Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          29                                   2020/ШЦТ/626

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч Н.М, Л.С /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Н.М,   Л.С нарт холбогдох эрүүгийн 2011 00000 0704 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Булнай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, 3 дугаар баг Улаантолгой 5-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,   Н.М /РД:  /,

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Дөрвөн сахиус” ХХК-д төмрийн худалдаа хийдэг ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 16-232 тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,   Л.С /РД:  /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “туслах замаас төв замруу урдуураа оруулаагүй” гэсэн шалтгааны улмаас иргэн Л.С-тай маргалдаж, улмаар гараараа болон чулуугаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө нуруу руу нь өшиглөж эрүүл мэндэд нь “дух, зүүн хацрын зулгаралт, хүзүү, баруун шууны зулгаралт, цус хуралт, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, язрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, язрал, зүүн тохой, сарвуу, зүүн дал, нурууны зулгаралт, зүүн шууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.С нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “туслах замаас төв замруу урдуураа оруулаагүй” гэсэн шалтгааны улмаас иргэн Н.М-тай маргалдаж, улмаар гараараа нүүр рүү нь, чулуугаар мөр рүү нь тус тус цохиж эрүүл мэндэд нь “хамрын баруун угалзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.М-гийн “...миний хамар руу нэг удаа цохиод авахаар нь би эргүүлээд нөгөө залууг 1 удаа цохиод авсан чинь намайг тэр залуу чулуугаар миний зүүн мөр орчимд цохиод авахаар нь би эргүүлээд эрүү орчимд нь цохисон... тэр залууг би туслах замаас төв замруу миний урдуур орох гэхэд нь оруулаагүй болохоор надтай муудалцсан байх гэж бодож байна... бид хоёр л зууралдаж нэг нэгнийгээ цохисон юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Хохирогч Л.С-ын “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим гэж бодож байна... Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад миний урд талд байсан машин удаан яваад байхаар нь би гэрлээрээ дохиод 1-2 удаа сигналдсан юм... намайг тэр залуу барьж аваад дахиад миний хоолойг боогоод миний баруун чихний ард гараараа цохисон юм. Би зөрүүлээд тэр залуугийн хамар хавьцаа 1 удаа цохисон бөгөөд тэр залуу чулуугаар миний уруул хэсэгт нэг удаа цохих үед ...би газарт унасан юм... миний нурууруу өшиглөөд байсан... уг машины жолооч намайг урдуураа оруулалгүй миний урд ороод маш удаан 5-10 км-ийн хурдтай яваад байхаар нь ...тэр машины жолоочийг яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд ...надтай муудалцсан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч С.Сарангоогийн “...манай нөхөр намайг өмөөрөөд нөгөө залуугийн хамар руу цохиод авсан чинь тэр залуугийн хамарнаас нь цус гарчихсан юм тэгтэл тэр залуу эргүүлээд манай нөхрийг 2-3 удаа нүүррүү нь цохиод авсан юм... үл таних залуу манай нөхрийн нүүрэн дундуур чулуугаар цохиод авахад манай нөхөр нүүрээ дараад газарт суухад үл таних залуу манай нөхрийн нүүррүү өшиглөөд авсан юм... туслах замаас эргэж орохдоо түүний араас сигналдсанаас болоод л тэр залуу машинтайгаа удаан яваад байснаас болж маргалдах болсон. Л.Сын биед уруулын зүүн дотор, гадна талд 7 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Б.Жадамбын “...Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт алаг тэрэгтэйгээ үүрэг гүйцэтгэн ажиллаад... төв замаар уруудаж явтал үл таних 2 цээж нүцгэн эрэгтэй хүн зам дагаад дээш өгсөж байсан... үл таних эрэгтэй хүмүүс рүү очиход намхан залуу нь газарт уначихсан харин өндөр нь намхан залуугийн толгойруу өшиглөсөн юм... зам тавьж өгсөн, өгөөгүй гэсэн шалтгаанаас болж хэрэлдээд муудалцсан юм шиг байна лээ...тэр хоёрын нүүр нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6707 дугаартай “...Н.М-гийн биед хамрын баруун угалзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6697 дугаартай дүгнэлт: “...Л.С-ын биед дух, зүүн хацрын зулгаралт, хүзүү, баруун шууны зулгаралт, цус хуралт, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, язрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, язрал, зүүн тохой, сарвуу, зүүн дал, нурууны зулгаралт, зүүн шууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.М-гийн “...бид хоёр л зууралдаж нэг нэгнийгээ цохисон юм... бид хоёр бие биенээсээ нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.С-ын “...Н.М-гийн биед учирсан гэмтлийг би учруулсан... Н.М гэх залуутай эвлэрсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 48- 50 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52, 63/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51, 61/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаар тогтоол /хх 123/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 125, 126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “туслах замаас төв замруу урдуураа оруулаагүй” гэсэн шалтгааны улмаас иргэн Л.С-тай маргалдаж, улмаар гараараа болон чулуугаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө нуруу руу нь өшиглөж эрүүл мэндэд нь “дух, зүүн хацрын зулгаралт, хүзүү, баруун шууны зулгаралт, цус хуралт, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, язрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, язрал, зүүн тохой, сарвуу, зүүн дал, нурууны зулгаралт, зүүн шууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.С нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “туслах замаас төв замруу урдуураа оруулаагүй” гэсэн шалтгааны улмаас иргэн Н.Мтай маргалдаж, улмаар гараараа нүүр рүү нь, чулуугаар мөр рүү нь тус тус цохиж эрүүл мэндэд нь “хамрын баруун угалзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Мгийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, хохирогч Л.С-ын мэдүүлэг /Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, гэрч С.Сарангоогийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.Жадамбын мэдүүлэг /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6707 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6697 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Мгийн “...бид хоёр л зууралдаж нэг нэгнийгээ цохисон юм... бид хоёр бие биенээсээ нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, шүүгдэгч Л.С-ын “...Н.Мгийн биед учирсан гэмтлийг би учруулсан... Н.М гэх залуутай эвлэрсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 48- 50 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Н.М, Л.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Л.С нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Н.М нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Бид эвлэрсэн...” гэх тул шүүгдэгч Л.Сыг бусдад төлөх төлбөргүй,

Хохирогч Л.С нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Бид эвлэрсэн..” гэх тул шүүгдэгч Н.Мг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.

Шүүгдэгч Н.М, Л.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Н.М,   Л.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Л.С нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Л.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Л.С нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.М, Л.С нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М, Л.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ