Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00076

 

                               “Си Би Эйч Кейр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00166 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Си Би Эйч Кейр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдох

“9.367.695 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд, Д.Тогтохбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд, Д.Тогтохбаяр, хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Си би эйч кейр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Мөнх-Эрдэнэ нь №14/18 дугаартай Борлуулагчийн гэрээ-г байгуулан 2014 оны 09 сарын 19-ны өдрөөс эхлэн Си би эйч кэйр ХХК-н Орхон аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байсан болно. Гэрээний дагуу борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцож, борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон: Улсын бүртгэлийн Г-2101004920 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 3-р гудамжны 32 тоот 630 м.кв талбай бүхий газар, Улсын бүртгэлийн Ү-2101012588 дугаарт бүртгэгдсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 3-р гудамжны 32 тоотод орших 63 м.кв талбайтай хувийн орон сууцыг тус тус барьцаалуулсан. Г.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 03 дугаар сард 488.255, 4 дүгээр сард 3.747.435, 5 дугаар сард 232.265 төгрөг, нийт 4.467.955 төгрөгний бараа, бэлэн мөнгөөр 4 дүгээр сард 645.605, 5 дугаар сард 343.540 төгрөг, нийт 989.075, зээлээр 1.875.510 бүгд 6.868.010 төгрөгний бараа, бэлэн мөнгөний өр, зөрчилтэй байсныг нь компанийн дотоод аудитын шалгалтаар тогтоосон юм. Г.Мөнх-Эрдэнээс түүнтэй байгуулсан Борлуулагчийн гэрээний 3.8 болон 3.12 дахь хэсэгт заасныг, мөн тус компанийн нягтлангийн тооцож гаргасан тооцоог тус тус үндэслэн: 1. Дутаасан бараа, бэлэн мөнгө болох 6.468.084 төгрөг, 2. зээлийн өр төлбөр 550.250 төгрөг, 3. алданги. 1.649.361 төгрөг, 4. Хууль зүйн туслалцаа хүсэж өмгөөлөгчид төлсөн хөлс 700.000 төгрөг, бүгд 9.367.695 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээр дурьдсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээр тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон аудитын шалгалт тайлан үндэслэлгүй гарсан гэж өмнө нь тухайн компанид 2015.05.11-нд өргөдөл өгч байсан тэгэхэд өргөдлийг хүлээн авч хөндлөнгийн аудит хийлгэж асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлээд одоо болтол чимээгүй байна. Тухайн аудитын дүгнэлт нь намайг бараа дутаасан гэж үзэж байна. Би Бадамцэцэгээс бараа авч дэлгүүрт өгдөг. Тэр хооронд ямар ч дутагдал гаргаж байгаагүй. Харин Бадамцэцэг миний гарын үсгийг дуурайлган зурж тоог засаж компанитай тооцоо хийдэг байснаас энэ дутагдал гарсан гэж үзэж байна. Үүнийг одоо болтол шалгаж тогтоож өгөөгүй би дунд нь хохирч байгаа юм. Тиймээс аудитын шалгалтын материал доторхи 2015.04.14-ний бараа шилжүүлэх баримт дахь гарын үсэг, мөн тооллогын эх хувийн материалд засвар хийсэн зэрэг Бадамцэцэгийн хууль бус үйлдлүүд байдаг. Миний хувьд зээлийн 550 250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс 550 250 төгрөгийг гаргуулан Си би эйч кейр ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 817 445 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 164 833 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс 17 157 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хэрэгт хариуцагчийн хүсэлтээр, нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн Г.Мөнх-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтэрийг хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр, Ж.Мөнхсувд нар давж заалдсан гомдолдоо:

“Си Би Эйч кэйр” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт тус компанийн дотоод хяналтын албанаас шалгалт хийж, борлуулагч нарын тооцоог нэгтгэсэн байдаг ба Г.Мөнх-Эрдэнийн 2015 оны 01-ээс 5 сар хүртэлх хугацааны тооцоог нэгтгэсэн. Шалгалтын тооцоо нэгтгэж дүгнэсэн баримтуудыг хүлээн зөвшөөрч Г.Мөнх-Эрдэнэ гарын үсгээ өөрөө зурсан. Энэ байдлаа үгүйсгэж, маргадаггүй. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Г.Мөнх-Эрдэнэ дотоод хяналт шалгалтаар тогтоосон өөрт холбогдох зөрчлүүдийг мэдэж байсан, улмаар хүлээн зөвшөөрсөн нь түүний өөрийнх нь зурсан гарын үсгээр нотлогдоно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах, хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үнэлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотолсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, улмаар ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг үндэслэлээ болгож нэхэмжлэгчээс гарган өгсөн бичмэл нотлох баримтууд болон санхүүгийн анхан шатны баримтуудыг дахин нотлохгүй баримтууд биш, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын гаргасан тооцоо, дүгнэлт гэж логикийн илт алдаатай дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгон хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн бичмэл нотлох баримтууд, мөн санхүүгийн анхан шатны баримтууд нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудтай огт хамаагүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн "... зөвхөн нэхэмжлэгч байгууллагын гаргасан тооцоо дүгнэлтүүд юм...” гэж шийдвэрийн үндэслэлээ тодорхойлсон

Компани борлуулагч нарынхаа ажлыг шалгаж, зөрчил гаргасан тухайн холбогдох этгээдэд танилцуулсан, гарын үсэг зурсан тооцооны баримтууд нь нэхэмжлэгч л тооцоо хийсэн болохоор буруу, үндэслэлгүй байх уу? Дээр дурьдсан “....зөвхөн нэхэмжлэгч байгууллагын гаргасан тооцоо дүгнэлтүүд юм...” гэсэн дүгнэлт нь анхан шатны шүүх ерөөсөө л нэхэмжлэгч байгууллага тооцоогоо өөрөө гаргасан нь анхнаасаа үндэслэлгүй, буруу гэж дүгнэсэн нь урьдаас үнэн гэж тогтоогдсон нотлох баримт гэж байж болохгүй гэх нотлох баримт үнэлэхэд анхаарч баримтлах зарчмыг зөрчсөнийг харуулна.

Анхнаасаа л хязгаарлагдмал, нэг өнцгөөс хэргийн үйл баримтыг харж байгаа тохиолдолд шүүхээс бодит үнэнд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гарахгүй.

ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүи ’ гэж зааснаар бол нэхэмжлэгч байгууллагын шалгалтаар тогтоосон, хариуцагчийн гарын үсэгтэй тооцооны акт болон санхүүгийн анхан шатны баримтууд нь “анхнаасаа худлаа юм” гэдгийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон байх боломжгүй байна.

2015 оны 04 сарын 14-ний өдөр 4.030.000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн “Бараа шилжүүлэх зөвшөөрөл”-д зурсан гарын үсэг л хариуцагчийнх биш болох нь гарын үсгийн шинжилгээгээр тогтоогддог боловч тэрээр 2015 оны 04 сарын 14-ны өдрийн “Бараа шилжүүлэх зөвшөөрөл”-д бичигдсэн бохь, шоколад зэрэг барааг энэ өдрөө зарж, борлуулаад тооцоогоо хийгээд яваад байсныг нотолсон санхүүгийн анхан шатны баримтууд болон 4.030.000 төгрөгийн барааг складнаас хүлээн авсныг тооцож дүгнэсэн хариуцагчийн гарын үсэгтэй Тооцооны нэгтгэл хэрэгт байдаг бөгөөд гарын үсгээ зурснаа хариуцагч үгүйсгэж, маргадаггүй.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болж байх тул 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00166 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсаны үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Си Би Эйч Кейр” ХХК нь хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс дутаасан бараа, бэлэн мөнгө 6.468.084 төгрөг, зээлийн өр төлбөр 550.250 төгрөг, гэрээний дагуу алданги. 1.649.361 төгрөг, хууль зүйн туслалцаа өмгөөлөлийн хөлс 700.000 төгрөг бүгд 9.367.695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч тус компаний дотоодын аудитын гаргасан дүгнэлтийг  зөвшөөрөхгүй, харин зээлээр борлуулсан барааны үнэ 550.250 төгрөгийг төлнө үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Борлуулагчийн гэрээ байгуулж улмаар тус компаний борлуулагчаар 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан байна.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” гэж заасны дагуу дотоод аудитын шалгалтын тайлан, санхүүгийн анхан шатны бүртгэл болон тооцоо бодсон баримтуудыг ирүүлсэн ба шүүх “тус компаний аудитын шалгалтын тайлан нь бараа шилжүүлэх зөвшөөрөл, сар бүрийн тооллогын баримтуудад үндэслэсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу дахин нотлох баримт биш зөвхөн нэхэмжлэгч байгууллагын гаргасан тооцоо дүгнэлт юм” гэсэн дүгнэлт хийж хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 550.250 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх 8.817.445 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ тус компаний аудитын шалгалтын тайланд гарын үсэг зурсан боловч тэрээр уг шалгалтын тайланд тусгагдсан нийт 6.868.010 төгрөгийн бараа болон бэлэн мөнгөний баримтанд зурагдсан гарын үсгийг шинжлүүлэхээр хүсэлт гаргасан ба 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн № 7159 тоот шинжээчийн дүгнэлтээр “2014 оны 10 дугаар сарын 21, 11 дүгээр сарын 7,14, 20, 25, 12 дугаар сарын 3, 2015 оны 3, 4 дүгээр сарын 16-ны өдрүүдийн Бараа шилжүүлэх зөвшөөрөл гэсэн баримтанд зурагдсан гарын үсэг хариуцагч Г.Мөнх-Эрдэний гарын үсэг мөн, харин 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4.030.000 төгрөгний бараа шилжүүлэх зөвшөөрөл олгосон баримтанд бичигдсэн гарын үсэг хариуцагчийн зурсан гарын үсгийн загвартай тохирохгүй” гэж тогтоогдсон ба дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ борлуулагчаар ажиллаж байхдаа нийт 6.868.010 төгрөгийн бараа, бэлэн мөнгө дутагдуулсан болох нь санхүүгийн анхан шатны бүртгэл, бараа шилжүүлэх зөвшөөрлийн баримт, аудитын шалгалтын баримтаар тогтоогдсон хэдий ч хэрэгт авагдсан  “...4 030.000 төгрөгийн бараа шилжүүлэх зөвшөөрлийн баримтанд бичигдсэн гарын үсэг нь хариуцагчийн гарын үсгийн загвартай тохирохгүй...” гэж үзсэн шинжээчийн дүгнэлт болон хариуцагчийн гаргасан “...Бадамцэцэг нь миний гарын үсгийг дуурайлган зурж тоог засаж компанитай тооцоо хийдэг байсанаас дутагдал гарсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал няцааж чадаагүй байх тул хариуцагчийн дутаасан бараа мөнгөний үнийн дүнгээс 4.030.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан Борлуулагчийн гэрээний 3.12-д “... орлого тушаах үүргийг нэг удаад бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, дутуу тушаасан бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний дүнгийн 0.3 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дутагдуулсан үнийн дүнгээс тооцож алданги нэхэмжилсэн боловч алдангийг хэд хоногоор хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байх тул алданги 1.649.361 төгрөг, өмгөөлөлийн хөлс 700.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Талуудын байгуулсан гэрээний тохиролцоо, маргааны үйл явцаас дүгнэхэд хариуцагч нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг хариуцагчийн нэрийн өмнөөс гүйцэтгэн биелүүлэх, нэхэмжлэгч нь ажлын хөлс, урамшуулал төлөхөөр тохиролцсон байгаа нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан эрх зүйн харилцааг бий болгосон байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны харилцааг зохицуулсан хуулийн заалтыг зөвтгөж, хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс бараа, бэлэн мөнгөний дутагдал 2.438.084 төгрөг зээлээр өр төлбөр 550.250 төгрөг нийт 2.988.334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.379.361 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч компаниас шүүхэд ирүүлсэн 3 хавтас санхүүгийн анхан шатны бүртгэлийг баримтуудыг буцаан олгохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг нэгбүрчлэн дугаарлаж заасан ба хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шийдвэрт тусгаж өгнө үү гэж бичсэнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн журмаар барьцаа хөрөнгөнөөс төлбөрөө төлүүлэх боломжтой юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шаардлагын дагуу нотлох баримтанд буруу дүгнэлт хийсэн, хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00166 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс төлбөр 2.988.334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Си Би Эйч Кейр” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 6.379.361 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ”... хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс 17.157 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэснийг ”... хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс 62.763 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “...олгосугай” гэсний дараа “нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 3 хавтас бүхий санхүүгийн анхан шатны бүртгэлүүдийг нэхэмжлэгчид буцааж олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.030 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧИД                               Б.БАТТӨР

                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ