Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 08

 

 

Б.Алтангинжид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Алтангинжид холбогдох эрүүгийн 1736000000085 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Баатарын Алтангинж нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 14-ний өдрүүдэд Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг ”Хөх дэрс” гэх газраас хохирогч Д.Дамдинсүрэнгийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Алтангинжийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангинжийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангинжид оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангинжээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4050000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Алтангинжид оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Алтангинжийг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хэсэгчилэн төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч М.Мандалбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангинжээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 4050000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна хэмээн заасан байна.

Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь З.Идэрсүрэнгийн өмчлөлийн машин болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч Б.Алтангинжийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Алтангинж нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд  Ховд аймгийн  Буянт сумын Наранхайрхан багийн нутаг “ Хөх дэрс” гэдэг газраас хохирогч  Д.Дамдинсүрэнгийн 450000 төгрөгийн үнэ бүхий нэг тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Б.Алтангинжийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

            Шүүгдэгч Б.Алтангинж түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын “. . . Б.Алтангинжийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  ХОҮ 63-21 дугаартай, ” Mitsubishi canter “ маркийн тээврийн хэрэгсэл нь З.Идэрсүрэнгийн өмчлөлд байсан нь 01632548 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр  тогтоогдож байхад уг тээврийн хэрэгслийн үнийг Б.Алтангинжээс гаргуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна “ гэх давж заалдах гомдол гаргасныг  хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь:Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т “ гэмт хэрэг үйлдэж олсон  хөрөнгө орлого” гэж . . .гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгоно мөн зүйлийн 3-т “ хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ “ 7.5 дугаар зүйлийн 4-т “ гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнийг. . . гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар” тус тус заасан байна.

            Иймд Б.Алтангинжийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь З.Идэрсүрэнгийн эзэмшилд байсан учир тээврийн хэрэгслийг улсад хураалгүй түүний үнийг шүүгдэгч Б.Алтангинжээс гаргуулсан нь дээрх хуулийн заалттай нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Б.Алтангинж түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б.Алтангинж түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн 2017 оны 12 дугаар  сарын 18-ны  өдрийн 160  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Д.МӨНХӨӨ

          

Б.ДАМБА