Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0141

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “М” ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0272/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “М” ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл  дэх  Захиргааны  хэргийн  анхан  шатны  шүүхийн  2021  оны  11

дүгээр сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ ...“М” ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг дарга, Нийлэлийн Газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалтын мэргэжлийн зөвлөлд холбогдох “Нийслэлийн засаг дарга, Нийлэлийн Газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалтын мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.2. Шүүх Шийдэрийн Үндэслэх хэсэгтээ: Газрын дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөр төлсөн байдал нь газар эзэмшигчээс гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг хадгалах нөхцөл болохоос биш, дуусгавар болсон эрхийг гэрчилгээний хугацааг сунгах үндэслэл болохгүй, уг илүү төлсөн төлбөрийг буцаан авах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй юм.

3.3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр газар эзэмших хувийн хэргийг нотлох баримтаар татуулах хүсэлт гаргасныг хангаж уг баримтыг бүхэлд нь ирүүлэхээр шийдвэрлэсэн ч тус баримт бүхэлдээ ирээгүйгээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт, мөн өдрийн татвар төлсөн баримт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт 2021 оны 10 дугаар сарын 13-ны газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтууд ирээгүй, энэ талаар дээрх баримт бий эсэх талаар, мөн нотлох баримтууд дутуу ирснээс одоо тухайн баримтыг хэлэлцүүлэх боломжгүй байгаа шүүх хуралдаанд хангалттай яригдсан ч шүүх энэ баримтыг ирүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын даалгах хэсгийг хүчингүй болгосон нь буруу бөгөөд энэ нь газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот актаас гэрээ дүгнэгдэж сунгагдаж байгаа үйл баримт харагдана.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.”

3.5. Дээрх баримт нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт байсан тул түүнийг цуглуулж, үнэлэх үүргийг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

2.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь нийслэлийн Засаг дарга, Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “М” ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах”-аар маргасан байна.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино.” гэж тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн албан тушаалтан захиргааны хэрэгт хариуцагч байхаар хуульчилсан бөгөөд хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудаар хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино.

2.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүйд тооцуулахыг хүсэж анх хариуцагчаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийг татан оролцуулж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 7298 дугаар захирамжаар хариуцагчаас хассан боловч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаар оролцуулсан байгаа нь учир дутагдалтай болжээ.

2.4. Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Мэргэжлийн зөвлөл /комисс/-ийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” А/89 дүгээр захирамжаар тус нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар барилгажилтын асуудлыг судалж, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрэм бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд тус дүрмийн 2.1.2-т “... дүгнэлт зөвлөмж гаргаж нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлэх” чиг үүрэгтэйгээр ажилладаг тул анхан шатны шүүхийн “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн шийдвэр нь нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлэн авсны үндсэн дээр Засаг даргын нэрийн өмнөөс гарсан “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй боловч хариуцагчийг зөвөөр тодорхойлоогүй байна.

2.5. Мөн хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03-06/6715 албан бичгээр маргаан бүхий Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн гэх шийдвэр өгсөн байгаагаас үзвэл уг хэргийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар нийслэлийн Засаг дарга дангаар татагдан оролцохоор байхад анхан шатны шүүх шийдвэртээ Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийг татан оролцуулж дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон байна.

2.6. Үүнээс гадна анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн...”, 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй гэж үзлээ.

2.7. Учир нь нэхэмжлэгч “М” ХХК-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбайг нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар олгосон байна.

2.5. Ийнхүү нэхэмжлэгчээс 2021 он хүртэл жил бүр тус газрын төлбөрийг тушааж, “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” үйлдэж байсан боловч нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1/09 албан бичгээр Нийслэлийн Газрын албанд газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хүргүүлсэнд хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, газар ашиглах тухай гэрээг захиргааны байгууллага хэрхэн дүгнэж байсан эсэх нь тодорхойгүй буюу ямар захиргааны актыг улмаас нэхэмжлэгч нь тус газрыг 2021 он хүртэл ашиглаж байсан эсэх нь тогтоогдохгүй байхад “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “М” ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МөнхЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА