| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0100/э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Тгийн Бт холбогдох 2035000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж байсан, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 266 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн ял нь өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж байсан, Б ургийн овогт Тгийн Б, регистрийн дугаар: ОО84110371.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутаг “Хар усан” гэх газраас 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 21-ний хооронд иргэн Ц.Цийн адуунаас иргэн Ц.Цийн хоёр тооны, иргэн А.Бийн нэг тооны адуу нийт 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000000089 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А.Бийн “...2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Ц нь адуунаасаа азарга барьж аваад бусад адууг бэлчээрт гаргасан. 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн үед байх Ц.Ц над руу залгаад адуу хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр адуугаа хайгаад олохгүй байж байгаад гэнэт сураг гараад 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн орчимд адуугаа Тэс сумын 8 дугаар багийн нутаг Гийгний ам гэх газрын доод талаас олж аваад бүртгэж үзэхэд миний бор хээр зүсмийн, им тамга байхгүй, эр даага, хоо зээрд зүсмийн охин даага, зөв гуяндаа мухар олом тамгатай, гурван настай хээр зүсмийн гүү, нийт гурван тооны адуу байхгүй байсан. Тэгээд бид хоёр уг гурван тооны адуугаа хайж эхэлсэн. Уг адуугаа Тэс сумын 8, 9, 10, 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр хайгаад олохгүй болохоор нь Ц “одоо хүмүүсийн адуу бүгд модон дотор байгаа, модноос гараад газрын цагаан дээр гарсны дараа бүх адууг шүүж үзье” гэж хэлээд эрлийн ажлаа зогсоосон. Тэгтэл 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Ц.Ц над руу залгаад нөгөө хулгайд алдсан чиний бор хээр зүсмийн даагыг зөв талд нь босоо буйл тамга дарсан байна. Э гэх хүний адуунд байна гэж хэлэхээр нь сумын төвөөс мотоцикльтэй гарч яваад Цийн байгаа газар очоод Ц.Цээс юу болсон талаар асуухад чиний бор хээр зүсмийн даагыг Э гэх хүний худ талын хүмүүс болох Өтөө, Б гэх хүмүүс авч ирээд тамга дараад адуундаа байлгаж байгаарай гэж хэлээд өгчихөөд явсан гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Өтөө гэх хүн дээр явж очоод Өтөөгөөс юу болсон талаар асуухад Б ах авч ирээд намайг хамт туугаад хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би хүргэж өгсөн. Ямар учиртай адуу болох талаараа Б өөрөө мэдэж байгаа гэсэн. Тэгээд бид хоёр Б гэх залуу дээр явж очоод адуу хулгайлж авсан талаар асуухад Б эхлээд аваагүй гэж байгаад Ц.Цийн нэг даагыг төлж өгнө, гүүг нь төлж чадахгүй гэж хэлэхээр нь цагдаад хандсан. Сүүлд нь буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний үед Б, Ц рүү залгаад таны гүү, даага хоёрыг тань төлж өгнө гээд орны нэг гүү, нэг даага өгсөн гэж надад хэлсэн. Уг хулгайд алдсан гурван тооны адуу нь ижлээсээ салж байгаагүй болохоор Б гэх хүнийг хулгайлж авсан гэж бодож байна. Мөн Б хулгайлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч Ц.Цийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
мөн хохирогч А.Бийн хохирогчоор дахин өгсөн: “Миний 1 тооны халтар зүсмийн даага хулгайлагдсан бөгөөд тухайн үед миний даага ижлээсээ тасардаггүй, эхээ хөхөж байсан даага юм. Би даагаа Э гэх айлын гадна тамгалчихсан байдалтай байхад нь очиж авсан. Надад гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй. Манай адуунууд нь 2020 оны 3 дугаар сарын 04-нөөс хойш хилийн 79 дүгээр баганаас дээш Хар ус гэх газрын хөвөө орчмоор байдаг. Мал байхгүй алга болчихсон байсныг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Гийгний ам гэх газраас олж авсан. Тухайн үед миний 1 даага байхгүй, Цийн 1 даага, 1 гүү алга болчихсон хулгайлагдсан байсан юм. ...Миний адуунууд Гийгний ам гэх газар луу явж идээшиж байгаагүй, хилийн торны ойролцоо идээшдэг мал яагаад голын урд талд модноос гарчихсан байсан болох нь тодорхойгүй байсан. Хилийн 79 дүгээр багана орчмоос Гийгний ам хүртэл 10 гаруй км газар байдаг. Би Б гэгчтэй адууг олж авсан айлд уулзсан юм. Б гэгч нь Эын гэрт аваачиж өгсөн байсан. ...Ц, Б нар уулзаад “Даага хаанаас авсан юм бэ?” гэж асуухад миний 3 морьтой нийлчихсэн байсан учраас би авчихсан гэж хэлсэн байсан. Миний даагыг Э гэгч нь тамгалсан байсан. Б гэгч нь тамгалаад хадгалж бай гэж хэлсэн байсан. Түүний дараагаар бид нар цагдаагийн байгууллагад хандсаны дараа Б нь өөрийн төрсөн ах Ёндонжамцын хүүхдээр хул зүсмийн гүү, халтар зүсмийн даагыг Цийн гэрт хүргүүлж хохирлыг төлж арилгуулсан байсан. Би гомдолгүй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
2. Хохирогч Ц.Цийн “...адуугаа хайгаад олохгүй байж байгаад гэнэт сураг гараад 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн орчим адуугаа Тэс сумын 8 дугаар багийн нутаг Гийгний ам гэх газрын доод талаас олж аваад бүртгэж үзэхэд миний зөв гуяндаа мухар олом тамгатай, гурван настай хээр зүсмийн 1 тооны хээлтэй гүү, ямар нэгэн им, тамгагүй хоо зээрд зүсмийн 1 тооны охин даага, А.Бийн им, тамгагүй, 1 тооны бор хээр зүсмийн эр даага алга байсан. ...Тэгтэл 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Э гэх хүний адуунд шүүж үзэхэд А.Бийн хулгайд алдсан гэх бор хээр зүсмийн эр даага адуун дотор нь байсан. Уг дааганы зөв талын гуян дээр нь босоо буйлан тамга дарсан байсан. Тэгээд би Эоос энэ адууг хаанаас, хэн авч ирж өгсөн талаар асуухад худ талын хүмүүс болох Б, Өтөө хоёр авч ирсэн өгсөн. Тухайн үед Б нь та энэ даагыг өөрийн тамга дараад адуундаа байлгаж байгаарай гэж хэлээд үлдээсэн гэж хэлэхээр нь сумын төвд байдаг А.Б рүү залгаад нөгөө хулгайд алдсан чиний бор хээр зүсмийн дааганы зөв талын гуян дээр нь босоо буйлан тамга дарсан байна. Э гэх хүний адуунд байна, хүрээд ир гэж хэлсэн. ...Өтөө гэх хүн дээр явж очиход Өтөө нь Б ах авч ирээд намайг хамт туугаад хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би хүргэж өгсөн. Ямар учиртай адуу болох талаараа Б өөрөө мэдэж байгаа гэсэн. Тэгээд бид хоёр Б гэх залуу дээр явж очоод яагаад адуу хулгайлж авсан талаар асуухад Б эхлээд аваагүй гэж байгаад би таны нэг даагыг төлж өгнө, гүүг нь төлж чадахгүй гэж хэлэхээр нь цагдаад хандсан. Сүүлд буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний үед Б “таны гүү, даага хоёрыг тань төлж өгнө” гээд нэг гүү, нэг даага өгсөн. Уг хулгайд алдагдсан гурван тооны адуу нь ижлээсээ салж байгаагүй болохоор Б гэх хүнийг хулгайлж авсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,
мөн хохирогч Ц.Цийн хохирогчоор дахин өгсөн: “...Б нь би бол хаашдаа явна, би чиний малыг төлөөд өгчихнө. Өтөө буюу түүний төрсөн дүү Батзаяа нь энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Өтөөг цагдаагаар шалгуулахгүй салгамаар байна гэж хэлсэн. Манай адуунууд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хилийн 79 дүгээр баганаас дээш Хар ус гэх газрын зүүн хөвөө орчмоор байсан. Мал байхгүй алга болчихсон байсныг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Гийгний ам гэх газраас олж авсан. Тухайн үед миний гүү, даага, А.Бийн 1 даага алга болчихсон байсан юмаа. Миний хээр зүсмийн гүү, хүрэн даага ижлээсээ салж байгаагүй, хүрэн даага нь эхээ хөхөж байсан даага юм. Эхээсээ салах ямар ч үндэслэл байхгүй, тухайн даага болон гүүг яалт ч үгүй хүн хулгайлж, салгаж туусан байсан. ...Яагаад ямар шалтгаанаар тамгалсан талаар хэлээгүй. Бодвол өөрийнхөө адуу гэж харагдуулах зорилгоор тамгалсан байх. Миний хээр гүү хурдан удмын адууны төл уралдаж байгаагүй, даага нь хурдан удмын даага бөгөөд уралдаж байгаагүй. Би урьд нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны үеэр Өтөө буюу Батзаяа, Б буюу Б нартай уулзаад би та хоёрыг авсан гэж хэлэхгүй, нэг шил архи уугаад салъя, адууг маань аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Б юун тийм зүйл байдаг юм бэ? юу гэж чиний адууг авдаг юм бэ? гэж хэлсэн. Сүүлд А.Бийн даагыг айлаас олоод Бг баригдахаар нь “би тухайн үед чамтай уулзаад хэлж байхад гаргаад өгчихгүй яасан юм бэ” гэхэд ямар нэг зүйл хэлээгүй, чимээгүй байгаад байсан. Би Бг миний адууг авсан учраас хохирол төлж өгч байгаа гэж бодож байгаа. Надад хөгшин нь 1 даага, 1 гүү явууллаа гэж хэлсэн. Чи авчихаач гэхээр нь би хохирол төлж байна гэж ойлгоод авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. Миний унаган адууг хулгайлсанд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
3. Гэрч Ц.Эын “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны үед Б буюу Б, Өтөө буюу Батзаяа нар нь бор хээр зүсмийн нас гүйцсэн морьтой, хар өнгийн эмээлтэй, Өтөө бараан зүсмийн морьтой явж байсан. Тэд нар бор хээр, эсхүл халтар ч гэж хэлмээр даага тууж ирсэн бөгөөд дааганд тухайн үед ямар нэгэн им, тамга байхгүй байсан. Б намайг гэрт байхад ирээд “эхээ хөхөөд болохгүй байна, миний адууг хэдэн өдөр хадгалж байгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүн бүл цөөтэй, наадах даагыг чинь яаж хадгалдаг юм бэ” гэхэд “та хадгалж байгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн даагыг аваад өөрийнхөө адуунд оруулаад хадгалж байсан юм. Б, Өтөө нар даага авч ирж байхад манай эхнэр гэртээ байсан. Харин би малаа эргүүлээд буцаж явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46-р хуудас/,
4. Гэрч Д.А-ын “...манай нөхөр Э буюу Каак нь гэртээ ирээд Б, Өтөө нар нь бор хээрдүү хүрэн зүсмийн им, тамгагүй даага авч ирээд “эхээ хөхөөд байна, хадгалаад өгөөч гээд нэг даага авчирахаар нь би адуундаа нийлүүлчихлээ. Тэд нар гэрлүүгээ явчихлаа” гэж хэлсэн. Яах гэж хүний мал авдаг юм, гүйгээд алга болчихвол яах юм гэхэд харин таньдаг хүмүүс адуундаа тавиад өгөөч, эх нь унагалсан, шинэ унагатай, эхээ хөхөөд байна гэж хэлээд хэдэн хоног байлгаад өг гэж хэлсэн гэсэн. Түүний дараагаар хэд хоногийн дараа Ц ирээд танайд байгаа халтар зүсмийн даага манай даага байна гэхээр нь манай нөхөр Э Б, Өтөө нар авч ирж өгсөн гэж хэлсэн. Түүний дараа Өтөө гэгч ирээд тухайн халтар зүсмийн даагыг сумын төв рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
5. Гэрч Т.Бгийн “...2020 оны 4 дүгээр сарын эхээр Тэс сумын 8 дугаар багийн нутаг Шар модон гэх газарт өөрийн бор азаргатай адууг хайж явахад манай төрсөн ах Т.Б өөрийн бор хээр зүсмийн 10 гаруй насны адууг унасан өөрийнхөө муу эмээл, хазаартай явж надтай таарсан. Би таараад “миний адуу хаана байна” гэж асуухад Шар модонд байна гэж хэлсэн. Б буюу төрсөн ах Б миний адуунд даага байна, түүнийг баримаар байна гэхээр нь би ажилтай яарч явсан учраас чадахгүй гэж хэлээд унагалах гэж байсан гүүгээ харчихаад буцаад гэртээ ирээд байж байтал Б нь өөрийнхөө бор хээр зүсмийн адуутай, халтар зүсмийн даага хөтөлчихсөн байдалтай хүрээд ирсэн юм. Би ямар учиртай даага болох талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлэхгүй, чамд хамаагүй, энэ даага явахгүй байна, туулцаад хүргэлцээд өг гэж хэлсэн. Тэгээд надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд туулцахаар болсон. ...Тухайн бор хээр зүсмийн адууг Э гэх айлын гэрт хүргэж өгсөн бөгөөд Эт Б нь “тамгалаад хадгалж бай, дараа авна” гэж хэлсэн. ...Би Б буюу Бтэй хамт хулгай хийгээгүй, гурван тооны адуу хулгайлаагүй. Б өрөө авсан байх. Намайг “даага туулцаад өг” гээд гуйгаад байхаар нь би төрсөн ах гээд зөвшөөрөөд туулцаж Эын гэрт аваачсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-53-р хуудас/,
6. Гэрч Т.Бгийн “...Би Б мал хулгайлсан талаар мэдэх зүйл байхгүй. Сүүлд өөрийнхөө адуунаас хоёр тооны адууг хохирогчид өгсөн гэж ярьсан. Ямар учраас хохирол төлсөн талаар мэдэхгүй байна. Бт 10 гаруй настай хээр зүсмийн морь байдаг. Манай ах дүү нарын адуунууд хамт байгаа бөгөөд одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
7. Гэрч Т.Ё-ын “...Би Б-г бусдын мал хулгайлсан талаар мэдээгүй. Сүүлд Б буюу төрсөн дүү Б гар утсаар яриад та миний адуунаас 2 адууг бариад Ч /Ц/ гэх хүнд хүргээд өгчих надаас адуугаа нэхээд байна гэж хэлсэн. Тэгээд би Бгийн адуунаас хул зүсмийн гүү, хээр даагыг Ч гэх хүнд аваачиж өгсөн. Б хүргээд өгчих гэхээр нь хүргэж өгсөн. Би Б гэгчтэй хамт бусдын мал хулгайлсан зүйл байхгүй. Б өөрөө авсан байх. Б бусдын адууг хулгайлсан талаар мэдэхгүй юм. 1 даага авсан, түүнтэй хамт 2 адуу байсан гэсэн. 1 хул морь, 2 даага байсан гээд 1 гүү, 1 даага нэхээд байна та миний адуунаас аваачаад өгчих гэж хэлсэн. Би тэр адууг нь авчихсан учраас хохиролыг нь төлж өгч байгаа юм байна гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/,
8. Мал үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “2020 оны 3 дугаар сарын байдлаар Увс аймгийн Тэс суманд 3 настай хээлтэй гүүний зах зээлийн үнэ цэнэ 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, эр/эм даага тус бүр нь 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг байсан болохыг тодорхойлов” гэх 127 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-р хуудас/,
9. Шүүгдэгч Т.Бийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 2 дугаар сарын сүүлээр “Цагаан сарын баяр”-ын үеэр Тэс сум руу ах дүү нартайгаа золголт хийхээр явсан юм. Тэгээд “Нарийны гол” гэх нэртэй газраас би хээр зүсмийн нэг гүү, зээрд зүсмийн нэг даага, хээр зүсмийн 1 даага, нийт 3 тооны адууг олон тооны адуунаас аваад Батдэлэгийн гэрийн ойролцоо аваачсан. Тухайн үед Батдэлэгийн гэр Их голын хөвөөнд байсан бөгөөд миний хулгайлж авсан 3 тооны адууны 2 тооны адуу болох хээр зүсмийн гүү, зээрд зүсмийн даага нь Өмхий гэх нэртэй Их голд байдаг урсгал ус руу унаад үхчихсэн байсан. Харин бор хээр зүсмийн даага байхаар нь би өөрийнхөө бор хээр зүсмийн нас гүйцсэн адуугаар туугаад сумын төвийн ойролцоо явж байхад манай төрсөн дүү Батзаяа таарсан бөгөөд ...надад туслаад хамт туулцаж Э гэгчтэй хөдөө уулзаад “энэ адууг адуундаа хадгалж бай, эхийгээ хөхөөд байна” гэж хэлсэн. Э надаас энэ хэний адуу юм гэж асуухаар нь би минийх гэж хэлсэн. ...Сүүлд намайг Тэс сумын нутагт байхад Б, Ц нар ирж уулзаад “миний адууг чи хулгайлсан байна” гэхээр нь би “нэг даагыг чинь манай адуунд байсныг Эын гэрт аваачаад харуулж байсан юм. Тэр даагыг чинь буцааж өгнө. Харин бусад 2 адууг чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандана гэж хэлсэн. Би сүүлд Ц гэгчид өөрийнхөө эзэмшлийн адуунаас хул зүсмийн гүү, хээр зүсмийн дааганы хамтаар өгч хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,
моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,
эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р хуудас,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 26-р хуудас/,
эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл, моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-31-р хуудас/ зэрэг болно.
Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн 127 дугаартай дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хохирогч А.Бийн бор хээр зүсмийн эр даага /1 тооны/, хохирогч Ц.Цийн мухар олом тамгатай, 3 настай хээр зүсмийн хээлтэй гүү /1 тооны/, хоо зээр зүсмийн охин даага /1 тооны/, нийт 3 тооны адууг өөрийн эзэмшлийн бор хээр зүсмийн нас гүйцсэн морийг уналга болгон ашиглан хулгайлж, бор хээр зүсмийн эр даагыг гэрч Ц.Эын адуунд хадгалуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэдэгт наймаг бог, 2 бод, түүнээс дээш малыг ойлгоно.” гэж хуульчлан тайлбарлажээ.
Тиймээс шүүгдэгч Т.Б нь бусдын 3 тооны адууг хулгайлсан нь дээрх хуульд заасанчлан олон тооны мал гэх ойлголтод хамаарч байна.
Мөн шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг хүсч үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул шүүгдэгч Т.Бийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цд 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч А.Бөд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч А.Бийн “...Ё-ын хүүхдээр хул зүсмийн гүү, халтар зүсмийн даагыг Ц нь гэртээ хүргүүлж хохирлоо төлүүлж арилгуулсан байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, хохирогч Ц.Цийн “...Одоо надад нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй. Миний унаган адууг хулгайлсанд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч А.Бөд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдааны товыг хүлээн авлаа. Хохирлоо барагдуулж авсан. Харин гомдолтой байна. Учир нь алга болсон малаа хайж явахад бензин хийж явсан зардал байгаа. Түүнийгээ нэхэмжилнэ” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар хохирогч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх” эрхтэй бөгөөд хохирогчийн хулгайд алдагдсан малын эрэл, хайгуулд зарцуулсан хөрөнгө нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцогдоно.
Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч нар нь өөрт учирсан гэм хор, хор уршгаа арилгуулах зорилгоор хулгайд алдагдсан малын эрэл, хайгуулд зарцуулсан зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулан, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаангүй, хохирол төлбөр төлөгдсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг хөнгөрүүлж, хуульд заасан ялын доод хэмжээгээр шийтгэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан нас гүйцсэн, бор хээр зүсмийн морь нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.Б-гийн “...Т.Б нь өөрийн бор хээр зүсмийн 10 гаруй насны адууг унасан, өөрийнхөө муу эмээл, хазаартай явж байхдаа надтай таарсан. Б буюу Б ах өөрийнхөө бор хээр зүсмийн адуутай, халтар зүсмийн даага хөтөлчихсөн байдалтай хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудасны ар талд/, гэрч Т.Батжаргалын “...Т.Б нь 10 гаруй настай, уналганы 1 тооны хээр зүсмийн морьтой” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/, гэрч Т.Б-ийн “...Миний төрсөн дүү Бт 1 уналганы 10 гаруй насны хээр зүсмийн морь байдаг. ...2020 оны 3, 4 дүгээр сард Б нь өөрийнхөө уналганы хээр зүсмийн нас гүйцсэн морьтой, түүнийгээ унаж ашиглаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудасны ар талд/-ээр шүүгдэгчийн эзэмшлийн морь болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан бор хээр зүсмийн нас гүйцсэн нэг тооны морийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Дээрх морийг хурааж улсын орлого болгосонтой холбоотойгоор Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг /хх-ийн 26-р хуудас/ хэвээр үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуучин орос эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг тус бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Тгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуучин орос эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан бор хээр зүсмийн нас гүйцсэн нэг тооны морийг хурааж улсын орлого болгосугай.
7. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч А.Б нь малын эрэл, хайгуулд зарцуулсан зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН