Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 712

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Эт холбогдох эрүүгийн 2005014011130 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 00-00  тоотод хамтран амьдрагч Т.Бы шилбэ рүү өшиглөж зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.Бы: “...2020 оны 03 дугаар сарын 26-нд манай найз Отгон гэрт ирээд, би нэг шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авсан. УР, Ч.Э бид нар уг архийг хувааж уусан. Тэгээд УР гараад гэр лүүгээ орсон. УР гэрт хүрээд ир гэхээр нь Отгон бид хоёр хамт УРгийн гэрт очоод нэг шил 0.75 архи уугаад байж байхад Ч.Э ирсэн. Тэгэхэд УРгийн хүүхэд яв гээд Ч.Э гэр лүүгээ явсан. Би араас нь гэрт ороход “УРгийн хүүхэд намайг хөөсөн” гээд маргалдсан. Тэгэхэд Ч.Э уурлаад миний хоёр шилбэ хэсэг рүү бакалтай хөлөөрөө хэд хэд зөндөө олон өшиглөсөн. Миний шилбэ шалбарсан байсан. Тэгээд би “хөл хугаллаа” гээд орон дээр гараад “одоо болио” гэхэд зодохоо больсон. Би гарч зугтах гэхээр гаргахгүй байсан. 2020 оны 03 дугаар сарын 28-нд өглөө ажилдаа яваад мах авчих гээд 20.000 төгрөг үлдээсэн. Тэгээд ажлаа хийж байгаад Ч.Э рүү ярихад архи уучихсан байсан. Би уурлаад “ажилд явах болгонд архи уух юм, хөл гэмтээчхээд” гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад дахин залгахад утсаа авахгүй байсан. Би хажуу айлынхаа найз руугаа залгаад “гэр ороод хараадахдаа Ч.Э байна уу” гэхэд “гэртээ согтуу галынхаа хажууд хэвтэж байна. Согтсон байна, галын хажууд дутуу шатсан мод байна” гэсэн. Би ажлаас гараад гэрт ирэхэд жаахан нуруу хуйхалсан, толгой авсан байсан. Би татаж сэрээгээд “гэр шатаалаа, гэр амархан шатдаг” гэхэд “ямар сүртэй юм” гээд намайг заамдаад галын таг аваад хоймор луу шидсэн. Тэгэхээр нь би зугтаж гараад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд эрүүлжүүлнэ гээд тэгээд бид нар хамт ирээд мэдүүлэг өгөхдөө “2020 оны 03 дугаар сарын 26-нд цохисон, өнөөдөр цохисон асуудал байхгүй, согтуу байхаар нь дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг өгсөн. Өмнө намайг зодож байсан. Би цагдаагийн байгууллагад гэрийн хаяагаар дуудлага өгч байсан. Ч.Э жилийн өмнө намайг зодсон гээд баривчилгаанд явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

2. Гэрч И.УРгийн: “...Т.Б, Ч.Э хоёр зургаан жил орчим хамт амьдарч байгаа. Манай хажуугийн 00-00  тоотод 2019 оны 6 дугаар сараас хойш амьдарч байгаа. Ч.Э манай хажууд амьдарснаас хойш 2020 оны гараад намайг Т.Б, Ч.Эт зодуулж байна гэж дуудсан. Намайг очиход Ч.Э, Т.Быг үсдээд зодож байсан. Тэгээд дахин 2020 оны 03 дугаар сарын 26-нд Т.Б хөл рүү өшиглүүлж зодуулсан гэсэн тэгээд би харахад хөл шилбэ хэсгээрээ хавдаж шалбарсан байсан. 2020 оны 03 дугаар сарын 28-нд Т.Б намайг гэр харчих гэхээр нь би гэрт очоод харахад Ч.Э галынхаа урд согтуу хэвтэж байсан. Хаалга нь онгорхой байсан. Тэгээд би Т.Б руу залгаад “танай хүн согтуу галынхаа урд хэвтэж байна” гэхэд Т.Б гэртээ ирсэн. Тэгээд Ч.Э согтуу зодох гээд дайраад байна цагдаа дуудчихлаа гээд хашаан дотроо зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №4293 дугаартай: “...Т.Бы биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шагайнд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Ч.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 00-00  тоотод хамтран амьдрагч Т.Бы шилбэ рүү өшиглөж зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Бы мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч И.УРгийн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №4293 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Э нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Т.Быг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бы биед хөнгөн гэмтэл учирсан боловч тэрээр “Ч.Этэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Ч.Э миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Ч.Эийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч Ч.Э хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005014011130 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ч.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ч.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ