| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0544/э |
| Дугаар | 522 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 522
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи
улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн И.Ц.М холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..оны ... сарын ...ны өдөр ... төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл, ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, И.Ц.М/РД:........
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт эй маргалдан нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж түүний биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 32 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Э.Г- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гүүрнээс ертөнцийн зүгээр хойшоо явах замд өөрийн эзэмшлийн 4453 УБК улсын дугаартай приус 20 маркийн машинтай хөдөлгөөнд оролцож байхад 3461 УББ гэх машинтай залуучууд борооны ус цацлаа гэх шалтгаанаар 2 залуу уг машинаас бууж ирэн гэрлэн дохио хүлээж байх зуур шууд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиж гэмтээсэн. Уг залуучууд миний нүүрэн тус газарт цохичихоод шууд зугтаасан.” гэсэн мэдүүлэг /хх-24-р тал/
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Яармагаас нөхөр 3 хүүхдийн хамтаар гэр лүүгээ харьж явсан. Тэгээд яармагийн гүүр өнгөрөөд явж байтал гэрлэн дохион дээр машинууд түгжрээд зогсцон байсан. Тэгээд явж байтал хойно явж байсан приуснээс нэг үл таних залуу бууж ирээд яаж яваад байгаа юм бэ? писда минь машин руу ус цацаад байна шд гэжхэлээд манай нөхрийн нүүр рүү цохиод эхэлсэн. Тэр үед нөхрийнхөө яг хажууд суугаад явж байсан. Тэгээд тухайн залуучуудад хандаж болиочээ, юу болоод байгаа юм бэ гэж хэлээд машинаас буух хооронд манай нөхрийг цохисон залуу зугтаад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-24-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9628 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Г-гийн биед биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 32 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-32-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад /хх-48-51/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, шүүхийн хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Г-тэй маргалдан нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж түүний биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 32 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Г эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 32 дугаар шүдний хугарал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.М түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Мгийн, хохирогч Э.Г биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Мд оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ц.Мд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн ......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.М бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И.Ц.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М- 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ