэгслээ хайгаад хулгайд алдчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг[3],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[4],
Зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн 123 дугаартай хэрэг[5],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6],
Шийтгэх тогтоолын хуулбарууд[7] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 21 дүгээр байрны гаднаас Б.Цогт-Эрдэнийн эзэмшилд байсан 57-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[8],
Шүүгдэгч Ц.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож үзэхэд онгорхой байсан. Машин дотор 1 түлхүүр байсан би түлхүүрээр машиныг онгойлгоод хөдөлгөөд 21 дүгээр байрны урд өндрийн хязгаарлагч мөргөөд зогссон.” гэх[9],
Хохирогч Б.Цогт-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “машинаа 2 дугаар орцны үүдэнд үлдээгээд буцаад дрилл, тасдагч багжаа авах гээд гараад иртэл машин алга болсон байхаар компани руугаа залгаад GPS төхөөрөмжөөр тээврийн хэрэгслээ хайгаад хулгайд алдчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд[10] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокурорын газраас Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдэлээр үйлдэгддэг ба уг үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаггүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 57-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр унаж, хөдөлгөөд өндрийн хязгаарлагч мөргөөд зогссон үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох, захирах зарцуулах, шунахайн сэдэлт тогтоогдохгүй байх тул автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн тухайн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Цогт-Эрдэнийн эзэмшилд байсан 57-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Цогт-Эрдэнэ нь “Хас гээд үнэлгээний газраар орж үнэлгээ хийлгээд 248,000 төгрөгөөр үнэлэгдээд тэр мөнгийг нь төлсөн, одоо надад гомдол санал байхгүй”[11] гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,
шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх саналыг гаргасан.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 960 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь оногдуулсан 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Быг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 960 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь оногдуулсан 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 30-52 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 67-72 дугаар хуудас
[8] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[9] Хавтаст хэргийн дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[11] Хавтас хэргийн 10 дугаар хуудас