Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт Х-гийн Дд холбогдох 2035000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Хгийн Д, 1977 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ОА77061411.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Баруунтуруун сумын нэгдүгээр багийн нутагт өөрийн хашаандаа 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи ууж байсан Ц.Бтэй маргалдаж улмаар цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000098 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ц.Бийн “...Тэгээд Х.Д бид хоёр үлдэж нөгөө залуугийн авч ирж өгсөн архийг Х.Д задалж бид хоёр тэр архийг уугаад сууж байсан. Нэг мэдэхэд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн ба яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд бид хоёр гадна гараад ноцолдож байсан ба тухайн үед Х.Д чамайг муу алнаа гэж хэлээд өөрийнхөө гэр лүү гүйгээд орж буцаад гүйгээд гараад ирсэн ба гэрээсээ гарч ирж байхдаа хаалга онгорхой байсан учир гэрийн гэрэлд Х.Дгийн гарт гялтганасан юм харагдахаар нь би хутга юмуу, хайч аваад гарч ирж байгаа юм байна гэж бодоод харж зогсож байтал шууд миний баруун цээжний хөхний доод хэсгээр дүрээд авсан. Тухайн үед намайг хутгалсан гэж бодоогүй ба удалгүй миний цээж хэсгээр бүлээн юм оргиод цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би хувцас, цамцтайгаа давхар базаж гараараа цээжиндээ дарж шууд сумын эмнэлэг рүү гүйгээд орсон. ...Би уурлахаараа жаахан орон гаран болчихдог юм. Би Х.Дгийн гэрт байхдаа түүний толгой руу архи ууж байсан аягаар цохисон. Би тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Тэрнээс болж маргалдаж намайг хутгалсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

2. Гэрч Б.Пийн “...Тэр үед гаднаас Ц.Б гэдэг хүн Х.Дгийн гэрт согтуу орж ирэхээр нь би найз Х.Дд нэг шил “Ауруг” нэртэй 0,75 л архи, чихэр өгөөд “найз нь явлаа” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 31-ний өглөө Х.Дтэй утсаар ярьж “махаа чанасан уу” гэж асуухад найз нь цагдаа дээр байна, өчигдөр хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Намайг тэдний гэрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан зодоон гараагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

3. Гэрч Э.Бын “...ээлжинд гарч байтал манай эмнэлэг рүү цээжин тус газраа хутгалуулсан байдалтай архи үнэртүүлсэн хүн орж ирсэн. Тэгэхээр нь би шархыг нь үзэхэд цээжний баруун талдаа хөхний доод хэсгээр гүн урагдсан шархтай байхаар нь оёдол тавих шаардлагатай байна гэж үзээд ерөнхий эмч Анхбаяр гэдэг хүнийг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “...Үзүүлэгч Ц.Б-н биед гэмтэл учирсан байна. Цээжний баруун урд хэсэгт цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, зурагдсан зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Цээжний баруун урд хэсэгт цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх зурагдсан зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 367 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,

5. Шүүгдэгч Х.Дгийн яллагдагчаар өгсөн “...Энэ бол миний буруу, хийсэн үйлдлийнхээ бурууг ухамсарлаж ойлгон гэмшиж байна...” /хх-ийн 37-39-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ц.Бтэй маргалдаж түүний цээжин тус газар нэг удаа хутгаар хутгалсан гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Х.Д нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй хохирол, хор уршгийн талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч хохирогч нар эвлэрсэн болох нь хохирогч Ц.Бийн “миний хохирлыг Х.Д барагдуулж надад 350.000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Х.Д бид хоёр хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэгээр /хх-ийн 10-13-р хуудас/ тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Дгээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Н.Б-ын /хх-ийн 17-р хуудас/ мэдүүлэг, гэрч Б.Б-ын /хх-ийн 18-р хуудас/ мэдүүлэг, гэрч К.Б-гийн /хх-ийн 19-р хуудас/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д урьд нь ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цэнхэр алаг иштэй хутга, 1 ширхэг цагаан өнгийн шаазан аяга тус бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Хгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан Х.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цэнхэр алаг иштэй хутга, цагаан өнгийн шаазан аяга тус бүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН