Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн М.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* С.Г-д холбогдох, аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Н би 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сургуулийн захирлын үүргийг тор орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар захирамжаар 12 жилийн 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд жинхлэн томилогдоод ажиллаж байтал аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/55 тоот захирамжаар ажлаас гэнэт үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхээр нэхэмжлэгчийн талд гарч би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар ажлаас хуульд заасан үндэслэлгүйгээр халагдсан. Дээрх хууль бус захирамж Захиргааны Ерөнхий хууль болон Боловсролын тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг тус тус зөрчсөн хууль бус захирамж юм. Иймд миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, аймгийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. ******* нь хууль бус захирамж гаргаж намайг ажлаас халсан гэж үзэж байгаа. Захирамжийн үндэслэх хэсэгт гурван зүйлийг тусгаж өгсөн. Нэгдүгээрт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэгт зааснаар Засаг даргын эрх хэмжээнд захирамж гаргана. Энэ нь хууль дүрмэнд нийцсэн байх ёстой. Энэ зүйлд нийцээгүй захирамж гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд хуулийг дээдлэх ёстой гэж заасан. Хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байгаа. Энэ зарчмыг зөрчсөн. Миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн захирамж гаргасан гэж үзэж байгаа. Мөн Бага дунд боловсролын тухай хуулийг зөрчсөн 23.1 дэх хэсгийг зааж өгсөн байгаа. Хуулийг хэрэгжүүлээгүй хүнд хариуцлага тооцох заалт байсан. Энэ хуулийг хэрхэн яаж зөрчсөн талаар тодорхой зааж өгөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дахь заалт нь хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа буюу хоёр ба түүнээс дээш албан үүргээ биелүүлсэн гэсэн заалтыг үндэслэсэн байгаа. Энэ заалт нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Төсвийн хуулийг зөрчсөнийг тогтоосон л гэнэ. Шалгалт хууль бус явчаад тогтоосон гэж ярих үндэслэл байхгүй. Би өөрөө үйлчилгээний албан хаагч. Төрийн албаны тухай хуулийн 5.1 дээр байж байгаа. Улс төр, захиргаа, үйлчилгээний, тусгай гэж байгаа. Төрийн албаны хуулийн 25.1.1 чинь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах гэж байгаа. Би төрийн жинхэнэ албан хаагч биш. Үйлчилгээний албан хаагч. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэлээр намайг ажлаас халсан нь өөрөө хууль зөрчсөн. Энэ захирамжийн аль нэг заалт хүчингүй болж байгаа тохиолдолд энэ захирамж өөрөө хүчингүй. Энэ зүйл тохирохгүй. 5.1.4 төрийн үйлчилгээний албан тушаал, 9.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа. 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна гэж заасан. Би хөдөлмөрийн гэрээг Боловсрол соёл урлагийн газрын даргатай байгуулж ажилладаг. Тиймээс энэ харилцаа хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан гэхдээ хуулийн зүйл заалтыг буруу ашигласан. Зөрчлийг элрүүлж, тогтоогоогүй байж захирамж гаргасан. Тэгэхээр ийм захирамжаар хүнийг хууль бусаар удаа дараа халж болохгүй. Иймд хуульд нийцээгүй захирамжаар хүний ажлаас халах үндэслэлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Э нь Боловсрол соёл, урлагын ахлах мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн захирал М.Н-ийн анхан шатны шүүх хуралд аймгийн ******* С.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа боловч 2018 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд АНУ-д сургалтанд суралцах шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул хариу тайлбар хүргүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Н нь Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 16 дугаар зүйлийн 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах; 16.5.7.байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т захирлын үүргийг хуульчилж өгсөн. Хуулийн 20.2.4.сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх, хуулийн 20.2.5.сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах үүрэгтэй байна. Гэтэл энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтаар санхүүгийн зөрчил илэрч 3.765.857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэх, 25.542.965 төгрөгийг багш, ажиллагсдад нөхөн олгохоор төлбөрийн акт тогтоосон байна. Санхүүгийн хяналтын аудитын албаны хяналт шалгалт хийсэн дүн, байгууллагын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24 тоот албан бичгийн дагуу Бага дунд боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж сургуулийн төсөв, санхүүгийн сахилга батыг алдагдуулсан Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал М.Н-г ажлаас нь халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Н Бага, дунд боловсролын тухай хуулийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санаатайгаар зөрчиж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, багш, ажилчдад олгох мөнгийг өөр зүйлд зарцуулж санхүүгийн зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдсон байгаа. Төсвийн тухай хуулийг зөрчсөн байгаа. Сургуулийн захирал нь тухайн сургуулийн санхүүг захиран зарцуулдаг хүн. Ийм эрхтэй, үүрэгтэй байж төсвийг үрэлгэн зарцуулдаг. Санхүүгийн сахилга бат алдагдуулсан байгаа. Бага, дунд боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийг зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байдаг. Энэ зөрчилтэй холбогдуулаад М.Н нь Сангийн яаманд хандсан. Сангийн яамнаас энэ шалгалт хуулийн дагуу хийгдсэн байна гэсэн хариу ирсэн байдаг. Тэгэхээр энэ бүх шалгалт хуулийн дагуу явагдаж эдгээр зөрчил илэрсэн.

Гуравдагч этгээд С.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Ц 48 настай багш, төрийн захиргааны менежир мэргэжилтэй. Аймгийн Засаг даргын тамгын газарт 2001 оноос тасралтгүй 18 дахь жилдээ ажилласан. Аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сард захирамж гарч Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байранд түр хугацаагаар томилогдсон. Захирамжид зааснаар хамт олны эв нэгдлийг ханган бүрдүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхүүлэх, сургалтын чанарыг ахиулах зэрэг үүрэг даалгавар авч ажиллаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн ******* 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Бага дунд боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, сургуулийн төсөв, санхүүгийн сахилга батыг алдагдуулсан Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал М.Н-г 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч М.Н нь 2014 оны 02 дугаар сарын 17-ний Б/24 дүгээр аймгийн Засаг даргын захирамжаар Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж 2015 оны 12 дугаар сарын 24-ний Б/83 дугаар захирамжаар жинхлэгдэн томилогдсон.

Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21-02/09/34 дугаар Санхүүгийн хяналт шалтгалт хийх удирдамжийн дагуу Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2015, 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулсан байна.

Санхүүгийн хяналт шалгалтаар Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал М.Н, нягтлан бодогч Х.Б нарт 2018 оны 04 дүгээр сарын 23-ны 21-03/02/10 дугаар Төлбөр хариуцуулах тухай актад 1.Хавсралтад дурдсан нэр бүхий 12 багш, албан хаагчдад илүү тооцож олгосон 723480-н төгрөгийг тухайн багш, албан хаагчдаар нөхөн төлүүлж..., 2.Хавсралтад дурдсан нэр бүхий 76-н багш, албан хаагчдад 25542965-н төгрөгийг байгууллагын төсвөөс гарган нөхөн олгож хариуг ...ирүүлэхийг сургуулийн захирал М.Н, нягтан бодогч Х.Б нарт хариуцуулав, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21-03/03/11 дугаар Төлбөр хариуцуулах тухай актад 1. Санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэж зориулалт бусаар зарцуулсан 2100.0 мянган төгрөгийг ... төлүүлэх талаар Улсын байцаагчийн акт тогтоосон. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай 06 дугаар танилцуулгад шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, зөрчигдсөн хууль тогтоомж авсан арга хэмжээ гээд 1...нэр бүхий багш нарыг илүү цагаар ажиллуулсан мэт баримт бүрдүүлэн илүү цагийн хөлс олгож төсвөөс 2100.0 мянган төгрөг зориулалт бусаар зарцуулсан, 2. 12 багш, албан хаагчдад 723480-н төгрөгийн ...илүү олгосон, 76 багш, албан хаагчдад 25542965-н төгрөгийн ...дутуу олгосон, 3. 8 дугаар сард ... гурван иргэний цалингаас тооцсон Нийгмийн даатгалын шимтгэлийг өндөр насны тэтгэвэрт гарч буй багш ...нар дээр нэмж тайлагнасан, 5. 2015-2017 онуудад сургалтын менежер П.Б, И.Х нийгмийн ажилтан С.У, нягтлан бодогч Х.Б, бичиг хэргийн ажилтан Б.А нарт сар болгон ур чадварын нэмэгдэлд үндсэн цалингийн 10-25%-иар тооцож цалин олгосон..., 6. Нягтлан бодогч Х.Б нь 2015-2017 онд Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдэл гэж нийт 942377 төгрөгийн нэмэгдэл цалин авсан байгаа зэрэг санхүүгийн зөрчил илэрсэн тул акт тогтоосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал гэж зааснаар сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалаас ялгаатай тал нь байгууллагын удирдлага хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байдаг, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд харьяалах дээд шатныхаа төсвийн захирагч буюу *******тай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг тул ******* болон сургуулийн захирал нарын хоорондын хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиар зохицуулахаар байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д төсвийн бусад байгааллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.2. батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, 16.5.4.төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 16.5.6.дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж зааснаар төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, төсвийн зарцуулалтад хяналт тавих, төсвийн талаар дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх, гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажлаас халахаар заасан. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, биелүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд: 4.2.сургуулийн жил бүрийн төсөв санхүүгийн хэрэгцээ, бүрдүүлэлт, зарцуулалтыг төлөвлөх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашиг, үр өгөөжтэй зарцуулах, 4.3.сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах зэрэг ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлсон байх тул зорилтын хүрээнд төсвийн шууд захирагч байгууллагын төсөв санхүү зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих, дотоод аудитын үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх боломж байсан байхад 2015, 2016, 2017 онуудад багш, ажилчдын амралтын мөнгийг илүү, дутуу бодож олгодог зөрчил нь дахин давтагдаж байгаа, илүү цагаар ажиллуулсан мэт баримт бүрдүүлж төсвийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Бага дунд боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5, 16.5.6, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.Н-ийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн ******* С.Г-д холбогдох, аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛБАДРАХ