| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1118/э |
| Дугаар | 1340 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1340
2020 07 22 2020/ШЦТ/1340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Г.Ч, Л.М нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М, Г.Ч нарт холбогдох эрүүгийн 2006 01929 1034 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ч, Л.М нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдэлчин” зочид буудлын үүдний хэсэгт Ж.Бямбацэцэгийн халааснаас түүний эзэмшлийн “Хуавай ви-7” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 535,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Г.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хөдөө аж ахуйн яамны ойролцоох эгчийндээ Л.Мтай хамт орох гэж байсан. Би тухайн үед хулгай хийсэн гэдгийг нь мэдээгүй. Дараа нь мэдсэн” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Л.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр Г.Чтой хамт хүн дуудах гээд буудал руу орсон. Тэгээд үүдний рессепшинээс нь “305 тоотод байгаа хүн гарах болж байгаа юу” гэж асуутал гарах болоогүй байна гээд доошоо бууж харсан. Тэгтэл үүдэнд нэг эгчийн утас нь унах гээд халааснаасаа цухуйсан байсан. Тэгэхээр нь би Г.Чоор утсыг нь авахуулаад хамт гарсан” гэх мэдүүлэг,[2]
Шүүгдэгч Г.Чын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 сарын 13-ны өдөр “Нэгдэлчин” зочид буудалд хүн дуудах гэж ортол тэр хүн гарахгүй гээд байсан. Гэтэл Л.М намайг явъя гээд Монтел руу дагуулж явсан ба намайг такси дотор суулгаж байгаад өөрөө нэг газар луу ороод гарч ирэхдээ мөнгөтэй болсон байхаар нь бид 2 хамт багшийн дээдээс 0,75 литрийн “Хараа” архи авч уугаад надад 10,000 төгрөг өгөхөөр нь би Хөдөө аж ахуйн яам ороод орцонд хоноод хоол авч идэж архи авч уусан...” гэх мэдүүлэг[3],
Шүүгдэгч Л.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Чын хамт явж байгаад “Нэгдэлчин” зочид буудалд хүн дуудахаар ороод байж байтал нэг эгчийн халааснаас гар утас нь унах гээд байхаар нь аваад Монтел дээр очоод 100,000 төгрөгөөр үл таних хүнд зараад мөнгөөр нь Г.Ч бид 2 нийлж 1 шил 0,75 литрийн “Хараа” архи авч уугаад тасарсан байсан....” гэх мэдүүлэг[4],
Хохирогч Ж.Бямбацэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” зочид буудлын угтах үйлчилгээний хэсэгт халааснаасаа “Хуавей Ви-6” маркийн гар утас алдсан. Уг нь эцэгтэйгээ уулзахаар очсон юм. Миний эцэг “Нэгдэлчин” зочид буудалд хамгаалагч хийдэг юм. Угтах үйлчилгээн дээр танил Үүрээтэй ярилцаж зогсож байхад л хажууд хоёр хүн ирж зогссон. Муухай үнэртэй хүмүүс байсан. Тэр хоёр хүн миний хажууд ирж байж байгаад шууд гараад явсны дараахан би гар утсаа алдсан талаараа мэдсэн. Тэгээд залгахад дуудаж байгаад утас холбогдох боломжгүй болсон. Буудлын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд, миний зүүн халааснаас өндөр нуруулаг, хар өнгийн куртиктэй, масктай нь ирээд гар утсыг халааснаас авч байгаа бичлэг нь байсан...” гэх мэдүүлэг[5],
Хөрөнгийн үнэлгээний тайлан[6],
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,[7]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8],
Оршин суугаа газрын тодорхойлолт,[9]
Иргэний үнэмлэхийн лавлагаа,[10]
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл,[11]
Шийтгэх тогтоолын хуулбар[12] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Ч, Л.М нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдэлчин” зочид буудлын үүдний хэсэгт Ж.Бямбацэцэгийн халааснаас түүний эзэмшлийн “Хуавай ви-7” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 535,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Л.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Чын хамт явж байгаад “Нэгдэлчин” зочид буудалд хүн дуудахаар ороод байж байтал нэг эгчийн халааснаас нь гар утас нь унах гээд байхаар нь аваад Монтел дээр очоод 100,000 төгрөгөөр үл таних хүнд зараад мөнгөөр нь Г.Ч бид 2 нийлж 1 шил 0,75 литрийн “Хараа” архи авч уугаад тасарсан байсан...” гэх[13],
Хохирогч Ж.Бямбацэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буудлын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд миний зүүн халааснаас өндөр нуруулаг, хар өнгийн куртиктэй, масктай нь ирээд гар утсыг халааснаас авч байгаа бичлэг нь байсан...” гэх мэдүүлгүүд[14], Хөрөнгийн үнэлгээний тайлан[15], Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл[16] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокурорын газраас Г.Ч, Л.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Хуавай Ви-7” маркийн гар утасны үнэлгээ 669,000 төгрөг гарсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Ч, Л.М нар нь хохирогч Ж.Бямбацэцэгийн куртикний халааснаас 535,200 төгрөгийн үнэ бүхий “Хуавай Ви-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Ч, Л.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг” бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч хохирогч алдагдсан гар утсаа буцаан олж авсан гэх боловч хэрэгт энэ талаар баримт болон шүүгдэгч нар хохирол төлбөр төлсөн баримт авагдаагүй байхгүй байх тул шүүгдэгч нараас 535,200 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Ч, Л.М нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,
шүүгдэгч Г.Ч, Л.М нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил нээлттэй хорих байгууллагад ял оногдуулах, шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар нээлттэй хорих ангид ял оногдуулах нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, эсхүл мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү”, “Шүүгдэгч Г.Чод хөнгөн ял шийтгэл оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үйлдсэн 8 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ялыг нэмж нэгтгэн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нар нь бүлэглэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Харин түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Г.Ч, Л.М нарыг 2 жил хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Г.Чод Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамжаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял буюу 8 сар 8 хоног хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял буюу 2 жилийн хорих ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сар 8 хоног хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч, Л.М нарын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Чод оногдуулсан 2 жил 8 сар 8 хоног хорих ял, Л.Мт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ч, Л.М нарт холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Г.Ч, Л.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ч, Л.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Чод 2 жил хорих ял, Л.Мт 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Чод өмнөх Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамжаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сар 8 хоног хорих ялаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чод оногдуулсан 2 жил 8 сар 8 хоног хорих ял, Л.Мт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч, Л.М нарын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч, Л.М нараас 535,200 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Бямбацэцэгт олгосугай.
6. Шүүгдэгч Г.Ч, Л.М нарт холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ч, Л.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 100 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 105 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас
[7] Хавтас хэргийн 110 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас
[9] Хавтас хэргийн 17, 20 дугаар хуудас
[10] Хавтас хэргийн 19, 21 дүгээр хуудас
[11] Хавтас хэргийн 23-44 дүгээр хуудас,
[12] Хавтаст хэргийн 75-94 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 105 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас
[16] Хавтас хэргийн 110 дугаар хуудас