Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 718

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бид холбогдох эрүүгийн 1905043101094 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн автомашины ил зогсоол дээр хамтран амьдрагч Б.Оийг зодож зүүн тохой, баруун бугалганд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт, зүүн дээд 5-р /25-р шүдний/ хугарал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Хохирогч Б.О нь эмнэлгийн гадаа машины хаалганаас зуураад байхаар нь 2 гар дээр  нь дараад түлхсэн, өөр зүйл болоогүй. Хохирогчид 2016 оноос хойш гарч хүрч байсан зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Оийн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Бтай хамт том хүү САыг үзүүлчихээд Эх нялхсын гадаа зогсоол дээр машин дотор Б.Бтай хүүхдийнхээ өвчний талаар маргалдсан. Тэгэхэд Б.Б “эрүүл хүүхдийг өвчтэй гээд эмнэлэгт үзүүлж байна” гээд бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд би уурлаад “хүүхдээ аваад явлаа” гээд машинаас буугаад тойрч ирээд хажуу талын суудал дээрээс хүүхдээ авах гэтэл машинаа дотроос нь түгжээд өгөхгүй гэхээр нь би уурлаад машиныг нь өшиглөхөд Б.Б гарч ирээд “машин эвдлээ чи” гээд намайг үсдээд зулгаагаад эрүү рүү цохиод би газар унахдаа замын хашлага мөргөөд ухаан алдаад унасан. Тэгээд би нэг мэдсэн Эх нялхсын яаралтай тусламжийн өрөөнд сэрсэн. Цагдаа нар ирээд Б.Бийг аваад явсан би хүүхдээ аваад буцаж цагдаагийн хэлтэс дээр ирж гомдол гаргасан. Манай том хүү Аутизм гэдэг өвчтэй болсон. Тэгээд тэр өдөр би хүүхдээ эмнэлэгт үзүүлээд гараад ирэхэд Б.Б ирсэн байсан. Урьд нь надад байнга гар хүрч байсан. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 07-нд гэртээ байхдаа намайг “оройн хоол хийлээ” гэх шалтгаанаар зодоод Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч бариулсан. Тэгээд шүүхээр 7 хоногийн хугацаатай баривчилсан. Би тэрнээс хойш 2 хүүхэдтэйгээ тусдаа байгаа. Би урьд нь 2016 онд Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулж 10 хоног хэвтсэн. Цагдаад гомдол гаргаж өгч байсан. Б.Б бид хоёр 2010 оны 6 дугаар сард танилцаад 11 сараас хамт амьдрах болсон. Дундаасаа 4 настай, 1 настай хоёр хүүхэдтэй. Гэр бүлийн баталгаа байхгүй. Би эхлээд 2019 оны 10 дугаар сарын 02-нд шүүх эмнэлэгт үзүүлээд хариу нь байцаагч дээр ирээгүй байсан.  Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 10-нд дахиж үзүүлээд дүгнэлт гаргуулсан байгаа. Эхний дүгнэлтэд эмчид шүдээ хэлэхэд гоёлын шүд гээд дүгнэлтэд оруулаагүй байсан. Дараагийн дүгнэлтэд шүдний эмнэлэгт үзүүлсэн баримтаа шүүх эмнэлэг дээр барьж очоод дүгнэлт гаргуулсан. Би эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12328 дугаартай: “...Б.Оийн биед зүүн тохойд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, дээд зүүн 5-р /25-р шүдний/ хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн материалаар хийсэн 706 дугаартай: “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11999 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12328 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.Оийн биед зүүн тохой, баруун бугалганд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, зүүн дээд 5-р /25р шүдний/ хугарал гэмтэл учирчээ. Б.Оийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Б.Оийн биед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-121-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн автомашины ил зогсоол дээр хамтран амьдрагч Б.Оийг зодож зүүн тохой, баруун бугалганд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт, зүүн дээд 5-р /25-р шүдний/ хугарал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12328 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн материалаар хийсэн 706 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-121-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Оийн биед хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.О нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч Б.Б хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905043101094 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ