| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2020/0656/Э |
| Дугаар | 724 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 724
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,
улсын яллагч Б.Батнасан,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Б,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Л.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Б, Г.Т нарт холбогдох 2005016180848 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б, Г.Т нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ever green” /Эвэр грийн/ зочид буудлын 205 тоот өрөөнд хохирогч С.Бгийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A6 plus” /Самсунг А-6 плас/ маркийн гар утас, хохирогч Ө.Оын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawai Y7” /Хуавэй Вай-7/ маркийн гар утсыг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэхээр довтлон дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Тухайн үед найз охин маань “буудалд байна ирээд авчих” гэхээр нь очиж аваад бид нар манайд очиж хоносон. Маргааш нь “буудалд очиж хувцсаа авна” гэхээр нь бид нар хамт явсан. Буудал руу ороод гарч ирэхгүй удаад байхаар нь буудлын өрөө рүү араас нь ортол 2 ах байсан. Нэг ахыг нь цохиод гарахдаа утсыг нь аваад гарсан. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.
Шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч С.Бгийн: “...Өглөө 10 цагийн үед бид 2 унтаж байхад Бү үл таних эмэгтэйн хамт орж ирээд “манай найз банди согтуу байна, хувцсаа аваад явлаа” гээд гарахад зөрж үл таних 2 эрэгтэй орж ирэхэд Бү нөгөө 2 залууг аваад гарах гэсэн боловч уг 2 залуу “бид хоёртой уулзах хэрэг байна, янз бүрийн асуудал болохгүй” гээд 2 эмэгтэйг гаргаад хаалга түгжсэн. Намхан залуу нь намайг оронд хэвтэж байхад “манай найз охиныг яаж таньдаг юм, буудалд юу хийх гэж байсан юм” гэж асуухад нь би “ямар ч хамаарал байхгүй, Дорноговь аймгаас цуг ирээд очих газар байхгүй гээд байхаар нь цуг буудалд байрласан” гэж хэлсэн. Тэгтэл намайг “худлаа ярь” гээд шууд толгойн тус газарт цохиод байсан. Мөн шанаа руу цохиод байсан. Манай найз Ө.О цаанаас “Монгол хүмүүс байж хэл амаараа учраа олъё” гэхэд намхан залуу “дуугүй бай, би мэдэж байна” гэх мэтчилэн юм яриад байсан. Тэгээд намхан залуу нь өндөр залуудаа хандан “миний хутгыг аваад ир” гээд, миний гуя руу хутга шаачихъя гээд байсан. Тэгсэн өндөр залуу нь “яах юм бэ, гарахдаа дүрчихээд гаръя" гэсэн. Тэгээд миний толгой руу аяга, үнсний сав зэрэг зүйлсээр цохиод байсан. Ойролцоогоор 20-30 минут тиймэрхүү байдал үргэлжилсэн. Тэгээд намхан залуу нь орон дээр байсан rap утсыг минь шүүрч аваад надаас кодыг нь асуухаар нь би хэлж өгсөн. Тэгсэн хаалга тогших чимээ сонсоод нөгөө 2 залуу өрөөнөөс миний гар утас, манай найзын гар утас зэрэг эд зүйлийг аваад явсан... Миний утас хар өнгөтэй “Самсунг А-6 плас” маркийн гар утас...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
2. Хохирогч Ө.Оын: “...Бү хувцсаа авна гэж хэлээд бас нэг танихгүй охинтой хамт орж ирсэн. Тэгээд уутанд байсан хувцсаа С.Бгийн цүнхийг гуйж авч тэр нь дотор хийчихээд буцаад гараад явсан. Тэр хоёрыг гарахад үл таних 2 залуу зөрж орж ирээд намхан залуу нь “манай найз охинтой яах гэж ирсэн юм бэ” гээд С.Бд хандаж хэлсэн. Тэгснээ шууд С.Бг толгойн тус газар нь цохиод байсан. Намайг босох гэтэл намхан залуу нь “хутгална шүү” гээд байхаар нь би босч чадалгүй орондоо байж байсан. Тэгээд намхан залуу нь өндөр залуудаа хандаж “хутгаа гаргаад ир” гээд С.Бгийн гуя руу 2 шаачихъя гээд зодоод байсан. Ойролцоогоор 20-30 минутын турш С.Бгийн толгойн тус газар нь гараараа болон аяга, үнсний саваар цохиод байсан. Намайг өндөр залуу нь “түрийвчээ гаргаад ир” гэхээр нь “би босоод түрийвчээ машинаас аваад ирье, хоёулаа цугтаа гаръя” гэхэд өндөр залуу нь гарахгүй гээд байсан. Удалгүй хаалга тогштол өндөр залуу нь “та 2 утсаа гаргаад ир” гэхээр нь би өөрийнхөө цэнэглэж байсан утсыг зааж өгсөн, харин С.Бгийн утсыг орон дээрээс өндөр залуу нь авсан. Тэгээд бид хоёроор кодыг нь хэлүүлээд түгжээг нь тайлуулаад аваад гарсан... Миний утас хар өнгөтэй, “Хуавэй Вай-7” маркийн гар утас...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
3. Насанд хүрээгүй гэрч М.Бүын: “...О.Б, Г.Т нар 10 орчим минутын дараа гарч ирээд явъя гээд гарсан. Буудлын гадна гарсны дараа Г.Т нь надад хандаж “нөгөө хоёрын чинь гар утсыг нь авчихлаа” гэж хэлсэн. Нөгөө хоёр гэдэг нь С.Б, Ө.О нарыг хэлж байгаа юм. ...Таксинд суугаад О.Бын гэр лүү явах замд би арын суудалд Г.Т, На нартай сууж ирэх үед Г.Т нь 2 гар утас гаргаж ирсэн бөгөөд С.Б, Ө.О нарын гар утас мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,
4. Гар утасны бичлэг бүхий сиди-д үзлэг хийсэн тэмдэглэлээс: “...Нийт 8 минут 56 секундийн бичлэг байв. ...01 минут 40 секундэд хохирогч С.Бг О.Б нь хацар луу нь алгадаж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав. ...02 минут 02 секундэд хохирогч С.Б нь хоёр гараараа толгойгоо дарсан байдалтай, мөн үснээс нь нэг гар зулгаасан байдалтайг гэрэл зургаар харуулав. ...04 минут 50 секундэд хохирогч С.Бг О.Б нь үснээс нь дараад байж байгаа байдлыг сумаар зааж гэрэл зургаар харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 14-18-р хуудас/,
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс: “...С.Б нь миний гар утас дөрвөлжин шүүгээн дээр байсан гэх бөгөөд уг газрыг зааж байх тул гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 3-7-р хуудас/,
6. Шүүгдэгч Г.Тгээс “Самсунг А-6 плас”, “Хуавэй Вай-7” маркийн гар утаснуудыг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10- р хуудас/,
7. Хохирогч С.Бгийн “Самсунг А-6 плас” маркийн гар утсыг 320,000 төгрөгөөр, хохирогч Ө.Оын “Хуавэй Вай-7” маркийн гар утсыг 300,000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Кости Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11- ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-57-р хуудас/,
8. Шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Буудлын гадна ирээд эхэлж Бү, На нар машинаас буугаад буудал руу эхэлж орохоор нь Г.Т бид хоёр араас нь буудал руу орсон чинь Бүын орсон өрөөнд 30 гаран насны 2 эрэгтэй хүн байхаар нь Бүтай хардаад цаад талын орон дээр хэвтэж байсан эрэгтэйг гараараа толгой руу нь цохиж, хэл амаар айлгасан. Ингэж байгаад гарахдаа ширээн дээр байсан гар утсыг би авсан. Нөгөө гар утсыг Г.Т барьчихсан зогсож байсан. Г.Т бид хоёрт ямар нэг хутга байгаагүй юм. Бичлэг дээр хутганы талаар би ярьчихсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69- р хуудас/,
9. Шүүгдэгч Г.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Буудлын 2 давхар луу гарч 205 тоот өрөө рүү орсон чинь өрөөнд 2 эрэгтэй хүн 2 орон дээр хэвтэж байсан. Тэгтэл О.Б нь тухайн үед цаад талын орон дээр байсан эрэгтэйд хандаж “Дорноговийнхон хэн болсон юм” гэх мэтээр яриад надад “хутгаа аваад ир, хутга шаачихъя” гэхээр нь “хутгаар яах юм, гай болно” гэж хэлээд халаасандаа гараа хийгээд байсан. Ингээд О.Б нь цаад талын орон дээр хэвтэж байсан гар утсыг нь авч, би цэнэглэж байсан гар утсыг аваад гарцгаасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б, Г.Т нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Б, Г.Т нар нь бүлэглэн хохирогч нарын гар утсыг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэхээр довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, үйл баримтад, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч О.Б, Г.Т нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ever green” /Эвэр грийн/ зочид буудлын 205 тоот өрөөнд хохирогч С.Бгийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A6 plus” /Самсунг А-6 плас/ маркийн гар утас, хохирогч Ө.Оын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawai Y7” /Хуавэй Вай-7/ маркийн гар утсыг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэхээр довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч С.Бгийн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, хохирогч Ө.Оын мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Бүын мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/, гар утасны бичлэг бүхий сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7-р хуудас/, шүүгдэгч Г.Тгээс “Самсунг А-6 плас”, “Хуавэй Вай-7” маркийн гар утаснуудыг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10- р хуудас/, “Кости Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11- ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-57-р хуудас/, шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69- р хуудас/, шүүгдэгч Г.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч нар нь хохирогч С.Б, Ө.О нарын биед аяга, үнсний саваар цохих зэргээр хүч хэрэглэн халдаж зодсон байх ба, улмаар “гуя руу нь хутгаар хатгана, гарахдаа дүрчихээд гаръя” гэж хүйтэн зэвсэг хэрэглэхээр буюу хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд шүүгдэгч нарын хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Б, Г.Т нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Бгийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A6 plus” /Самсунг А-6 плас/ маркийн гар утас, хохирогч Ө.Оын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawai Y7” /Хуавэй Вай-7/ маркийн гар утсыг шүүгдэгч нараас хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн тул О.Б, Г.Т нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Б, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 2 жил 6 сар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Д.Б дүгнэлтдээ “Гэм буруу дээр маргахгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Тгийн өмгөөлөгч Л.Б“Шүүгдэгч Г.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол, төлбөргүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч О.Б, Г.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой ба, шүүгдэгч О.Б, Г.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хувийн байдлын тухайд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч О.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 854 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэлийн тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх ба уг хугацаа дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Харин шүүгдэгч Г.Т нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлага арга хэмжээ, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авагдсан хугацаанд дээрэмдэх гэмт хэрэг буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”
7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүг уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Тд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялын төрөл, хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Мөн шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба, шүүдэгч нарын хувийн байдал буюу урьд ял шийтгүүлж байсан байдал, засарч хүмүүжээгүй зэргийг харгалзан тэдэнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж, энэ талаар гаргасан өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
- Бусад асуудлаар: Эрүүгийн 2005016180848 дугаар хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.Б, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Б, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Г.Тг нарыг тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Тд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн буюу 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Тд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.Б, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б, Г.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ