Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0145

 

 

Ш.Я-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгч Ш.Янжин

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д олгосон 000015984 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00198 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/330 дугаар захирамжийн Н.А-т холбогдох хэсгийг, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 000058450 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 756 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.П,

Гуравдагч этгээд Н.А, түүний өмгөөлөгч А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0301/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Я нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д олгосон 000015984 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00198 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/330 дугаар захирамжийн Н.Алтанцэцэгт холбогдох хэсгийг, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 000058450 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3.2 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Баатархүүд олгосон 000015984 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00198 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/330 дугаар захирамжийн Н.А-т холбогдох хэсгийг, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 000058450 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ш.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эдараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, захиргааны үйл ажиллагаа шийдвэр нь зөвхөн хуульд нийцэж байх нөхцөлийг үндэслэл болгоогүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шийдвэрийг бүхэлд буюу шийдэлд нөлөөлсөн дараах үндэслэлүүдийг дурьдаж байна.

3.1.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дээрхээс үзвэл...Б.Б-ийн эзэмшлийн газрын эзэмших эрхийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний төрсөн эх болон эхнэр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд эхнэр Н.А-ийн өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах хүсэлт, холбогдох баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг 1 жилийн дараа олгох хуулиар тогтоосон хугацааг хангуулан олгосон, нотариатчаас олгосон энэ өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа, ийнхүү уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах эрхийг шилжүүлсэн захиргааны шийдвэр хууль зөрчөөгүй..." гэж дүгнэдэг.

3.1.2. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, үндэслэлээ "... газрын эрхийг өвлүүлэх гэрчилгээг болон түүнийг гаргасан нотариатчийн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгохоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг, өвлөх эрх хууль ёсны дагуу үүссэн эсэхийг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэний дараа энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэх...” захиргааны хэргийг шийдвэрлэхэд гуравдагч этгээд болон хариуцагч талаас "өвлөх эрхийн гэрчилгээ хуулийн хүчинтэй байгаа гэсэн" тайлбараар татгалзлынхаа үндэслэлийг илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдал байсныг тайлбарлаж байсан.

3.1.3. Гэтэл шүүх дээрх нөхцөлийг энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй гэж, маргаан бүхий асуудал нь тус тусдаа байна гэж, энэ хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй гэсэн үндэслэл агуулгаар хэрэгсэхгүй болгож, хүлээн аваагүй, мөн гомдол гаргах эрхгүйгээр 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6178 дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

3.1.4. Шүүх ийнхүү дүгнэлт хийсэн атлаа нотариатаас олгосон энэ өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа гэж дүгнэж, шийдвэрийн үндэслэлээ болгож байгаа нь үндэслэлгүй байна.

3.1.5. Талийгаач Б.Б-ийн эзэмшиж байсан газрын эрхийг өөр өвлөх эрх бүхий хүн байхгүй учир Н.А өвлөх эрхтэй гэж үзснээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгохоор маргаантай байгаа бөгөөд маргаантай нөхцөлийг үндэслэн, үүнийг хянуулах хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан.

3.1.6. Шүүгчийн захирамж болон шийдвэрийн үндэслэл дүгнэлт нь утга агуулга хоорондоо зөрчилдөж байгаад гомдолтой байгаа бөгөөд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байгаа ажиллагааг "шүүхийн шийдэрт нөлөөлсөн процессын ноцтой алдаа" гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэхүү алдааг засуулах арга хэмжээг авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

3.2. Шүүх “... Б.Б-ийн эзэмшиж байсан газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авах Н.А-ийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/330 дугаар захирамжид газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний эрхийг шилжүүлэх заалтыг баримтлан Б.Б-ийн эзэмшиж байсан газрын эрхийн гэрчилгээг Н.А-т шилжүүлсэн, ингэхдээ шилжүүлж буй гэрчилгээг эх хувиар байх бүрдүүлбэрийн шаардлагыг хангуулахаар өмнөх гэрчилгээг хүчингүй болгох замаар ийнхүү газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх ажиллагааг захиргааны байгууллага хийсэн байх тул “захиргааны байгууллагыг хууран нас барсан хүний нэрээр хүсэлт гаргасан гэж Н.А-ийг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй” гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3.2.1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газрын гэрчилгээний эрхийг шилжүүлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл нөхцөл байдалд хэрэгжих, 38.2-т заасан бүрдэл урьдач нөхцөл бүрдсэн эсэх, хуулийн шаардлага хангасан эсэх, 38.3-д заасан нөхцөл тодруулах ажиллагааг хийснээр шилжүүлэх эрх, гэрчилгээ, хүсэлт зэрэг хууль ёсны эсэхийг шалгах хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд шүүх дээрх нөхцөлд хууль зүйн хувьд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Газрын тухай хуулийн 38 дуаар зүйлд зааснаар хуулийн хүчинтэй байгаа, талуудын хүсэлтийг үндэслэн эрх шилжүүлэх харилцааг зохицуулахаар заажээ.

3.2.3. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж байгааг шүүхээр дүгнэлт хийлгэхийг хүссэн бөгөөд шүүх нас барсан хүний нэрээр хүсэлт гаргаж буй Н.А- ийн зөв гэж, түүнийг буруутгах үндэслэлгүй гэж, өөрөөр хэлбэл, нас барсан хүний Б.Б-ийн хүсэлтийг буюу Н.А-ийн хүсэл зоригийг захиргааны байгууллага хүлээн авч шийдвэрлэснийг хуульд нийцнэ гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

3.2.4. Захиргааны үйл ажиллагаа нь зөвхөн хуульд нийцсэн ,үнэн, бодит байдалд нийцсэн хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний эрх зүйн чадвартай этгээдээс гарсан хүсэлтэд үндэслэн хэрэгжих явагдаж эхлэх ёстой байтал шүүхийн энэхүү дүгнэлт нь нас барсан хүний өмнөөс хүсэлт гаргаж болно гэж хууль бус дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3.2.5. Тодруулбал, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “...Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ” гэсэнтэй зөрчилдөж байна.

3.3. Шүүх “...захиргааны байгууллагын тавьсан шаардлагаар Н.Ань нас барсан хүний нэрээр хүсэлтээ гаргасан, “нас барснаар эрх зүйн чадваргүй болсон байхад эрх олгож, үүрэг үүсгэсэн нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх нөхөн олгосон гэрчилгээ илт хууль бус гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл мөн тогтоогдохгүй, захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, нэр шилжүүлэх тохиолдолд өмнөх эрхийн гэрчилгээг эх хувиар хураан авах журмын заалтаа хэрэгжүүлсэн явдал байна” гэж дүгнэлт хийж, улмаар гээгдүүлсэн нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр “Б.Б-ийн эзэмших эрх бүхий 000595381 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн гэрчилгээг нас барсан Б.Б-ийн нэр дээр шинээр 000015984 дугаар гэрчилгээг гаргаж байгаа илт хууль бус захиргааны акт, үйл ажиллагаа”-г хууль ёсны байна гэж, Н.А болон захиргааны байгууллага журмын шаардлагын дагуу хүсэлтээ гаргаж, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж буруу дүгнэлтээр хэргийг шийдвэрлэлээ.

3.3.1. Шийдвэрийн дээрх дүгнэлтийн үндэслэл болоод байгаа журмын зорилго нь хүсэлтийг үнэн зөв бодит байдал, үндэслэл бүхий байхыг мөн захиргааны үйл ажиллагаа журамд заасан нөхцөлүүдийг шалган тогтоож ажиллагаа хийгдэхийг журамласан байхад нас барсан хүнд эрх олгосон гэрчилгээ, нас барсантай гэрээ байгуулж, эрх үүрэг үүсгээд байгаа харилцааг гэрчилгээний эх хувийг хураалгах гэсэн журмын шаардлага хангасан ажиллагаа гэж үзэх, захиргааны байгууллагын дээрх шийдвэр үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй юм.

3.3.2. Мөн "гээгдүүлсэн" гэдэгт гэрчилгээний эх хувь нь гэртээ байхыг, уг газар дээр нь амьдарч байгаа төрсөн ээж нь болох Ш.Я-д байгааг мэдсээр байж, түүнд мэдэгдэхгүйгээр гээгдүүлсэн гэж хүсэлт гаргасан, газрын эрхийг хууль бусаар өөрийн болгох гэсэн санаа зорилгоор хүсэлт гаргахыг ойлгохгүй бөгөөд Н.А нь эх хувь гэрчилгээг шударгаар хууль ёсны дагуу авах, хууль ëсны үйлдэл хийх, талийгаачийн хамт амьдарч байсан ээжтэй нь уулзаж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийн оронд "гээгдүүлсэн" гэж Өдрийн сонинд зар өгснөөр бодит байдлыг үгүйсгэхгуй юм.

3.3.3. Харин хариуцагч журамд заасан ажиллагааг хийгээгүй, огт шалгаагүй, орхигдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

3.3.4. Гуравдагч этгээд Н.А нь талийгч Б.Баатархүүг нас барсны дараа түүний өмнөөс “Б гэж гарын үсэг зурж, гэрчилгээний эх хувийг /гэрчилгээ эх хувиар нэхэмжлэгчид байсан, нотариатчид өвлөх эрхийн талаар хандаж байсан байхад/ гээгдүүлсэн гэж хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шийдвэрлэсэн нь энэхүү маргаан үүсэх шалтгаан үндэслэл болсон.

3.3.5. Тодруулбал, захиргааны байгууллагын хүсэлтийг болон үндэслэлийг шалгаж, тогтоох, бүрдүүлбэр бодит байдлыг нягтлах хянах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэв хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол, мөн нас барсан хoнд эрх олгож үүрэг хүлээлгэсэн шийдвэр нь гарсан цагаасаа эхлэн илт хууль бус байна. Мөн түүнд үндэслэн хийгдсэн бүх үйл ажиллагаа, шийдвэр нь мөн илт хууль бус хууль зүйн үйлчэлгүй байна.

3.3.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7 заасантай нийцэхгүй юм. Түүнчлэн шүүх захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, нөхөн олгох, нэр шилжүүлэх тохиолдолд өмнөх эрхийн гэрчилгээг эх хувиар хураан авах журмын заалтаа хэрэгжүүлсэн явдал гэж дүгнэдэг. Бодит байдал дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгчид эх хувиараа байсан бөгөөд Н.А нь нэг ч удаа Ш.Я-аас асууж лавлаагүй болохоо шүүх хуралдаан дээр өөрөө тайлбарладаг мөртлөө захиргааны байгууллагад гээгдүүлсэн гэж хүсэлт гаргадаг.

3.3.7. Мөн эх хувь гэрчилгээ гээгдээгүй бодит нөхцөл байдалд шүүхийн үзлэг хийсэн боловч шүүх энэ бодит байдлыг үнэлээгүй, орхигдуулж дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

3.4. Шүүх “...Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан зохицуулалт нь гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшиж байсан иргэн нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч хүсэлтээ гарган эзэмшиж байсан хугацааных нь үлдсэн хэсэгт үргэлжлүүлэн эзэмших эрхийг шилжүүлэн авах эдлэх агуулгатай”, “...тодорхой журмын дагуу олгогдсон газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх эрх л өвлөх эрхийн гэрчилгээний дагуу олгогдож байгаа гэж үзнэ” гэж дүгнэдэг.

3.4.1. Дээрх хуулийн заалт нь газар эзэмшигч нь нас барсан тохиолдолд тусгайлан заасан зохицуулалт байх ба иргэдийн хооронд үүссэн маргааны үндэслэл нь энэхүү хуульд заасан ажиллагаа байхгүй байхад бодит бус, хууль бус хүсэлт үндэслэлээр захиргааны байгууллага илт хууль бус шийдвэр гаргаж байгаа нь маргааны шалтгаан үндэслэл болоод байгаа.

3.4.2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/330 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Б-ээс Н.А-т газрын эрхийг шилжүүлсэн байдаг. Мөн хавтаст хэрэгт Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу гаргасан хүсэлт болон захиргааны үйл ажиллагаа байдаггүй.

3.4.3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хууль зөрчигдсөн нөхцөл бүрт хуульд нийцсэн нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийх, газар эзэмших эрхийг дуусгавар болгох, шилжүүлэх, эрх үүсгэх, хүсэлт гаргах, хүсэлт шийдвэрлэх, гэрээ байгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, гэрчилгээ олгох зэрэг тус бүрт дүгнэлт хийж, шударга хууль ёсны байх зарчмаар хэргийг шийдвэрлэнэ гэж итгэж, нэхэмжлэгчийн Газрын тухай хуульд зааснаар харилцаанд оролцох, хөрөнгө мөнгөө амьдарч байгаа газраа хуулийн дагуу амьдрах, газрын эрх хүсэх, мөн хууль ёсны дагуу хамт амьдарч байсан хүүгийнхээ нэр дээр шилжүүлж байсан газраа хүсэх, өвлөх эрхийн харилцааг хууль ёсны байхыг шаардаж, шүүхээр шийдвэрлүүлэх, түүнчлэн захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцэхгүй байгааг шүүхээр хянуулах зэрэг хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол нэхэмжлэгчид байгааг харгалзан хэргийг бүхэлд хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг олгож өгнө үү.

3.4.4. Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/27 дугаар тушаал гарсан болохыг анхан шатны шүүх хуралдаан дээр мэдсэн бөгөөд уг тушаалд холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргасан байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2.1. Нэхэмжлэгч Ш.Я нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д олгосон 000015984 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00198 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/330 дугаар захирамжийн Н.А-т холбогдох хэсгийг, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 000058450 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.2. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо шүүх хэргийн оролцогчийг маргах эрхээр хангаагүй, эргэлзээтэй баримтыг үнэлсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актад үндэслэл болсон газрын эрхийг өвлүүлэх гэрчилгээг болон түүнийг гаргасан нотариатчийн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгохоор явагдаж байгаа иргэний хэргийг шийдвэрлэгдэх хүртэл уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6178 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйг алдаа болсон гэж тайлбарлаж байна.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар гомдол гаргах эрх бүхий шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг заасан эсэхээс үл хамааран шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хуульд заасан хугацаанд гомдол гаргаж шийдвэрлүүлдэг.

2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус захирамжийг эс зөвшөөрч хэргийн оролцогчид аливаа гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байх тул энэхүү үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эргэлзээ бүхий нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

2.5. Маргааны үйл баримтын тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/558 дугаар захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 49-816 тоот хаягт байрлах 400 м.кв газрыг Б.Баатархүүд эзэмшүүлжээ. Үүний дараагаар Б.Баатархүү 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан тул дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/330 дугаар захирамжаар тухайн газрыг түүний эхнэр Н.А-т шилжүүлэн эзэмшүүлжээ.

2.6. Ийнхүү шилжүүлэхдээ гуравдагч этгээд Н.А-ээс хариуцагч захиргааны байгууллагад 255 тамганы дугаартай нотариатчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн болон нас барсны бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хавсарган газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасанд газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцээд зөвшөөрч маргаан бүхий А/330 дугаар захирамжийг гаргасан байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа явагдсан байна.

2.7. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.” гэж зааснаар Б.Б-ийн эхнэр Н.А-т түүний эзэмшиж байсан газрын эзэмшлийг өвлөх эрхийн дагуу шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтуудад үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

2.8. Гэхдээ нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д олгосон 000015984 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00198 дугаар газар эзэмшүүлэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргахдаа дээрх хүсэлтийг гуравдагч этгээд Н.А гаргахдаа Б.Б-г нас барсны дараагаар түүний өмнөөс гэрчилгээг гээж үрэгдүүлсэн хэмээн хүсэлт өгч газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин авсан нь үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байх ба хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй.

2.9. Тийм боловч анхан шатны шүүхийн “...захиргааны байгууллагыг хууран нас барсан хүний нэрээр хүсэлт гаргасан гэж Н.А-ийг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзлээ.

2.10. Учир нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д олгосон 000015984 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/558 дугаар захирамжийг үндэслэл болгон өгсөн буюу өмнө талийгчид газар эзэмшүүлсэн шийдвэр хэвээр үйлчилж байсан буюу тэрхүү харилцаа хэвээр үргэлжилсэн, харин тухайн эзэмших эрхийг нотлох үүрэг бүхий гэрчилгээг дахин авсан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

2.11. Нөгөөтэйгүүр Н.А маргаан бүхий газрын эзэмших эрхийг өвлөн авах эрх бүхий этгээд бөгөөд Б.Б нь гэрчилгээ дахин авах хүсэлт гаргах боломжгүй болсон тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч тухайн хүсэлтийг гаргасан байхад харшлах эрх зүйн зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       С.МөнхЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА