Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 627

 

 

 

 

 

 

 

 

  2020        07          29                                   2020/ШЦТ/627

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Э.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Э.Г-д холбогдох эрүүгийн 2011 00000 0476 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, жаргалант 3 гудамж 2 тоотод оршин суух хаягтай, урьд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан,   Э.Г /РД:  /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн үүрээр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Сод Монгол" шатахуун түгээх станцийн орчимд хохирогч Д.Түвшинтөгстэй уулзаж, муудалцан улмаар уруул хэсэгт нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Д.Түвшинтөгсийн “...Намайг нэг хүн зодсон бөгөөд миний уруулд учирсан гэмтлийг Э.Г гэх залуу цохиж учруулсан юм. Бид 2 эхлээд уулзаад маргалдаж байх хугацаанд бие биенээ түлхсэн зүйл болсон бөгөөд Э.Г хамаг байдгаараа надад наалдаад байсан учир би түүнийг заамдаад түлхсэн асуудал байдаг юм. Гантөмөр Аптангэрэл хаягтай залууг би түлхчихээд байж байхад Э.Г миний уруул хэсэгт цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 4931 дугаартай “...Д.Түвшинтөгсийн биед дээд, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадваралдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 71/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн үүрээр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Сод Монгол" шатахуун түгээх станцийн орчимд хохирогч Д.Түвшинтөгстэй уулзаж, муудалцан улмаар уруул хэсэгт нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Түвшинтөгсийн “...Намайг нэг хүн зодсон бөгөөд миний уруулд учирсан гэмтлийг Э.Г гэх залуу цохиж учруулсан юм. Бид 2 эхлээд уулзаад маргалдаж байх хугацаанд бие биенээ түлхсэн зүйл болсон бөгөөд Э.Г хамаг байдгаараа надад наалдаад байсан учир би түүнийг заамдаад түлхсэн асуудал байдаг юм. Гантөмөр Аптангэрэл хаягтай залууг би түлхчихээд байж байхад Э.Г миний уруул хэсэгт цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 4931 дугаартай “...Д.Түвшинтөгсийн биед дээд, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадваралдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Э.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч Д.Түвшинтөгс нь “...Э.Г гэх залууд гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Э.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ