Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 728

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бад холбогдох эрүүгийн 1805062371180 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театр дотор “утсаар чинь ярьчхаад өгье” гэж Ц.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Самсунг А7 маркийн гар утсыг нь залилан авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Бийн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн “Ц.Б.Ц” гэсэн хаягаас “УУУ” гэсэн хаягтай эрэгтэйтэй танилцаж фэйсбүүк чат бичдэг байсан. Тэгсэн чинь 2018 оны 12 дугаар сарын эхээр уулзъя гээд байхаар нь Өргөө кино театр дотор 20 цаг өнгөрч байхад уулзсан. Тэгээд уулзаад “юу хийж байгаа юм, хаачих гэж байгаа юм” гэх мэт юм яриад байж байхад тэр Улаакаа гэж танилцуулсан залуу найзтайгаа “писи тоглох гээд явж байна, манай найз ирж байгаа. Би хүлээж байна” гэж байсан. Тэгээд миний утсаар нэг яръя гээд ярьсан ба найз нь “25 дугаар эмийн сангаар өгсөж байна” гэж хэлсэн. Тэгээд 10 минут орчмын дараа дахиад нэг яръя гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсыг өгтөл “гадаа гарч ярьчхаад ороод ирье” гэж хэлсэн. Тэгээд 5 минут хүлээгээд орж ирэхгүй болохоор нь араас нь гарахад байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад хандсан байгаа. Тэр хүн 23-25 орчим насны 170 см орчин өндөртэй, хар цамцтай, хар өнгийн ээмэг 2 чихэндээ зүүсэн, батгатай нүүртэй, хар өнгийн хажуу тийшээ самнасан үстэй шиг санагдаж байна. Миний алдсан гар утас 2017 оны 11 дүгээр сард Тэди төвөөс 550.000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг А7 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

2. Гэрч Э.Агийн: “... Би Ц.Бийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын дотор хүнтэй уулзах гээд хүлээгээд байж байхад нөгөө хүн нь ирсэн. Ирээд танилцаад өөрийгөө УУ гэж хэлж байсан. УУ гэдэг залуу “манай найз 25 дугаар эмийн сангаас ирж байгаа гэж байна, утсаараа нэг яриулчихаач, миний утас унтарчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд Ц.Б өөрийнхөө Самсунг А7 маркийн ягаан өнгөтэй гар утсаа өгсөн. УУ гэдэг залуу хажууд нь эхлээд залгаж байгаад “утсаа авахгүй байна, гарч ярьчихаад ирье” гэж хэлээд гарч яваад иргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

3. “Ашид Билгүүн” ХХК-ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ- 720/341 дугаартай “...Хохирогч Ц.Бийн алдсан гэх Самсунг А-7 маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 31-33-р хуудас/,

4. Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц.Б гэх охинтой 2018 оны 11 дүгээр сард фэйсбүүк чатаар анх танилцсан. Танилцсанаас хойш 20 гаруй хоногийн хугацаанд хааяа нэг чаталж байгаад уулзахаар болсон. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өргөө кино театр дээр Ц.Бтэй уулзаад юм ярьж байгаад би өөрөө утасгүй байсан тул Ц.Бийн утсыг эхэлж нэг аваад найзтайгаа утсаар ярьсан. Тэгээд утсыг нь буцааж өгчихөөд жоохон сууж юм ярьж байгаад дахиад нэг найзтайгаа ярья гээд утсыг нь авсан. Утсыг нь аваад Өргөө кино театрын гадаа гарч ирээд ярьж байгаад утсыг нь аваад Бичил хороолол руу явсан. Бичилд очиж Г гэх тухайн үед танилцаад удаагүй байсан залуутай уулзаад Ггийн бичиг баримтаар модны 2-т байрлах нэрийг нь одоо санахгүй байна ломбардад 170.000 төгрөгийн барьцаанд тавиад утсыг нь эргүүлж аваагүй. Утсыг нь аваад явж байхад танихгүй дугаараас залгаад байхаар нь би утсыг нь унтраачихсан. Ц.Бийн утас Самсунг А7 маркийн гар утас байсан бөгөөд тухайн үедээ гадна талдаа ямар нэгэн кэйсгүй хар өнгийн гадартай байсан. ...Утсыг нь залилах болсон шалтгаан маань тухайн үедээ мөнгөгүй байсан учир залилж авсан. Мөнгөөрөө шоудаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

5. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/,

6. Хохирлын мөнгө хүлээлгэн өгч, хүлээн авсан тухай баримт /хх-ийн 43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Бад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театр дотор “утсаар чинь ярьчхаад өгье” гэж Ц.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Самсунг А7 маркийн гар утсыг нь залилан авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Бийн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч Э.Агийн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-720/341 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 31-33-р хуудас/, шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, худал амлах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.Б нь худал хэлж, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч, хохирогчийн гар утсыг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулсан, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бт 200.000 төгрөгийг хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Д.Б төлсөн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Бын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1805062371180 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ