Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 709

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мд холбогдох эрүүгийн 2005000001086 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ЛАМ” хийдийн хашаан дотор иргэн Б.Мг өшиглөж, зодон эрүүл мэндэд нь баруун богтос ясны далд хугарал, дух, зүүн тохойны цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Мгийн: “...Мэдрээ над дээр ирээд 0.75 литрийн Монгол стандарт архи авчираад бид 2 хувааж уусан. Ингээд тэр архийг уучхаад би тасарсан. Тэгээд намайг хэн нэгэн өшиглөж зодоод байхаар нь сэрэхэд Мэдрээ миний дээрээс дэвсээд, өшиглөөд байсан. Би нэлээн согтолттой босох тэнхэлгүй зодуулаад байсан. Нэг мэдсэн чинь “ЛАМ” хийдийн хашаан дотор Мэдрээ намайг толгой нүүр рүү өшиглөөд цохиод зодож байсан ба би гараараа хаасан чинь өшиглөөд цохиод зодсон. Тэр үед би босох гээд босож чадахгүй байсан болохоор тэндээ шууд унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4, 49/

Шүүгдэгч Ш.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан тэгчилэн хийдийн төв хаалганы харалдаа урд талд саадан дотор “ЛАМ” хийдийн баруун талд байрлах тоглоомын талбайн хажууд сандал дээр сууж байгаад Б.М, Э, БА нарын хамт 2-3 шил архи хувааж уусан. Тэгээд Б.М надад агсам тавиад намайг сандал дээрээс түлхэж унагаагаад хүзүү боогоод нүүр рүү хоёр удаа цохисон. Тэр үед БА, Э хоёр салгасан. Тэгээд хэсэг байж байгаад Б.М бид хоёр эвлэрээд Э, БА хоёроос салаад “ЛАМ” хийдийн хашаа руу ороод унтах гээд хэвтэж байсан ба би тухайн үед тасраад унтчихсан. Тэр үед Б.М хэсэг хэвтэж байгаад цаашаагаа дахиж явчхаад байж байгаад буцаж ирээд намайг “архи ууя” гэж дуудаад “энд архи ууж байгаа хүн байна, хамт архи ууя” гээд байхаар нь би үгүй гэсэн чинь цаашаагаа дахиж яваад хэсэг байж байгаад ирэхдээ нэлээд согтчихсон ирсэн. Тэгээд намайг бос гээд орилоод байсан ба намайг унтуулж амраахгүй байсан болохоор гараараа нүүр рүү нь цохиод дугтарч унагаагаад нүүр рүү нь нэг цохиод өшиглөсөн. Тэр үед Б.М гараараа хааж байсан ба газар хэвтээд байхаар нь би цохихоо болиод хажуугаар нь хэвтсэн чинь орилоод агсрах гэхээр нь би жаахан зайдуу газар очоод унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №6554 дугаартай: “...Б.Мгийн биед баруун богтос ясны далд хугарал, дух, зүүн тохойны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.М нь хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ш.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ЛАМ” хийдийн хашаан дотор иргэн Б.Мг өшиглөж, зодон эрүүл мэндэд нь баруун богтос ясны далд хугарал, дух, зүүн тохойны цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Мгийн мэдүүлэг /хх-ийн 4, 49/, шүүгдэгч Ш.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №6554 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Ш.М нь хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.Мг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Ш.М нь хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.М нь хохирогч Б.Мд 350.000 төгрөг нөхөн төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Ш.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б.М нь “цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн байх тул тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ш.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ш.Мгийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000001086 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ