Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 710

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Д.Н,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2008015430933 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Туулын 9 дүгээр гудамжны 6-179 тоотод иргэн Б.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний хамар хэсэгт духаараа мөргөж биед тархи доргилт, хамарт хаван цус хуралт, шалбаралт, хоолойд шалбаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөөний 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны ард такси дотор явж байхдаа иргэн Г.Эгийн Самсунг А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” зочид буудлаас иргэн А.Ныг унтаж байхад нь Самсунг А-50 загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр жирэмсэн. Би ажил хийж гэрээ авч явдаг тул хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Иргэн Г.Эгийн цагдаагийн байгууллагад 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 5-р хуудас/,

2. Хохирогч Г.Эгийн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөө 04 цагийн орчим өөрийн 00-00 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны хойд талаар явж байхад нэг залуу гар өргөхөөр нь аваад явсан. Тэгээд замдаа юм яриад танилцахад “Б.А гэдэг, 1992 онд төрсөн” гэх зэргээр өөрийгөө танилцуулсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн орчим явж байхдаа миний хажуугаар машин шахаж орж ирээд би цонхоо онгойлгоод хэрүүл хийж байгаад цонхоо хаасан. Тэгтэл миний хажууд сууж явсан залуу “би ингээд буулаа” гээд 1.000 төгрөг өгөөд буусан. Би цаашаа жоохон явж байгаад харахад миний машины голын хайрцагт байсан “Самсунг А-50” маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд би өнөө өглөө цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тайлангаар хулгайд алдсан гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 13-14-р хуудас/,

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25-р хуудас/,

5. Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 34 дүгээр байрны ард талаас такси бариад явж байгаад Цамбагаравын орчим замын цагдаагийн тэнд 1.000 төгрөг өгөөд буухдаа машины голын хайрцагийн хажууд байсан “Самсунг А-50” маркийн гар утсыг аваад буусан. Тухайн үед би гар утсаа гээгдүүлээд утасгүй болсон байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

6. Иргэн Б.Гын өргөдөл /хх-ийн 46-р хуудас/,

7. Хохирогч Б.Гын: “... 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр би гэртээ эхнэрийн хамт сууж байтал 17 цаг өнгөрч байхад Б.А нэг эрэгтэйн хамт манайд 0.5 граммын 2 шил архи барьж орж ирсэн. Тэгээд нэг шил архийг нь Б.А бид хоёр хувааж уугаад “би боллоо” гээд хэвтсэн. Б.А “босоод ир” гээд миний цамцны хоолойгоор хоолой боогоод босож ирээд намайг духаараа 2-3 удаа мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан юм шиг байна лээ. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Цэвэлмаа хэлэхдээ намайг дэвсээд байсан гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаа, эмч дуудсан гэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очоод сэргэсэн. Эмнэлэгт үзүүлээгүй эмчилгээ хийлгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

8. Гэрч Б.Цгийн: “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Г гэртээ байж байтал Б.А 0.5 граммын 2 шил “Хараа” нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд манай нөхөртэй хувааж уусан. Өмнө нь Б.А цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм байна лээ тэрийг нь бид хоёр мэдээд нэг удаа ирэхэд нь яв гээд хөөж байсан юм. Тэрийг Б.А яриад эхний архиа ууж дуусгаад “өмнө намайг гэрээсээ хөөж байсан биз дээ” гээд манай нөхөрт агсам тавьсан.  Эхлээд Б.А манай нөхрийг багалзуурдаад тэгээд духаараа манай нөхрийн толгой руу мөргөөд дээр нь гарч суучхаад балбаад байсан. Тэгээд би дундуур нь орж салаад авсан. Тэгсэн Б.А нэг шил архиа аваад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №5036 дугаартай: “...Б.Гын биед тархи доргилт, хамарт хаван цус хуралт, шалбаралт, хоолойд шалбаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндэд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/,

10. Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажлаа тараад Б.Г ахын гэрт очоод нэг шил архи хувааж уусан. Би ор руу түлхээд унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

11. Хохирогч А.Нын: “...Б.А, Н.Ш нар нь тухайн өдөр надтай хамт буудалд цуг архи уусан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагт сэрээд буцаж унтаад 11 цаг өнгөрч байхад сэрсэн. Буудлын ресепшнээс хамт байсан хүмүүсээ асуухад эрэгтэй нь 2 ширхэг гар утас барьчихсан “нэгийг нь ломбардад тавиад буудлын мөнгийг нь буцаж ирээд өгье” гэж хэлээд гараад явсан гэж хэлсэн. Би очоод Б.Агээс “гар утсаа авъя” гэхэд мэдэхгүй гээд байсан. Ботаникийн тэнд ломбардад 140.000 тавьсан. 2 хоногийн дараа авч өнгө гэж хэлсэн. “Самсунг А-50” загварын утас байсан юм. Гар утсаа буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-р хуудас/,

12. “Тод үнэлгээ” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээгээр “Самсунг А-50” загварын гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 120-р хуудас/,

13. Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Архины мөнгө олох гээд гар утсыг нь хулгайлсан. Насанбаярын гар утсыг авч байхад харсан хүн байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Г.Э, А.Н нарын “Самсунг А-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 6-179 тоотод иргэн Б.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний хамар хэсэгт духаараа мөргөж биед тархи доргилт, хамарт хаван цус хуралт, шалбаралт, хоолойд шалбаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Гын өргөдөл /хх-ийн 46-р хуудас/, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Б.Цгийн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №5036 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/, шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

- 2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөөний 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны ард такси дотор явж байхдаа иргэн Г.Эгийн Самсун А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Эгийн цагдаагийн байгууллагад 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдөл /хх-ийн 5-р хуудас/, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 13-14-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25-р хуудас/, шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

- 2020 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” зочид буудлаас иргэн А.Ныг унтаж байхад нь Самсунг А-50 загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Нын мэдүүлэг /хх-ийн 105-р хуудас/, “Тод үнэлгээ” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 120-р хуудас/, шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал болон өмчлөх эрхэнд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл, мөн бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Аг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Агээс нийт 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эд 550.000, А.Нт 550.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Гын биед хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Г нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзав.

Шүүхээс шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.А нь “хохиролоо төлөхөө илэрхийлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.А нь 2016 онд бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан боловч дахин 2020 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нийгэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдал байх тул түүнд шүүх хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008015430933 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агээс нийт 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Эд 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөг, хохирогч А.Нт 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг олгож, хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ