Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 742

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Н.Мөнхбат,

шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Өод холбогдох эрүүгийн 2005022501221 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудал дотор хохирогч Я.Б зодож, түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Я.Б:

“...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед У, Г бид 3 байрлаж байх Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Очир титэм” буудлаас гарч хороололд байх караокед орох замдаа Угийн танил гэх Г.Ө гэх хүн таараад бид 4 караокед орсон. Ороод 1 шил “Эдин” нэртэй 0,75 хэмжээ бүхий архи авч тэрийгээ хувааж уугаад 20 цагийн үед тус газраас гараад би буудал руу ганцаараа явсан. Буудалд ирээд удаагүй байж байтал 20 цаг 30 минутын орчимд Г, Уранзая, Г.Ө нар араас ирсэн. Буудалд бид 4 архи уугаагүй. 21 цагийн үед байсан байхаа Г буудлаас гараад явах үед Г.Ө гэх хүн уурлаад хэрүүл өдөж эхэлсэн. Тус хүн над руу дайрах гээд байхаар нь У, Г.Өод хандаж “чи яагаад байгаа юм, боль” гэсэн чинь Уг ор луу 2 удаа түлхэж унагаасан. Ширээн дээр байх дотроо архитай архины шилийг авч У руу шидсэн боловч Уг оноогүй. У айгаад өрөөнөөс гараад явсан чинь Г.Ө над руу ирж миний урд талаас миний хүзүүнд зүүлттэй байх гинжээр намайг боохоор нь би түүнд хандаж “ах нь бие муутай груптэй байдаг юм, би чамд гай болно шүү” гэж хэлсэн боловч тоогоогүй миний зүүн нүд рүү баруун гараараа намайг цохисон. Цохихоор нь би нүдээ дараад доошоо тонгойх явцад миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд хамраас цус их гарах үед Г.Ө гараад явсан. Тэр залууг гараад удаагүй байхад У ганцаараа орж ирсэн. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

2. Гэрч Л.Угийн:

“...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Титэм” зочид буудалд бид 4 орсон. Буудалд дөрвүүлээ ороод тэнд архи уугаагүй. Удалгүй Г найз буудлаас гараад явсан чинь Г.Ө уурлаад Я.Б ах бид 2-т агсам тавиад намайг ор луу түлхэж унагаад Я.Б ах руу дайраад шилтэй архи авч хана руу шидэх үед би айгаад буудлын өрөөнөөс гарч угтагч ахыг дуудахаар явсан. Би угтагч ахыг дуудаад өрөөнд орох гэж байх үед Г.Ө миний өөдөөс өрөөнөөс гарч ирсэн. Угтагч ах тэр залууг загнаад гаргах гээд аваад явсан. Би өрөөнд орох үед Я.Б ах зодуулчихсан хамраас нь цус гарчихсан, зүүн нүд хэсэг нь хавдчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7780 дугаартай:

“...Я.Б биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвах алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

4. Шүүгдэгч Г.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Би хохирогч Я.Бэс уучлалт гуйж эвлэрсэн. Мөн хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлүүлж, хохиролгүй болгож өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Өод холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ө нь хохирогч Я.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудал дотор хохирогч Я.Б зодож, түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Я.Б мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, гэрч Л.Угийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7780 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/, шүүгдэгч Г.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.Ө хохирогч Я.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Я.Б нь эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 620.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Г.Ө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Я.Бд 620.000 төгрөг өгсөн талаар хэн аль нь мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Өод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Өын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

-       Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005022501221 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өод оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

     

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ