Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 701

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б,

улсын яллагч Г.О,

шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Сд холбогдох эрүүгийн 2005006901149 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн...

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 51 тоотод хохирогч Б.В-гийн  хамт байхдаа түүний куртикны халааснаас Хаан банкны виза картыг авч улмаар данснаас нь 1.310.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Вгийн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн үед Хаан банкны виза картаас мөнгө гарлаа гэсэн гүйлгээний зурвас миний утсанд ирсэн. Тэгээд ямар учиртай мөнгө гарч байгаа талаар харахад 130.000 төгрөгийн гүйгээ гарсан зурвас ирсэн. Тэгээд би гайхаад байж байтал миний данснаас дахин 100.000 төгрөгийн гүйгээ гарсан. Дараа нь дахин 1.000.000 төгрөгийн гүйгээ гарч, дахин 80.000 төгрөгийн гүйлгээ гарсан. Миний данснаас нийт 4 удаагийн үйлдлээр 1.310.000 төгрөгийг гүйлгээ гарсан. Тэгээд би гэртээ Хаан банкны картаа хайгаад олоогүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр виза картаа ашиглаад өөрийн куртикны халаасанд хийсэн. Тэр орой миний салсан эхнэр  залгаад намайг гэртээ дуудсан. Би салсан эхнэр ын гэрт хоноод өглөө явах гэхэд миний гар утас, Хаан банкны виза карт алга болсон байсан. Тэгээд би салсан эхнэр аас нэхсээр байгаад гар утсаа карттайгаа авсан. Тэгээд байж байтал салсан эхнэр  2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой гэрт ирээд “хувцсаа авах гэсэн юм” гэж хэлээд 1 цаг 30 минут орчим манайд байж байгаад явсан. Би өөрийн эхнэр ыг сэжиглэж байна. Миний картын нууц дугаарыг  мэднэ. Би тухайн үеийн Хаан банкны хяналтын камерыг үзэхэд манай салсан эхнэрийн төрсөн эгч Б.Б АТМ орж ирээд картаас маань мөнгө авч байгаа бичлэг байсан. Тэр хүн Б.Б яг мөн байсан. Би камерын урдаас нь харуулсан бичлэг дээрээс Б.Бийн нүдээр нь яг сайн таньж байсан. Би Б.Бийг 10 жил орчим мэднэ. Би надад учирсан 1.310.000 төгрөгийг хохирлыг бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад учирсан хохирол байхгүй. Миний зүгээс одоо д гомдох зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 34-35, 56 хуудас/,

2. Гэрч Б.Бийн: “...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай төрсөн дүү Б.С над руу залгаад картанд мөнгө байгаа аваад өгчих гэж хэлсэн. Би тэр өдрөө ажлаа тараад орой Их дэлгүүрийн ойролцоо уулзахад надад Хаан банкны карт өгөөд мөнгө аваад өгчих гэж хэлсэн. Би тухайн үед өөрийнх нь карт гэж бодоод нууц үгийг нь асуугаад их дэлгүүрийн хажуу талын АТМ ороод дансыг нь үзэхэд 1.300.000 орчим төгрөг байсан. Б.Саас “бүгдийг нь авах уу” гэж асуухад Б.С “тэгье” гэж хэлээд би тэр өдөртөө хоёр АТМ-ээс мөнгийг нь салгаж аваад 1.300.000 төгрөг аваад Их дэлгүүрийн гадаа Б.Сд бэлнээр нь өгсөн. Дараа нь 4 сарын дундуур байхаа цагдаагаас залгаад “ирж уулз, Б.Сын нөхөр нь картаасаа мөнгөө алдлаа” гээд өргөдөл гаргачихсан байсан гэсэн. Би Б.С руу залгаад “цагдаагаас залгаад байна, ямар учиртай юм” гэхэд “өвөл мөнгө авахуулдаг карт Б.Вгийн карт байсан, би аваад таниар мөнгө авахуулсан юм. Цагдаа дуудаад байвал “мэдэхгүй, аваагүй” гээд хэлчих гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр очоод айсандаа мэдүүлэг өгсөн. Надад тухайн үед Хаан банкны АТМ бичлэг үзүүлсэн. Миний мөнгө аваад гарч байгаа бичлэг байхаар нь би айсандаа “би биш, танихгүй” гэж худлаа хэлсэн. Саяхан Б.С руу залгаад “Б.В та хоёрын асуудал юу болж байна” гэхэд Б.С шийдэгдээгүй байгаа цагдаагаас залгаад байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би загнаад “одоо үнэнээ хэл” гэж хэлээд Б.Сыг ятгаад цагдаа дээр ирүүлсэн. Худал мэдүүлэг өгсөндөө маш их гэмшиж байна. Б.С АТМ-ээс мөнгө авч чаддаггүй өмнө нь зөндөө зааж өгч байсан. Цалин нь буухаар надаар мөнгөө авахуулдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

3. Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би Б.В руу залгаад “би эгчийнд чинь өмдөө мартсан байна, очоод авчих уу” гэхэд Б.В зөвшөөрсөн. Би гэрт очоод “миний өмд хаана байгаа юм бэ” гэж асуухад Б.В “угаалгын машин дээр тавьсан байгаа” гэхээр нь очиж өмдөө авсан. Өмдний хажууд Б.Вгийн хар хөх өнгийн өвлийн куртик байхаар нь би энгэрийн халаасыг нь ухаж үзэхэд Б.Вгийн мөнгөлөг саарал өнгийн Хаан банкны карт нь байсан. Би Б.Вгийн картны кодыг хамт амьдарч байхдаа мэддэг байсан. Өмнө нь Б.В надад “картанд мөнгө байгаа” гэж хэлж байсныг санаад картыг нь авах санаа төрсөн. Би өмдөө аваад Б.Вгийн картыг гартаа бариад Б.Вг цааш явсан байх хойгуур нь гараад явсан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил тараад Их дэлгүүр дээр очоод Б.Б эгчийг дуудаад “та энэ картнаас мөнгө аваад өг” гэхэд “тэгье” гээд их дэлгүүр дотор байх Хаан банкны АТМ-ээс мөнгө авахуулсан. Б.Б эгч надад АТМ-ээс 1.300.000 төгрөгийг авч өгсөн. Би эгчид Б.Вгийн карт гэж хэлээгүй. Тухайн үед би Баянгол дүүргийн 7 дугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болчхоод Б.Вгийн картаас авсан мөнгөнөөсөө 300.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулаад үлдсэн 1 сая төгрөгийг өөрийн Төрийн банкны хадгаламжийн дансанд хийсэн. Би хэрэг хийсэн гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нөхөн төлнө. Миний Төрийн банкны дансанд 1 сая төгрөг нь байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

4. Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-31-р хуудас/,

5. Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 61-р хуудас/,

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч  нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 51 тоотод хохирогч Б.Вгийн  хамт байхдаа түүний куртикны халааснаас Хаан банкны виза картыг авч улмаар данснаас нь 1.310.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь хохирогч Б.Вгийн мэдүүлэг /хх-ийн 26-27, 34-35, 56 хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-31-р хуудас/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 61-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 62-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно. Шүүгдэгч нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн гадуур хувцасны халаасанд байсан Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Вд 1.310.000 төгрөгийг хохирол учирсан. Уг хохирлыг шүүгдэгч төлсөн нь хохирогч Б.Вгийн Баянгол дүүргийн  прокурорын газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч  хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005006901149 дугаар хэрэгт хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ