Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1339

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

  2020            07            22                                       2020/ШЦТ/1339 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, 

Улсын яллагч Н.Гэрэлмаа,    

Шүүгдэгч Г.Хэ нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хэд холбогдох эрүүгийн 2006 01306 11312 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Г.Хэ нь гэртээ хардалтын улмаас хамтран амьдрагч Т.Мөнхгэрэлийн нүүрэнд гараараа цохиж, өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Г.Хэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хохирогчийг хоёр, гурван удаа алгадсан.” гэх мэдүүлэг ,

 

Шүүгдэгч Г.Хийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 11:00 цагийн үед эрүүлжүүлэх байрнаас хамтран амьдрагч Т.Мөнхгэрэл намайг ирж аваад хамт гараад гэртээ ирсэн. Гэртээ очиж хоол унд идчихээд Т.Мөнхгэрэл бид хоёр буцаж гараад дэлгүүр явж хүнсээ цуглуулаад 17:00 цагийн үед гэртээ эргэж ирсэн. Тэр үед би гарч дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,75 литрийн архи аваад хувааж ууж байхад Т.Мөнхгэрэл танай найзуудтай чамайг эрүүлжүүлэх байранд байх хугацаанд архи уусан гэж хэлсэн. Би тэр үед уурлаад Мөнхгэрэлийн нүүр хэсэгт нь 3 удаа алгадсан бөгөөд цааш унахдаа эрүүгээрээ шүүгээ мөргөж унасан...” гэх мэдүүлэг, 

 

Хохирогч Т.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн орой гэртээ байхдаа бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал миний хамтран амьдрагч Г.Хэ намайг хардаад зодсон. Тэр өдрийн өмнөх өдөр нь буюу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр миний хамтран амьдрагч Г.Хэ нь гэртээ ирэхгүй болохоор нь би яасан юм бол гэж бодоод найзуудынх нь гэрээр хайж очсон. Гэтэл миний хамтран амьдрагч нь эрүүлжүүлэх байранд орсон юм билээ, тэгээд би эрүүлжүүлэхээс авсан. Тэгээд орой нь архи уутал намайг тэрнээс болж зодсон. Тэгээд би тусламж хүсэх гэтэл миний амыг таглаад хоолойноос боогоод дуу гаргахгүй болгож байгаад зодсон. Тэгээд миний гар утсыг авчихаад хүүхэд рүүгээ хэлэх гэтэл хэлүүлэхгүй шөнөжингөө зодсон. Тэгээд би тусламж дуудаж чадаагүй ба нүүр ам руу гараараа цохиж дээрээс дэвсэж өшиглөсөн. Би гэтээд хүн дуудаж чадаагүй ба өнөөдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад явсан хойгуур нь нийтийн байрны хүмүүсээс тусламж хүсэж ээж рүүгээ хэлсэн. Тэгээд миний охин мэдээд ирсэн...” гэх мэдүүлэг , 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3008 дугаартай:

“1. Т.Мөнхгэрэлийн биед тархи доргилт, зүүн 5-р хавирганы хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун бугалга, мөр, зүүн бугалганы цус хуралт, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт , 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ,

Иргэний үнэмлэхийн лавлагаа , 

Шийтгэх тогтоолын хуулбарууд ,

Г.Хийн ялын тооцооны тодорхойлолт  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. 

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг  нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт 

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Хэ нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд Дарь-Эхийн 13-1139 тоот гэртээ хамтран амьдрагч Т.Мөнхгэрэлийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хардалтын улмаас түүний нүүрэнд гараараа цохиж, өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох: 

Шүүгдэгч Г.Хэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хохирогчийг хоёр, гурван удаа алгадсан.” гэх мэдүүлэг ,

Шүүгдэгч Г.Хийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Мөнхгэрэлийн нүүр хэсэгт нь 3 удаа алгадсан бөгөөд цааш унахдаа эрүүгээрээ шүүгээ мөргөж унасан...” гэх, 

Хохирогч Т.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд орой нь архи уутал намайг тэрнээс болж зодсон. Тэгээд би тусламж хүсэх гэтэл миний амыг таглаад хоолойноос боогоод дуу гаргахгүй болгож байгаад зодсон. Тэгээд миний гар утсыг авчихаад хүүхэд рүүгээ хэлэх гэтэл хэлүүлэхгүй шөнөжингөө зодсон. Тэгээд би тусламж дуудаж чадаагүй ба нүүр ам руу гараараа цохиж дээрээс дэвсэж өшиглөсөн...” гэх мэдүүлгүүд , Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3008 дугаартай дүгнэлт  зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан. 

 

Шүүгдэгч Г.Хэ нь хохирогч Т.Мөнхгэрэлийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Хохирогч Т.Мөнхгэрэлд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3008 дугаартай дүгнэлтээр “тархи доргилт, зүүн 5-р хавирганы хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун бугалга, мөр, зүүн бугалганы цус хуралт, баруун тохойн зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Г.Хэ нь хохирогч Т.Мөнхгэрэлийн нүүрэн тус газар нь цохисон, өшиглөсөн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан байдаг.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.

Шүүгдэгч Г.Хэ нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Т.Мөнхгэрэлийг бусадтай хардан зодож, харгис хэрцгий догшин авирлаж буюу түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, бусдаас тусламж хүсэхэд амыг таглаж хоолойноос боож, дуу гаргахгүй болгож, шөнөжингөө зодож тарчлаах шинжтэй үйлдэл хийснийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна. 

 

Иймд шүүгдэгч Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Т.Мөнхгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд “надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Хэ нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож, 

шүүгдэгч Г.Хэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан. 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд гэр бүлийн хамаарал бүхий Т.Мөнхгэрэлийг бусадтай хардаж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, уг гэмт хэргийг үйлдсэн арга хэлбэрийн хэрцгий догшин авирлаж, тарчлаах шинжтэй үйлдсэн байх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Хэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ялыг тооцоог гаргахад эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 26 хоног байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Хэд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоов. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 26 хоног хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу дүйцүүлэн тооцсон 3 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 26 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Хэд оногдуулсан 1 жил 11 сар 26 хоног хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Г.Хэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Хэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Г.Хэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Хэд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Хэд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хэд өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 26 хоног хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэн тооцсон 3 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 26 хоног хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Хэд оногдуулсан 1 жил 11 сар 26 хоног хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч Г.Хэ нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Хэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                 ДАРГАЛАГЧ, 

    ШҮҮГЧ          М.ТҮМЭННАСТ