| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1313/э |
| Дугаар | 1320 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 1320
2020 07 20 2020/ШЦТ/1320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.А, Н.С нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, Н.С нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1515дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А, Н.С нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат өргөө” хотхоны 408 дугаар байрны гадна Д.Баттөрийн толгой, цээжин тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Н.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,[1]
Шүүгдэгч Г.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэрээсээ гарахдаа 0.75 литрийн “Болор” архи авч явсан гэсэн архи биш вино байсан. Анх дуудлаганд ирсэн 2 цагдаа хүртэл мэдэж байгаа. Би дэлгүүр ороод гадаа сууж байтал Баттөр гарч ирээд манай дүүг хэл амаар доромжлоод байсан гэсэн. Би тэр хооронд нь дэлгүүр орсон байсан. Дэлгүүр орчихоод гараад ирэхэд шууд өөдөөс хүрч ирээд намайг цохисон. Би цохиулчихаад цусаа гоожуулаад цаашаа яваад өгсөн. Тэр хооронд Н.С намайг өмөөрч зодолдсон. Тэгээд би цаашаа цусаа гайгүй болгоод хүрч ирээд салгаад нэг өшиглөсөн” гэх мэдүүлэг,[2]
Шүүгдэгч Н.Сийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Баганат өргөө” хотхоны гадна байх дэлгүүрээс /нэрийг нь мэдэхгүй/ нэг шил 0,5 литрийн Хараа архи аваад уг байрны гадаа сааданд хамаатны ах Г.Аын хамт хувааж уусан. Төд удалгүй дахин нэг шил архи авна гээд Г.А ах дэлгүүр орсон. Тэгээд Г.А дэлгүүрээс гарч явж байгаад хохирогч Баттөртэй маргалдаж улмаар бие биенийгээ 1-2 удаа нүүр хэсэгт нь цохиж байсан. Тэгээд Г.А ахын хамарнаас цус гараад цаашаагаа цусаа арчаад явсан. Тэгэхэд би явж очоод хохирогчийн нүүр хэсэгт нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг[3],
Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хамаатны дүү Н.Стой уулзсан. Тэгээд бид хоёр найз Анхаатай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Баганат өргөө” хотхоны гадна уулзаад, бид гурав 0,5 литрийн “Хараа архи” нэг шилийг хувааж уусан. Архиа ууж дуусгачихаад би дэлгүүр орж нэг шил архи авах гээд дэлгүүр орсон, харин Анхаа Н.С хоёр гадаа сууж байсан. Тэгээд би тус дэлгүүрийн хаалгаар гарч ирэхэд өөдөөс үл таних 45-50 орчим насны эрэгтэй гарч ирээд шууд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамарнаас цус гараад хойшоогоо ухраад цусаа арчаад тонгойсон. Тэгээд нэг харахад Н.С миний хамар луу цохисон гэх залуутай барьцалдаж аваад зодолдож байсан...” гэх мэдүүлэг[4],
Хохирогч Д.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Баганат өргөө” хотхоны 9-6 тоот болох өөрийн гэртээ 0,33 литрийн “Хараа” архи ганцаараа уусан. Тэгээд 19 цагийн үед би гэрээсээ гараад найз Дашаагийн гэрт очих гэж явсан. Гэрээсээ гарахдаа гэрт байсан 0,75 литрийн “Болор” архи нэг шилийг гялгар уутанд хийгээд аваад гарсан. Тэгээд гэрийнхээ хажууд алхаад явж байхад “Амар” дэлгүүрээс 25-35 орчим насны 2 үл таних залуу гарч ирсэн. Тухайн 2 залуу зөрөхдөө намайг мөрлөж улмаар ууттай барьж явсан архийг унагаж хагалсан. Би тухайн үед “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Би зөрүүлээд цохиход хажууд хараад зогсож байсан залуу орж ирээд намайг унагааж байгаад 2-уулаа дэвсэж өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг[5],
Гэрч Ц.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим ажил дээрээ байж байтал гадаа зодоон болоод байна хүмүүс шуугиад байхаар нь гарч харсан чинь миний танил Баттөр гэх залууг хоёр залуу зодож байсан.” гэх мэдүүлэг,[6]
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6429 дугаартай:
“1. Д.Баттөрийн биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулын дотор салстын язрал, зулгаралт, баруун доод 1-р шүдний сулрал, цээж, зүүн өвдөгт цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн сарвуу шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[7]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[8],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9],
Оршин суугаа хаягийн тодорхойлолт[10]
Шийтгэх тогтоолын хуулбар[11] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.А, Н.С нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат өргөө” хотхоны 408 дугаар байрны гадна Д.Баттөрийн толгой, цээжин тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Н.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх,[12]
Шүүгдэгч Г.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.С намайг өмөөрч зодолдсон. Тэгээд би цаашаа цусаа гайгүй болгоод хүрч ирээд салгаад нэг өшиглөсөн...” гэх,[13]
Шүүгдэгч Н.Сийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А дэлгүүрээс гарч явж байгаад хохирогч Баттөртэй маргалдаж улмаар бие биенийгээ 1-2 удаа нүүр хэсэгт нь цохиж байсан. Тэгэхэд би явж очоод хохирогчийн нүүр хэсэгт нь 1-2 удаа цохисон...” гэх[14],
Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.С миний хамар луу цохисон гэх залуутай барьцалдаж аваад зодолдож байсан...” гэх[15],
Хохирогч Д.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн 2 залуу зөрөхдөө намайг мөрлөж улмаар ууттай барьж явсан архийг унагаж хагалсан. Би тухайн үед “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Би зөрүүлээд цохиход хажууд хараад зогсож байсан залуу орж ирээд намайг унагааж байгаад 2-уулаа дэвсэж өшиглөж зодсон...” гэх[16],
Гэрч Ц.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний танил Баттөр гэх залууг хоёр залуу зодож байсан...” гэх мэдүүлгүүд,[17] Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6429 дугаартай дүгнэлт[18] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.А Н.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг, 2 дахь хэсэгт нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.А, Н.С нар нь бүлэглэн хохирогч Д.Баттөрийг зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Д.Баттөрд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6429 дугаартай дүгнэлтээр “зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулын дотор салстын язрал, зулгаралт, баруун доод 1-р шүдний сулрал, цээж, зүүн өвдөгт цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн сарвуу шилбэнд зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.А, Н.С нар нь хохирогч Д.Баттөрийн нүүр, цээжинд цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасны дагуу шүүгдэгч Г.А, Н.С нар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул байх тул хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.А, Н.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Баттөр нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.А, Н.С нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,
шүүгдэгч Г.А, Н.С нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Н.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.А, Н.С нарын үйлдэл оролцоог авч үзэхэд Н.С нь хохирогчид ихэнх гэмтлийг учруулсан байх боловч Г.А нь хохирогчтой маргааныг эхэлж үүсгэсэн байх бөгөөд Н.Соос насны хувьд ахмад, үүссэн маргаан зүй зохистойгоор шийдвэрлэх арга замыг илэрхийлээгүй, хохирогч Н.С нар хоорондоо зодоон үүсгэж байхад салгалгүй хамт нийлж, хохирогчид гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага, ялыг оногдууллаа.
Мөн шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч нарт 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Н.С нар нь оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Г.А, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.А, Н.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.А, Н.С нарт 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Н.С нар нь оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.А, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.А, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[6] Хавтас хэргийн 13 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 35, 40 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 37, 42 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 36, 41 дүгээр хуудас
[11] Хавтас хэргийн 46-47 дугаар хуудас
[12] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[13] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[14] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[17] Хавтас хэргийн 13 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас