Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 98

 

                                                            

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ө.Нарантуяа, М.Мөнхөө,

            Шүүгдэгч: Ж.Н, Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Жий Н, Т ургийн овогт Чы Ж нарт холбогдох эрүүгийн 2035000000083 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Жий Н, РД:ОО96101318.

Монгол Улсын иргэн, 1963 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Чы Ж, РД:ОО63080392.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Н, Ч.Ж нар нь бүлэглэн Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тахилгатын эх” гэх нэртэй газраас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зөвшөөрөлгүйгээр 2.83 метр куб бургас мод бэлтгэсэн, улмаар Ч.Жий эзэмшлийн “Тоёота хайс” маркийн 90-45 УВХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсний улмаас байгаль экологид 668.210 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.Н, Ч.Ж нар нь бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын: “...Хамтарсан шалгалт хийж яваад Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Ч.Жий гэрийн гаднаас нойтон бургас мод их хэмжээгээр бэлдсэн байсныг тодруулан шалгахад Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Ч.Ж, түүний хүү Ж.Н нар нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутаг “Тахилгатын эх” гэх газраас бургас мод бэлтгэсэн байсан. Уг бургас модыг Ч.Ж, Ж.Н нар нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бэлдэж Ч.Ж өөрийн эзэмшлийн “Тоёота хайс” маркийн 90-45 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж одоо хаваржиж байгаа гэрийнхээ гадна авч ирсэн байсан. ...Урд жилүүдэд 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд бургас мод бэлтгэх эрхийн бичиг өгдөг байсан. Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй байгаа учраас 6 дугаар сараас хойш хэрэгцээний бургас модны эрхийн бичиг өгөх гэж байгаа. Тухайн мод бэлтгэсэн Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутаг “Тахилгатын эх” гэх газар нь Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй газар нутаг, мөн тус газарт талбай тусгаарлалтын ажил хийгээгүй учир тухайн газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэхийг хориглодог” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37-р хуудас/,

 

2. Гэрч Ч.Б: “...манай гэр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт өвөлжиж байгаад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт өвөлжиж байсан хадам аав Ч.Жий хаварждаг газарт малаа төлүүлэхээр нүүж ирсэн юм. Манай хадам аав Ч.Жий гэрийн гадна бэлдсэн бургас модыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хадам аав Ч.Ж өөрийн хүү Ж.Нтай хамт Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багаас бэлдэж авсан мод юм. Тухайн үед хадам аав Ч.Ж өөрийнхөө эзэмшлийн 90-45 УВХ улсын дугаартай ачааны автомашинаар өөрийн хүү Ж.Нийн хамт явж бэлдсэн мод. Мод бэлдэх зорилго нь хадам аав Ч.Ж өөрийн хүү Ж.Ад гэр бүрэхээр бэлдсэн мод юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

 

3. Гэрч Б.Гийн: “Манайх 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хадам аав Жий хаваржаан дээр мал төллүүлэхээр нүүж ирсэн юм. Манайхыг нүүж ирэхээс өмнө хадам аав Ч.Ж, хадам дүү Ж.Н нар гэрийн бургас мод бэлтгэсэн байсан. Бургас мод бэлтгэх болсон шалтгаан нь манай нөхөр Ж.Дгийн төрсөн дүү Ж.Ад гэр бүрж өгөхөөр бэлдсэн мод юм. Хадам аав Ч.Ж, хадам дүү Ж.Н нарын бэлдсэн нойтон бургас модыг Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багаас бэлдсэн гэж хэлж байсан. ...Хадам аав Ч.Ж, хадам дүү Ж.Н нар бэлдсэн бургас модоо хадам аавын 90-45 УВХ улсын дугаартай жижиг ачааны машинаар ачиж ирсэн гэж сүүлд хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

 

4. Гэрч Ж.Цгийн: “...2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай аав Ч.Ж, бага хүү Ж.Нтай хамт хүү Ж.Ад ирэх зун гэр бүрж өгөхөөр болоод гэрийн мод бэлтгэх шаардлагатай болоод Увс аймгийн Сагил сумын 2 дугаар баг руу явж бургас мод тайрч авч ирсэн. Бэлдсэн бургас модоо аав Ч.Жий өөрийнх нь эзэмшлийн 90-45 УВХ улсын дугаартай цагаан өнгийн жижиг ачааны автомашинаар тээвэрлэж, гэрийнхээ гадна авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

 

5. Гэрч Н.Оы: “...2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Ч.Ж, хүү Ж.Н нар манай хүү Ж.Ад гэр бүрэхээр болж гэрийн хана, унь хийх модыг Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс тайрч бэлдсэн. Манай нөхөр Ч.Ж Увс аймгийн Улаангом сумын Байгаль хамгаалагч Даваа гэж хүнтэй уулзаж зөвшөөрлийн бичиг авах гэхэд нь мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг дууссан гэж хэлсэн гэсэн. Тэгээд бичиггүйгээр мод бэлтгэсэн юм. Бэлдсэн бургас модоо Ч.Ж өөрийнхөө ачааны 90-45 УВХ улсын дугаартай машинаар ачиж авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

 

6. 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн “Уг мод бэлтгэсэн N50025042.9, Е091054057.7 солбицолд орших газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сумын ИТХ-ын шийдвэрийн дагуу арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж болно. Мод нийтдээ 2.83 метр куб болж байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод бургас мод байна. Дээрх мод хэрэглээний мод байна. Уг мод нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 668.210 төгрөг болж байна” гэх 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/,

 

7. хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-10-р хуудас/,

 

8. модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17-р хуудас/,

 

9. эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21-р хуудас/

 

10. Шүүгдэгч Ж.Нийн яллагдагчаар өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт өөрийн гэртээ байж байтал 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай аав Ч.Ж нь Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тахилгатын эх” гэх газар бургас мод түүгээд тавьчихсан байгаа. Хамт очоод ачилцаад ирье гэсэн. ...аав Ч.Жий эзэмшлийн “Тоёота хайс” маркийн 90-45 УВХ улсын дугаартай автомашинаар тухайн Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэр “Тахилгатын эх” гэх газарлуу явсан. Тэгээд бэлдээд тавьчихсан нэг машин бургас модыг аав Ч.Жий хамт ачаад гэрийнх нь гадна ирээд буулгасан. Аав Ч.Ж болон надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй. Тухайн үед би мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй талаар мэдэж байсан. ...Манай төрсөн ах Ж.Ад гэр бүрэх зорилгоор гэрийн хана, унь хийх гэж тухайн бургас модыг манай аав Ч.Ж бэлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/,

 

11. Шүүгдэгч Ч.Жий яллагдагчаар өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тахилгатын эх” гэх газраас бургас мод бэлдэж тавьчихаад өөрийн бага хүү болох Ж.Нийг хамт очоод мод ачилцаад өгөөч гээд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тухайн бэлдсэн бургас модоо өөрийн эзэмшлийн “Тоёота хайс” маркийн 90-45 УВХ улсын дугаартай машинаараа тээвэрлэн өөрийн гэрийн гадаа буулгасан юм. Би тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Би өөрийн 5 дахь хүү болох Ж.А гэрийг бүрэх гэж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгоно.

            Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутаг “Тахилгатын эх” гэх газар нь Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй газар нутаг, мөн тус газарт талбай тусгаарлалтын ажил хийгээгүй учир тухайн газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэхийг хориглосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

            Иймд шүүгдэгч Ч.Ж, Ж.Н нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэв.

            Шүүгдэгч Ч.Ж, Ж.Н нарын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутаг “Тахилгатын эх” гэх газарт зөвшөөрөлгүйгээр 2.83 метр куб бургас мод бэлтгэж, экологи эдийн засагт 668.210 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа төдийгүй гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 668.210 /зургаан зуун жаран найман мянга хоёр зуун арав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/-ээр тогтоогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна.

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ 668.210х3=2.004.630 /хоёр сая дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөг бөгөөд үүнээс 668.210 төгрөгийг хохиролд тооцож, үлдэх 1.336.420 /нэг сая гурван зуун гучин зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг хор уршигт тооцно.

            Шүүгдэгч нар нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 668.210 төгрөгийг Увс аймгийн Сагил сумын Байгаль хамгаалах сангийн дансанд төрийн банкаар дамжуулан төлсөн нь “мөнгөн шилжүүлэг” гэх /хх-ийн 135-р хуудас/ баримтаар тогтоогдож байна. Иймд үлдэх 1.336.420 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Ж.Наас 668.210 төгрөг, Ч.Жээс 668.210 төгрөгийг тус тус гаргуулж заасан хугацаанд Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Ж.Н, Ч.Ж нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ж.Н, Ч.Ж нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол болох 668.210 төгрөг төлсөн, хор уршигт 1.336.420 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 90-45 УВХ улсын дугаартай “Тоёота хайс” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ч.Жгийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 117-р хуудас/, Увс аймгийн Автотээврийн төвийн 153 дугаартай албан бичиг /хх-ийн 119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Цагдаагийн газрын Сагил сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Мягмарсүрэнгийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн 90-45 УВХ улсын дугаартай “Тоёота хайс” маркийн тээврийн хэрэгсэл, мөн 427 ширхэг буюу 2.83 метр куб нойтон бургас модыг тус тус хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай сүх 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т ургийн овогт Жий Н, Т ургийн овогт Чы Ж нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Н, Ч.Ж нарт тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Н, Ч.Ж нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Наас 668.210 төгрөгийг, шүүгдэгч Ч.Жээс 668.210 төгрөгийг тус тус гаргуулан Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор олгосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 90-45 УВХ улсын дугаартай “Тоёота хайс” маркийн тээврийн хэрэгсэл, 427 ширхэг 2.83 метр куб нойтон бургас мод тус бүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

            7. Шүүгдэгч Ж.Н, Ч.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, Ч.Ж нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХСАЙХАН