Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 719

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2005000001125 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза дэлгүүрийн В1 давхарт иргэн Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хамар хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Бы: “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза төвийн В1 давхарт байрлах өөрийн түрээсэлдэг цаг засварын лангуун дээр сууж байхад 18 цагийн үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн цаг засуулах гэж ирсэн. Цагаа засуулж байсан эрэгтэй “цагны зай дутуу хийлээ” гэж уурласан. Би “цагаа ав” гээд өгсөн цаашаа хараад явахдаа над руу салаавч гаргасан тэгээд буцаж ирээд миний хамар луу 2 удаа цохиод хамраас цус гарсан. Тухайн үед уг залуу над руу дайраад байхаар нь би уг залуугийн ар хүзүү рүү нь нэг дуу түлхсэн. Тэгэхэд уг залуу тойрч лангуу руу орж ирээд хамар руу 2 удаа цохиж цус гаргасан. Тэгээд бид хоёр зууралдаж байхад хамгаалагч нар ирж салгасан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

2. Шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Цгийн хамт Гранд Плазагийн В1 давхарт байрлах цаг засдаг газар ханын цагаа залуулах гэж орсон. Цаг засварчин гэх эрэгтэй цагийг минь харж байгаад баттерэйны нэмэх хасахыг сольж хийчхээд дараад байсан. Би “наадах чинь туйл нь солигдчихжээ ахаа” гэсэн чинь “дуугүй бай, чамаар заалгах юм бол би энд ажиллах хэрэг юу байсан юм” гээд муухай хашгираад би цочоод тэр үед юм хэлээгүй өнгөрсөн. Тэгээд би ер нь цагаа засуулах гэж ирчхээд яагаад энэ хүнд загнуулах юм ёстой юм гэж бодоод “та ер нь яагаад намайг загнаад байгаа юм, үйлчлүүлэгчтэй зөв харьцаж болдоггүй юм уу” гэхэд тэр ах “солиороод бай, чамаар би ажлаа заалгах юм уу, май энийгээ аваад зайл” гээд цагийг маань лангуун дээр шидсэн. Тэгээд би загнуулаад явахдаа дунд хуруу гаргасан чинь тэр ах араас босч ирээд маргаан үүссэн. Тэгээд намайг тэр ах заамдаж авах гээд байхаар нь би нүүр рүү нь цаашаа болгох гээд 1 удаа түлхсэн. Тэгсэн тэр цаг засварчин ах миний зүүн чихний ар тал руу 1 удаа гараа зангидаад цохисон. Тэр үед эхнэртэйгээ хамт төв хаалгаар гарч яваад доромжлуулчхаад дээрээс нь цохиулчхаад явсан болохоор гомдолтой санагдаад тэр ахаар уучлалт гуйлгах гээд буцаад очсон. Тэгээд би очоод “та гараад ирээ, юунаас болоод маргалдсан талаараа хоёулаа ресейпшний хажууд хүн багатай юм тэнд очоод ярилцъя” гэхэд тэр ах “зайл” гээд гарахгүй байхаар нь би чирч гаргах гээд ноцолдож байгаад хацар рүү нь цохих гэж байсан чинь тэр ах эргэж хараад би хамар руу нь цохичихсон. Тэгээд хамраас нь цус гоожсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн №6883 дугаартай: “...Л.Бы биед хамар хянга ясны баруун хэсгийг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нураанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь дангаараа болон бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64-р хуудас/,

4. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/,

5. Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-18-р хуудас/,

6. Шүүгдэгч М.Б гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бы эмчилгээний зардалд нийт 10.000.000 төгрөг төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б нь хохирогч Л.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза дэлгүүрийн В1 давхарт иргэн Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хамар хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Бы мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/, шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн №6883 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-18-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч М.Б нь хохирогч Л.Бы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Бг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бы биед хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, эм, тариа худалдаж авсан зэрэг зардалд нийтдээ 2.998.340 төгрөг нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б нь хохирогч Л.Бд 10.000.000 төгрөг нөхөн төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч М.Бг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч М.Б хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.Бгийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000001125 дугаар хэрэгт хураагдсан 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт хураагдсан 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ